Т.САЙХАН

Чуулганаар Ерөнхийлөгчийн 2021 оны төсвийн хуульд тавьсан хоригийг хэлэлцэн, хүлээн авсангүй.  Энэ үеэр МАН-ын зарим гишүүн Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан үгээ хэлсэн. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:-Ерөнхийлөгч төсөвт бүхэлд нь хориг тавьж ядмаг улс төр хийж байна. Иргэдээ, ААН-ээ аварч байна гээд улсаа алж болохгүй. Эдийн засгийн эрүүл мэнд гэдэг нь маш нарийн зүйл. Улс төрийн болон сэтгэлийн хөдлөл байж болохгүй.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: -Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах цаг хугацааны боломж байхгүй байна. Шаардлага цаг хугацаа, нөхцөл бүрдмэгц төсвийн тодотголыг хийнэ. 

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан: -Ерөнхийлөгчийн хоригт ажил хэрэгч саналууд байна лээ. Гэтэл зөвлөх Л.Болд сануулга гэх юм. Төсвийг дагаж гарах хоёр тогтоолын төсөлд Ерөнхийлөгчийн сануулгыг тусгах боломжтой. Шийдэл л яръя. Зовсон ард иргэдээ баярлуулан гомдоодог ийм л болчихлоо. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: -Хангалттай улстөржлөө. Өөрсдөө хоорондоо зөрчилтэй байж, ард түмнийг дэмжээч гэж хэлэх нь утгагүй. Нэг санаа бодолтой байцгаая.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: -Нөхцөл байдал хүнд байгааг ойлгож байгаа ч ирээдүйд чиглэсэн төсвийг батлах ёстой гэж боддог. Өчигдрийн бороо өнөөдөр орохгүй гэж үг бий. Цэцэрлэг, сургууль зэрэг боловсрол, соёлын салбарын бүтээн байгуулалтыг төсөвт царцаахыг ойлгохгүй байна.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:-Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах гэдэг нь 2.8 их наяд төгрөг болно. 2-3 яамны урсгал бүх зардлыг зогсоож байж 2.8 их наяд төгрөгийг гаргана гэсэн үг. Ерөнхийлөгчийн санал тооцоолол, үндэслэлгүй.

Эх сурвалж:www.polit.mn