Т.БАТСАЙХАН
Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож, 58 минутын турш үг хэллээ. Тэрээр Шүүхийн тухай багц хуулийг МАН-ын бүлэг дэмжээгүй тул төслүүдээ эгүүлэн татаж буйгаа мэдэгдсэн юм. Ингэхдээ өөрийн санаачилсан хуулийн төсөл яагаад чухал болох, хэлэлцэхээс татгалзсан шалтгаан нь улс төртэй холбоотой гэдгийг нэлээд ширүүхэн шүүмжилсэн юм.
Х.Баттулга: Шүүхийн хууль хэт их улстөржсөн байдлаар орж ирж байгаад харамсч байна
Түүний өргөн мэдүүлсэн Шүүхийн багц хуулийн төслийг УИХ хэлэлцсэн мэт байдлаар буцаах болсон тул ийнхүү өөрийн байр суурийг илэрхийлж байна гэдгээ Ерөнхийлөгч Х.Баттулга үгнийхээ эхэнд онцолсон. Нэр цохсон, ширүүхэн Ерөнхийлөгчийн үгнээс эшлэн хүргэхэд,
-Шүүхийн хууль хэт их улстөржсөн байдлаар орж ирж байгаад харамсч байна. Шүүхийн асуудал бол шударга ёс тогтоох, шударга нийгэм байгуулахад голлох нөлөөтэй асуудал.
-Нийгмийн даатгалын санг тонож, татвар төлөгчдийн 340 гаруй тэрбум төгрөгийг зувчуулсан МАН-ын гишүүн Б.Ундармаа торгуулсан болоод хэргээс мултарч байхад айлын цонхоор нэвтэрч 50 мянган төгрөг хулгайлсан иргэн Ерөнхийлөгчөөс уучлал гуйж байх жишээтэй.
-Би шударга бусын хонгил байгуулж байсан, тийм хонгилыг удирдаж байсан Ерөнхийлөгчдөөс өөр, бүрэн эрхээ огт нэмэгдүүлж байгаагүйгээс гадна тодорхой бүрэн эрхүүдээс татгалзсан анхны Ерөнхийлөгч болж байна. Цаашид хэн нэгэн, хэсэг бүлэг этгээд, эсвэл улс төрийн аль нэг нам, уул уурхайгаар сүлбэлдсэн тодорхой бүлэглэл, фракцид шударга бусын хонгил үүсгэх, хонгилоо хамгаалах, сэргээн байгуулахыг би зөвшөөрөхгүй, бас тэвчихгүй ээ.
-Засгийн газраас боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ хуулийн төсөл 2002 оны Шүүхийн тухай хуулиас ашиг сонирхолдоо нийцсэн зарим зүйл, заалт, зохицуулалтыг сэргээн тусгаж, нэг ёсондоо ухралт хийсэн, шударга ёс, өөрчлөлт, шинэчлэлтийг хүсэн хүлээж байгаа иргэд, олон нийтийн итгэл найдварыг бүр мөсөн бөхөөх хэмжээний нэн хариуцлагагүй төсөл болсон.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх бол иргэн Х.Баттулгын эрх биш. Би энэ үүднээс, ирээдүйн олон Ерөнхийлөгчдийн өмнөөс асуудалд хандаж байна. Хуулийн байгууллага, шүүх хараат бус, ямар нэг шахалт дарамтгүйгээр ажиллаад эхлэхээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санг үгсэн хуйвалдаж, зохион байгуулалттайгаар тонон дээрэмдсэн, Хөгжлийн банкны хөгжлийн зээлийг хамаарал бүхий аж ахуй нэгжүүдээрээ хуу хамсан, уул уурхай, ашигт малтмалын лицензийг олноор эзэмшигч бүлэглэл, фракц, олон зуун сая долларын оффшор данс эзэмшигчид, татвар төлөгчдийн мөнгийг чадамжгүй болсон банкинд хийж хувьдаа асар их хэмжээний хөрөнгө олж, банкийг дампууруулан, эргээд татвар төлөгчдөөр төлүүлдэг, авлига, хээл хахуулийн мөнгийг газар, барилга, банк бус санхүүгийн байгууллагуудаараа угаадаг, монгол төрийн эрх ашгийг уландаа гишгэн гадны иргэн, аж ахуй нэгжтэй үгсэн хуйвалдаж төрийн эсрэг гэмт хэрэг үйлддэг хэсэг бүлэг этгээдүүд өнөөдөр шүүх, хуулийн байгууллагад өөрсдийн хяналтыг тогтоох зорилгоор увайгүйгээр дайрч, Шүүхийн тухай хуулийг хэлэлцэхээр чармайж байгаа нь ил тод болж байна” гэдгийг тодотгон хэллээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үгийг улс төрийн хүрээнийхэн янз бүрээр хүлээн авч байна. Ямартай ч Ерөнхийлөгч МАН-ын гишүүдэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж буйгаа ийнхүү илэрхийлэв.
Хоригийг хэлэлцсэнгүй, хойшлуулав
УИХ-ын чуулганы цахим хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Харин Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан Ерөнхийлөгч 2021 оны төсөвт хориг тавьсантай холбогдуулан тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргав. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргаж байна. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхдээ вирусын эсрэг вакцины зардлыг нэмж, төсвийн зарлагыг бууруулах асуудлыг хэлэлцэх нь зөв байх” гэлээ. Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхийг хойшлуулсан юм. Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан албан бичгээ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлээд байна. Энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэснээс хойшх 13 дахь хориг бол шинээр бүрэлдсэн парламентын баталсан хуульд тавьсан хоёр дахь хориг. Түүнчлэн Ерөнхийлөгч жил бүрийн Төсвийн хуульд хориг тавьж ирсэн бөгөөд Төсвийн хуульд тавьсан тав дахь хориг гэсэн үг. 2021 оны Төсвийн хууль цар тахлыг үед батлагдсанаараа онцлог байв. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн жилийн төсөв. Тэгэхээр эрх баригчид Ерөнхийлөгч Х.Баттулгын ээлжит хоригийг хүлээн авах эсэх нь анхаарал татаж байна.
“Хөнгөлөлт эдэлсэн ч үнээ буулгадаггүй, угжны хурга шиг компаниуд байна”
Мөн УИХ-ын чуулганы хуралдаанаар зарим бараа бүтээгдэхүүнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэн дэмжлээ. Уг хуулийн төслийг дэмжихгүйгээ илэрхийлсэн нэг гишүүн нь Л.Энх-Амгалан байв. Тэрээр “Эдгээр бүтээгдэхүүний импорт эрхэлдэг компаниуд тодорхой үүрэг хүлээсэн цагт л энэ хуулийн төслийг дэмжинэ. Ямар ч үүрэг хүлээдэггүй, ХХААХҮЯ-ны үүдийг сахидаг, угжны хурга шиг болсон хэдэн компани байгаа. Үргэлж хөнгөлөлт, чөлөөлөлт авч байдаг. Энэ хөнгөлөлтийг 70-80 компанийн хүрээнд л ярьж байгаа. Эх үүсвэрт нь 100 тэрбум төгрөг өгч байгаа юм байна. Ахиад дээрээс нь 16.5 хувийн хөнгөлөлт өгч байна. Тиймээс иргэдийн гар дээр очиж байгаа бүтээгдэхүүн хөнгөлөлттэй үнээр нийлүүлэгдэнэ гэсэн тохиолдолд л энэ хуулийн дэмжих ёстой. Ард түмний гар дээр будаа, ургамлын тос ямар үнээр очих вэ. Бид лсын төсвийн орлогоос 39 тэрбум төгрөг хасаад компанитай нөхдүүдэд өгөх гэж байна” гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.11.30 ДАВАА № 228 (6453)