Ч.ҮЛ-ОЛДОХ

Цар тахлын үеийн эдийн засгийн нөхцөл байдал,  2021 оны улсын төсөв, Ерөнхийлөгчийн хоригийн талаар УИХ-ын гишүүн, Төсвийн зарлагын дэд хорооны дарга Б.Пүрэвдорж, МУИС-ийн ЭЗС-ийн Санхүүгийн тэнхимийн багш доктор, профессор Л.Оюун нарын байр суурийг хүргэж байна.

 

1. 2021 оны төсөв  цар тахлаас үүдэлтэй хямралыг давахад чиглэж  чадсан уу?


2. Бүтээн байгуулалтад  мөнгө тавьж,  иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд анхаарсангүй гэсэн шүүмжлэл нийгэмд байна?


3. Ерөнхийлөгчийн санал,  төсөвт   тавьсан хоригийг  байнгын хороод дэмжээгүй. Та юу гэж үзж байна?


4. Төсвийг тодотгох нь зөв үү.  Ямар чиглэлээр  хийх ёстой вэ?


5. COVID-19-тэй холбоотой ажилгүйдэл нүүрлэсэн үед Засгийн газар  эдийн засгийн аюулгүй байдлыг хангах  үүргээ гүйцэтгэж  чадаж байна уу?

 

Л.Оюун: COVID-ийн төсөв болж чадсангүй 

 

1. Онцгой үеийн төсөв болж чадсангүй. Хэмнэх  боломжтой зүйлүүд байсан ч   анхаарсангүй. Тухайлбал, төрийн өмчит компаниудын урсгал зардлууд, тухайн үедээ хэрэглэж болно гэж  тодорхойгүй тавигдсан тэдгээр  зардлыг хумих боломжтой. Ажилчин, алба хаагчдын урамшуулалд зориулсан мөнгийг ийм үед шууд хасчих хэрэгтэй юм.

2. Нэг талаас бүтээн байгуулалт өөрөө ажлын байр юм. Гэхдээ оновчтой юу гэвэл тийм биш юм. Жишээ нь, хөдөө сумдад соёлын төв барина гэдэг илүү. Тэнд амьдарч буй хүн хэд билээ. Ер нь Монгол Улс  бүсчлэлээ эргэж харах ёстой. Олонх нь гараад явчихсан учраас сумууд цөөхөн хүн амтай байдаг. Иймд аймаг, сум бүрт соёлын төв  барихаар төсөв тарамдаад байна. Барьж байгаа ижил зориулалттай барилга, байгууламжуудын өртөг өөр байгаад байна. Нэг загварын, ижил өртөгтэй байх талаас анхаарах ёстой.

 Иргэдийг орлоготой байлгахын тулд төрөөс  арга хэмжээ авч байна. Эдгээрийн  үр ашгийг судалгаанаас авч  үзвэл хүнсий талоны асуудал үр дүнтэй байсан гэсэн дүгнэлт гарсан. Хүүхдийн мөнгө нүдээ олсон шийдвэр байсан. Одоо ажлын байртай болгох, ажлын байрыг хадгалах асуудал яригдана. Энэ бол аж ахуй нэгжүүд рүү чиглэнэ. Өөрсдийгөө болгож ирсэн жижиг, дунд үйлдвэрүүд  тэг зогсолт хийсэн. Эднийг ажлын байраа хадгалах чиглэл рүү, санхжүүжилт тал руу нь анхаарч явбал нэлээн цогц шийдвэр болно.

3. Давхардсан зүйлүүд бий. Тиймээс хоригийг шууд  хүлээж авч хэрэгжүүлнэ гэхэд хэцүү. Засгийн газрын авч буй арга хэмжээнүүдтэй уялдуулж явах ёстой. Түүнээс хоригийг хүлээж авахад хэцүү. Өрх бүрт нэг сая төгрөг гэсэн саналын санаа нь   зөв. эрэгжүүлэхэд асуудалтай. Хүнсний талон олгож байхад дээр нь дахиад ваучерийн асуудал ярих ёсгүй. Ийм давхцал  байгаа учраас хоригийг буцаачихав уу гэж харж байна. Хэрэглээгээр дамжуулж эдийн засгийг дэмждэг. Хэрэглүүлэхийн тулд орлоготой байх ёстой гэдэг утгаар өрх бүрт мөнгөн дэмжлэг үзүүлэх асуудал яригдсан байх. Гэхдээ үүн дээр нэг удаагийнх гэж байж болохгүй. Бага багаар үргэлжүүлж  явбал эдийн засгийг дэмжинэ. Нэг удаа олгоод орхих нь инфляцийг хөөрөгдөж хүндрэл учруулдаг.

4. Төсвийн тодотголыг  урсгал  болон  хөрөнгө оруулалтын  зардлын  аль алин дээр нь ярина. Онцгой байдал бий болсон учраас онцгой байдлын үеийн төсвийн тухай ярих ёстой. Цар тахлаас  найдвартай хамгаалагдаж чадаж байна гэж үзэх хүртэл төсөв онцгой явах ёстой. Онцгой үеийн онцгой төсөв байх ёстой. Түүнээс биш жирийн үеийнх шиг байж болохгүй. Тиймээс тодотгох хэрэгтэй.

5. Өнөөдөр төр, засгийг хараад “яах бол” гээд суухаас илүү аж ахуй нэгжүүд өөрсдөө гарц хайж хариуцлагатай байх учиртай. Жишээлбэл, ажлын байран дээрээ цар тахлаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөтэй байх ёстой. Олон улсын туршлагыг харахад ийм байгаа.  Энэ үед манай байгууллага ийм ажлуудыг ингэж хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байж, мөн аажим аажимаар ажлаа сэргээх тооцоо гарган түүнийгээ хэрэгжүүлэх, бас үйл явцад нь хяналт тавьдаг тогтолцоо чухал. Нэмж хэлэхэд, аймгууд өөрсдөө төлөвлөгөөтэй, хариуцлагатай байх хэрэгтэй. Улаанбаатарт гацсан иргэд, оюутнуудыг очиход нь байх газрууд нь шууд явуулчихаж болохгүй. Улс гаднаас иргэдээ авахдаа ямар зохицуулалт хийв, халдвар илэрвэл яаж байна гэдгийг аймгийн түвшинд жижигрүүлээд зохион байгуулах  учиртай. Аймгуудад хөрөнгө мөнгө, орон нутгийн сан гэж бий. Тэр сангаас цар тахлаас сэргийлэх, авах арга хэмжээний зардлыг гаргах ёстой. Өнөөгийн байдалд цар тахлын үед ажиллах аж ахуй нэгжүүдийн  үйл ажиллагааг шат дараатай  нээх хэрэгтэй байна.

 

Б.Пүрэвдорж: Сонгуулийн зардал хулгайлахад чиглэжээ

 

1. Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд, Төсвийн байнгын хорооны дарга нар 2021 оны төсвийг COVID-ийн төсөв гэж хэлж байгаа.  COVID-ийн төсөв гэсэн атал  цар тахлын хамгаалах  вакцин худалдаж авах зардал тусгаагүй. Ийм төсвийг COVID-ийнх гэж хэлэх  боломжгүй. Цар тахалтай холбоотойгоор иргэд, аж ахуй нэгжүүдэд ирэх дарамтыг багасгах, эрсдэлийг арилгах зорилгоор энэ төсөв хийгдээгүй нь харамсалтай. Ихэнх том хөрөнгө оруулалтууд нь Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал гаргах зориулалт бүхий маш  хариуцлагагүй  төсөв болсон.

2. Ганцхан жишээ дурдая. Өнгөрсөн жил “Чингис хааны музей” барина гэж  53 тэрбум  төгрөг төсөвлөсөн. Үүнд хэд хэдэн компани оролцсон, бодвол 53 тэрбумаар барьж байгуулна гэж тендерт  өрсөлдсөн байх. Гэтэл энэ жил дахиад 10 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалтыг нэмж  нийт 62 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай болгож оруулсан байгаа. Үүнээс үзэхэд томоохон хөрөнгө оруулалтаар дамжуулж, Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг хулгайлах зорилготой төсөв хийгдэж  байна. Хөдөө орон нутаг, нийслэлд хийгдэж буй хөрөнгө оруулалтуудын тодорхой хувиас хувь  авах замаар тэр зардлаа босгож байгаа. Түүнээс биш  энэ хөрөнгө оруулалтууд  нь чухал ач холбогдолтой биш. Цар тахлын үед   жижиг, дунд үйлдвэрлэл, аж ахуй нэгжид зориулсан, иргэдийн худалдан авах чадварыг дэмжих талаар ямар нэгэн хөрөнгө оруулалт хийсэн,  арга хэмжээ  авсан төсөв болж чадсангүй.

3. Ерөнхийлөгчийн хориг бол төсөв хэлэлцэж байх явцад миний гаргасан гурван саналтай адилхан байсан. Төсвийн зарлагын дэд хорооны даргын хувьд би гурван санал гаргасан юм. Нэгдүгээрт, эрүүл мэнд, боловсрол, цагдаа, хилийн цэрэг, онцгой байдлын газар зэрэг  байгууллагуудаас бусад төрийн байгууллагын  урсгал зардлыг 20 хувиар танаж, тэрхүү танасан нэг их наяд орчим төгрөгийг COVID-той холбоотойгоор эрсэдлийн сан байгуулж ажиллах, хоёрдугаарт дэд сайд, яам, агентлагийн орлогч дарга нар зэрэг өндөр зардал бүхий орон тоог цомхотгож, төсөвт  хэмнэх, гуравдугаарт музей, оффис зэрэг 149 хөрөнгө оруулалтыг онц шаардлагагүй бол царцааж, үүнээс  хэмнэх 300 тэрбум төгрөгийг ЖДҮ-ийн зээлд хуваарилах  санал гаргасан. Энэ санал маань Ерөнхийлөгчийн хоригтой бүрэн нийцэж байгаа. Тиймээс би дэмжиж байгаа. Чуулганаар хэлэлцэх үеэр тодорхой саналуудыг гаргаад явна.

4. МАН-ын бүлгийн Ерөнхийлөгчийн хоригт  хандаж буй хандлага, гишүүдийнх нь байр сууриас харахад хоригийг хүлээж авахгүй бололтой. Дээр нь төсвийн тодотголыг 2021 оны  дөрөвдүээр сарп буюу хаврын чуулганаар хэлэлцэх бодолтой байх шиг байна. Миний хувд төсвийн тодотголыг яаралтай хийх ёстой гэж үзэж байгаа. Хийвэл түрүүнд хэлсэн гурван саналаа тусгуулах талаас саналаа хэлж, байр сууриа илэрхийлээд явна.

5. Өнөөдөр үсчин, машин угаалга, засвар, томоохон зах, үйлчилгээний төвүүдэд гар дээрээс худалдаа хийдэг, гутал засвар, оёдол, канон компьютер, гэрэл зургийн үйлчилгээ  зэрэг өдрийн орлогоороо амьдардаг нийт 180 мянган иргэн бий. Энэ хүмүүс рүү хандсан бодлого Засгийн газраас хавар зарласан долоон арга хэжмээ, өнгөрсөн сард зарласан 23  арга хэмжээнд огт тусгагдаагүй. Тэгэхээр ажил, орлого нь шууд  зогссон  ядууралд хамгийн их өртөх эдгээр хүмүүсийн амьжиргааг дээшлүүлэх талаар Засгийн газар яаралтай арга хэмжээ авч ажиллах ёстой. Үүний тулд шаардлагагүй зардлуудаа хэмнэж, хэмнэлтээрээ Ерөнхийлөгчийн гаргасан нэг сая төгрөгийн дэмжлэгийг  олгох боломжийг харж ажиллах  хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.4 БААСАН № 232 (6457)