С.САРУУЛ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Тэрээр энэ үеэр Шүүхийн тухай багц хуулийн төслийг эргүүлэн татаж байгаагаа мэдэгдэв. Ерөнхийлөгч Х.Баттулга “Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу шүүхийн тухай багц хуулийн төсөл хэт их улстөржсөн, төрийн уламжлалд үл зохицох байдлаар явж буйд харамсч байна. Тиймээс Шүүхийн тухай багц хуулийн төслүүдээ татаж авч байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна. Шүүхийн асуудал бол нийт иргэн, аж ахуй нэгжүүдэд хамаарах өргөн хүрээний асуудал. Тиймээс шүүхийн асуудал улс төрийн нэг нам, түүний дотор фракциудын явцуу ашиг сонирхлыг хангах бус, эрх баригчдын намын гишүүн торгуулаад өнгөрдөг, энгийн иргэн нь шоронд тарчилж байдаг зэрэг олон талын санал санаачлагатай хуулийн төсөл болсон. Жишээлбэл, нийгмийн даатгалын сангийн 340 гаруй тэрбум төгрөгийг зувшуулсан намын гишүүн торгуулж өнгөрсөн бол 50 мянган төгрөгийн хулгайн хэрэгтэй иргэн 2 жилийн авч, Ерөнхийлөгчөөс өршөөл хүсч байна. Энэ мэт хууль ёсны асуудлыг шударгаар иргэн, аж ахуй нэгжүүдэд тэгш үйлчлэх зарчмаар төсөл боловсруулсан ч эрх баригч намын хувьд Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэхгүй гэдгээ зарлаж, улстөржүүлсэн. Хууль тогтоогчид та бүхэн юм бүхний учир шалтгааныг өргөн хүрээнд харж, өнөөдөр юу өөрчлөгдөж, юу болж байгааг харах хэрэгтэйг сануулж байна. Шүүхийн тухай хуулийг цахимаар хэлэлцэх нь болчимгүй алхам. Хатуу хөл хорио онцгой дэглэм тогтсон үед ард түмний элч болсон УИХ-ын гишүүд цахим хурал хийж байгааг гайхаж байна. Өнгөрсөн хугацаанд хууль шүүхийн шинэчлэлд нийгмийг автуулж байсан ч дорвитой шийдэл, гарц гараагүйг ард түмэн мэдэж байгаа. ЖДҮ-ийн зээлийг бүлэглэсэн, Хөгжлийн банкны зээл, уул уурхайн лицензийг бүлэг, фракциараа хуйвалдан авснаа татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлдэг, ББСБ-аараа угаадаг, төрийн эсрэг гэмт хэрэг үйлддэг хэсэг бүлэг хүмүүс шүүхийн тухай хуульд нөлөөлөх гэсэн оролдлогоор илэрч байна.
Монгол Улсын Үндсэн хууль, хууль санаачлахаас гадна, УИХ-аар хэлэлцэгдэж буй хуульд санал өгөх, УИХ-ын бусад шийдвэрт хориг тавих, Цэцэд хүсэлт гаргах боломжуудыг Ерөнхийлөгчид олгосон байдаг ч цаашид УИХ-ын гишүүд ард түмний өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж ажиллана гэдэгт итгэж байна” гэв.
Эх сурвалж: www.polit.mn