Б.ДАМДИН-ОЧИР
Монголчууд үг хэлэх эрхтэй. Энэ бол бидний сонгосон ардчилсан нийгмийн амин сүнс нь гэдэг.
Мэдээж хэрэг, Улсын онцгой комиссын зохион байгуулалтад алдаа оноотой зүйлүүд бий. Өчигдөр л гэхэд орон нутгийн иргэдээс шинжилгээ авч байгаа байдал тааруу, маш тааруу байгаа нь харагдлаа.
Гэвч өнөөдөр нөхцөл байдал биднийг энэ эрхээсээ илүүтэй иргэний хариуцлагатай байхыг шаардаж байна.
Хариуцлагаа умартаж, тээврийн машинд нуугдаж суугаад, нутагтаа халдвар тээж очсон харамсалтай явдал боллоо.
Нөгөөтэйгүүр цахим сүлжээнд зарим хүний шүүмжлэн бичиж буй мэдээлэл бодит байдлаас хол зөрүүтэй байх нь элбэг байгаа юм. Үнэнийг олох гэхээсээ COVID-19 цар тахлын эсрэг тэмцэж буй төрийн бурууг илчлэх зорилго агуулж буй нь ил байна.
Ингэж “буйдангийн улс төр” хийх нь хэнд хэрэгтэй вэ. Нэг тоо “олоод” түүнийгээ сэвж, олон нийтийг бухимдуулах нь хэнд ч хэрэггүй болж таараад байна. Магадгүй, үүнээс өмнө хэнд хэрэггүй вэ гэдгийг бид бодох ёстой.
Сүүлийн үед COVID-19-ийн үеийн эмчилгээний зардал гэдэг зүйлийг их ярьж, бичиж байна.
Энэ зардлыг хэн нэгэн Эрүүл мэндийн сайд, эсвэл Засгийн газар тогтоодоггүй байна. Дээрээс нь тэр зардал халдвар тээгч иргэнээс бус төрөөс гардаг. Өөрөөр хэлбэл, төр COVID-19-ийн эсрэг бүх зардлыг гаргаж байгаа хэрэг.
Гэхдээ эмчилгээний тооцооллыг халдвар тархалтын нөхцөл байдалд уялдуулж гаргасныг ДЭМБ-аас баталж өгдөг аж.
Манай улсын өнөөдрийг хүртэл мөрдөж байсан зардал нь энгийн үеийн COVID-19-ийн үеийн эсрэг эмчилгээнийх юм байна. Ойролцоогоор 2000 ам.доллар болжээ.
Монгол Улс ДЭМБ-ын зөвлөмжөөр гаднаас шаардлагатай эм, тариагаа татаж аваад эмчилгээндээ ашигладаг байна.
Харин энэ долоо хоногт COVID-19-ийн эсрэг эрчимжсэн үеийн эмчилгээний зардлыг ДЭМБ болон эрдэмтдийн зөвлөлөөр баталж өгнө.
Хамгийн гол нь эмчилгээний зардлын мэдээллийг ДЭМБ -ээр батлуулж хянуулсны дараа олон нийтэд зарлах ёстой. Түүний дараа шилэн дансаар мэдээлэгдэж, түүнийг хэн ч харах, мэдэх боломжтой болох юм.
Эрчимжсэн эмчилгээний тухайд нэг хүн дээр дөрвөн сая орчим төгрөг, тариа нь гэхэд хоёр сая төгрөг болох тооцоо гарахаар байгаа аж. Бас л “...Пүү, паа” гээд сүйд болох уу.
Харин олон улсад хамгийн багадаа 17 мянган ам.доллараас эхэлж байна. Дээд хэмжээ нь 150 мянган ам.доллар байна.
Мөн АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп COVID-19 туссанаа 750 мянган ам доллараар эмчлүүлсэн тухайгаа твиттерт зарласан байдаг. Мэдээж, үүнд нь онгоц, нэмэлт үйлчилгээний зардал орсон байж таарна.
Дэлхиы нийтийн COVID19-ийн эмчилээний зардлын талаар www.healthcarefinancenews.mn сайтад харьцуулан дэлгэрэнгүй мэдээлж байна.
Зах зухаас нь сонирхуулбал, халдвар авсан хүн залуу байх тусмаа эм, тариа, асаргааны зардал бага тусчэ байна. Харин настай хүмүүсийн зардал их өндөр гарч буй аж.
Тус сайтад дурдсанаар 51-60 насны хүмүүсийн эмчилгээний өртөг дунжаар 45 мянган ам.доллар, 23-30 насны хүмүүсийнх 34 мянган ам.доллар болж байна гэжээ.
Үүнээс гадна манай “буйдангаас улс төр хийгчид” COVID-19 цар тахлын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг өндөр байна гээд байгаа.
ХӨСҮТ-ээс гаргасан эмчилгээний дундаж өртөгт эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг дөрвөн сая төгрөг гэж оруулжээ.
Тэгвэл бодит байдал дээр манай улсад COVID-19-өөр нэг хүнд 5-6 эмч, эмнэлгийн ажилтан үйлчилж байна. 14 хоногт энэхүү нэг ээлжийн 5-6 хүн, 28 хоног хэвтэн эмчлүүлэх хугацаанд 10-12 хүн үйлчилдэггэсэн үг.
Хэдхэн тоо бодъё. Тэр дөрвөн сая төгрөгийг 12 хүнд хуваахад нэг эмч, эмнэлгийн ажилтанд 330 мянга оногдоно.
Ер нь бол Монгол Улсын эрүүл мэндийн салбарын үнэлгээ, төлбөр бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй доогуур байдаг гэдэг.
Эрүүл мэндийн салбар, түүний үйлчилгээг байнга шүүмжилсээр ирсэн ч эмнэлэгт 10 хоног хэвтэхдээ 6.7 сая төгрөг өртөгтэй “үйлчилгээ” авдаг гэдгээ тэр бүр мэддэггүй.
Дээрх хоёрхон тоо бол эмчилгээний зардал хийгээд эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин пүнлүүний талаарх бодит байдал “буйдангийн услс төр” хоёрын зөрүүг илэрхийлж байгаа юм.
Дахиад хэлье, бидний монголчууд үгээ хэлэх эрх чөлөөтай. Харин өнөөдөр үүсээд байгаа цар тахлын аюул та биднийг эрхээс илүүтэй хариуцлагаа ухамсарлахыг шаардаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.11.30 ДАВАА № 228 (6453)