Ч.ОЛДОХ
УИХ-ын Боловсрол, шинжлэх ухааны байнгын хороо, БШУСЯ хамтран Боловсролын багц хуулиар санал асуулга эхлүүлсэн. “5 асуулт, 10 хариулт” булан УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, “Тогтвортой хөгжил, боловсрол” хүрээлэнгийн захирал, боловсрол судлаач П.Энхцэцэг нарын байр суурийг хүргэж байна.
1.Боловсролын багц хуулийн гол өөрчлөлт нь юу вэ?
2.Манай улс Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлэх нь ямар ач холбогдолтой вэ. Одоо ярьж буй Боловсролын үндэсний хөтөлбөр юугаараа онцлог байх вэ?
3.Бид хичээлийн цагт ач холбогдол өгч агуулгыг орхигдуулдаг. Хичээлийн агуулгаар дамжуулан өөрсдийн хэл сэтгэлгээний дархлааг тогтоох тухайд хуулийн ямар зохицуулалтууд хийж байна?
4.Цар тахлын үед боловсролын байгууллагууд цахим сургалтыг хэрэгжүүлэх болсон. Энэ нь сургалтын чанарт муугаар нөлөөлж байгааг эцэг, эхчүүд хэлж байна. Яавал үр дүнтэй болгох вэ?
5.Дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэхэд хүний нөөцийн, эрэлттэй мэргэжлийн судалгаа манайд байдаггүй. Боловсролын бодлогод яаж уялдуулах вэ?
Т.Энхтүвшин: Үндэсний хөтөлбөр хэрэгтэй байна
1. Боловсролын тухай хуульд өмнө оруулсан өөрчлөлтүүд, 2018 онд баталсан хуулийг сайн болсон гэж үздэг. 2020 оны долдугаар сард батлагдсан хууль ч гэсэн сайн болсон. Хуучин сумдын цэцэрлэгийн эрхлэгч нарыг аймгийн Засаг дарга томилдог байсан. Үүнийг өөрчлөн тухайн шатны Засаг дарга нь цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирлыг томилдог болсон нь сайн талтай. Одоо ярьж буй Боловсролын багц хуульд орон даяар хэлэлцүүлэг өрнүүлж, аймаг бүрт ажлын хэсэг ажиллая гэж тогтсон. Хэлэлцүүлгийн дүнд дөрвөн багц хуульд өөрчлөлт оруулья. Ингэхдээ боловсролын салбарын бүх шатанд хэлэлцүүлж байж багц хуулиудыг гаргая гэсэн. Гэвч дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хэлэлцүүлэг хийх, аймгуудад ажлын хэсэг ажиллах боломжгүй болж байна. Гэхдээ цахим хэлбэрээр санал авах ажил явагдана. Ер нь бидний дархлаа бол боловсрол. Монгол Улсын хөгжлийн үндэс нь боловсрол. Тиймээс хуулийн төслийг боловсруулахад бүх шатанд өргөн хэмжээнд хэлэлцүүлэх ёстой. Энэ ондоо багтаж хэлэлцүүлгээ хийгээд 2021 оны нэгдүгээр сард хуулиа батлуулъя гэсэн чиглэл бий.
2. Кембрижийн хөтөлбөр мөнгөтэй хүмүүсийн хүүхэд сурдаг, сургалтын чанарт ч гэсэн ялгаа гаргадаг эрсдэлтэй гэж би үздэг. Цаашид энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх бол бүх шатны сургуульд үнэ төлбөргүй хэрэгжүүлэх бололцоо, боломжийг олгох ёстой. Нийт сургуулийн хэдэн хувьд энэ хөтөлбөр хэрэгждэгийг сайн мэдэхгүй байна. Ер нь бол бид боловсролын байгууллага, сургуулиудад үндэснийхээ хөтөлбөрийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Бичиг соёлоо уламжилж авч явах ёстой. Соёлын яам шинээр байгуулагдсаных цаашид үндэсний дархлааг авч явах, үндэсний боловсролын тогтолцоог бий болгох,үндэсний хөтөлбөр боловсруулах чиглэлд ажиллах болов уу гэж харж байна. Монгол хүүхдүүд бичиг соёлоо, босоо монгол бичгээ, уламжлалт түүхээ, соёл урлагаа сайн мэдэх хэрэгтэй байна. Тиймээс боловсролын үндэсний хөтөлбөр хэрэгтэй.
3. Би түрүүн хэлсэн, үндэсний боловсрол бол бидний оюуны дархлаа юм. Бид цаашид монгол хүний хэл, сэтгэлгээний онцлогийг харгалзсан, үндэсний бичиг соёл, түүх уламжлал, зан заншил гээд бүх талыг шингээсэн боловсролын үндэсний хөтөлбөрөөр цааш явах учиртай. Тиймээс сургалтын хөтөлбөр ямар байх, хичээлийн цагт юу үзүүлэх, ямар мэдлэг олгох вэ гэдэг чухал. Монголчууд түүх, соёлын арвин баялагтай. Тиймээс энэ дархлаагаа өвөрмөц бөгөөд сонирхолтой байдлаар хөгжүүлж, өвлүүлж явах нь ач холбогдолтой.
4. Боловсролын байгуулагуудын үйл ажиллагаа тасралтгүй, тэгш, хүртээмжтэй байх ёстой. Цар тахлын хөл хорионы улмаас боловсролын байгууллагууд цахим сургалтыг явуулж байна. Ингэхээс аргагүй. Гэхдээ цахимаар сургалт авах боломжтой айлын хүүхдүүд байхад боломжгүй нь ч байна. Гэр хороололд л гэхэд сүлжээ ороогүй газар олон бий. Хөдөө сумдын хүүхдүүдэд хэрэгжүүлэх боломжгүй. 3-4 хүүхэдтэй айл байлаа гэхэд нэг хэсэг нь телевизээр хичээлээ үзнэ, зарим нь цаг нь давхцах жишээтэй. Амьдралын нөхцөл бололцооноос үүдээд өрх болгон шаардлага хангасан телевизортой байх эсэх, хүн бүр ухаалаг утас хэрэглэдэг үү, үгүй юу гэдэг эргэлзээтэй. Иймд сургууль, салбарын яам судалгаа, зохицуулалтад анхаарах хэрэгтэй. Зайны сургалтыг гэр хороололд, алслагдсан сумдын, төвийн хүүхдүүдэд системтэйгээр хүргэхэд анхаарах ёстой. Цар тахлын үед цахим сургалтаас өөр арга зам харагдахгүй байгаа ч салбарын яам өөрөө маш сайн орж ажиллах, арга барилын заримыг өөрчлөх юм уу, зохицуулалтыг сайжруулахгүй бол зарим хүүхэд хичээлийн хоцрогдолд орох, цахимаар сургалт авч чадахгүй байх эрсдэлтэй.
5. Өнөөдөр улсын хэмжээнд 140 гаруй мянган хүүхэд их, дээд сургуульд суралцаж байна. Мэргэжилтэй ажилтан бэлтгэх МСҮТ-д 40 мянган хүн сурдаг. Үүний байрыг солимоор байгаа юм. Дорноговь аймаг юм уу, бусад аймагт газар шороо, төмөр замын дэд бүтцийн ажил хийх ажилчин дутагдалтай байгаа. Тухайн мэргэжлээр, жишээ нь таван жилийн хугацаанд хуульч хэд хэрэгтэй вэ, эдийн засагч хэд хэрэгтэй вэ, мэргэжилтэй ажилтан хэд хэрэгтэй вэ гэсэн судалгаа байх хэрэгтэй. Үнэндээ өнөөдөр хар ажил хийдэг хүн алга. Говийн зарим аймаг ажиллах хүчний дутагдалд орсон. Малын их эмч, зоотехникч мэргэжилтэн хэрэгтэй байна, мал сүрэг өсч хүнээсээ олон болчихлоо. Хүн болгон хуульч, ня-бо, багш болно гэсээр боловсон хүчний илүүдэлтэй болчихоод ажилгүй сууцгааж байна. Ойрын хугацаанд л гэхэд төмөр замын ажилчид шаардлагатай байна, гэтэл хүн хүч алга. Гэтэл хүүхдүүд МСҮТ-д сурахаас зугтаад байдаг. Өмнөх тогтолцоонд хүүхдүүд сурлагын үзүүлэлт, дүнгийн эрэмбээр дээд сургуулт, техникум, ТМС-ийн хуваар авдаг байсныг би зөв байж гэж боддог. Их, дээд сургуулийг ч гэсэн нэгтгэн цөөлж, чанаржуулах хэрэгтэй.
П.Энхцэцэг: Боловсролын хүн судлалыг хөгжүүлье
1. Боловсролын тухай хууль маань өөрөө боловсролын харилцааг зохицуулах, онол зарчим, бүтэц зохион байгуулалт, энэ салбарын харилцаанд оролцогчдын эрх үүрэг гэхчлэн бүгдийг зохицуулах ёстой. Одоогоор хүүхдэд мэдлэг чадвар, төлөвшил олгодог ийм л албан ёсны харилцаа байгаа. Тэгвэл мэдлэгийг хэрхэн бүтээж байна вэ, чадварыг яаж бий болгож байна, төлөвшил буюу хүмүүжлийг яаж бүтээж байна вэ. Энэ цогц агуулга хэрэгжиж байна уу, үгүй юу гэдэг нь өөрөө асуудалтай байна. Хэрэв энэ гурван зүйл буюу, боловсролын цогц агуулга цогцоороо хэгжих юм бол боловсролын үйл явц амжилттай явна. Мэдлэгийн агуулгаа яаж томъёолох вэ, чадвар, төлөвшлөө яаж томъёолох вэ гэдэгт манайд онол зарчим дутмаг байна. Ялангуяа хүүхдийг төлөвшүүлэх буюу хүн бүтээх, хүмүүжүүлэх асуудал нь өөрөө агуулгагүй яваад байна. Үүнийг хуульдаа нарийн тусгах ёстой. Боловсролын антропологи манайд огт судлагдахгүй байна. Боловсролын антропологид тулгуурласан төлөвшлийн агуулгыг маш нарийн тодорхойлоод өгчихвөл хууль хэрэгжих, харилцааг зохицуулахад шаардлага хангасан багц хууль болно.
2. Хөтөлбөрийн мөн чанар нь мэдлэг буюу сургалт, чадвар буюу мэргэшүүлэх, төлөвшүүлэх буюу хүмүүжүүлэхтэй холбоотой сургалтад чиглэдэг. Энэ гурвыг боловсролын цогц агуулга гэдэг. Тэгвэл Кембрижийн хөтөлбөрийг хүүхдийн хэдэн наснаас, ямар агуулгаар хэрэгжүүлэх ёстой вэ гэдгээ хөрсөн дээрээ зөв буулгачихвал учиргүй буруутгах зүйл биш юм. Яагаад гэвэл бид дэлхийтэй хөл нийлүүлж алхаж байгаа учраас сургалтын хөтөлбөр дээр нээлттэй бодлого барих ёстой. Харин хүмүүжүүлэх, төлөвшүүлэх гэдэг асуудалд цэвэр үндэсний агуулгыг оруулж ирэх ёстой. Үнэт монгол хүн бүтээх асуудал чухал. Энэ бол үндэсний гүн ухаанд үндэслэнэ. Өөрөөр хэлбэл, хүүхдийг гурван түвшинд харах хэрэгтэй. Эхлээд оюунд нь мэдлэг суулга, чадвар гэдэг нь хөдөлмөрлөж бүтээх, дараа нь төлөвшүүлэх хүмүүжүүлэх, хүн болгох, өөрийн мөн чанарыг олуулах асуудал орно.
3. Боловсролын менежмент, удирдлага зохион байгуулалт, орчны асуудал гэж бий. Үүнд хуулийн зохицуулалт хэрэгтэй байна. Хэл, сэтгэлгээний дархлааг тогтоохын тулд хүчээр тулгах биш, тодорхой орон зайг нь бүрдүүлж, ахуй орчин талаас нь соёлын хөрс бүрдүүлж өгөх ёстой. Хэл, сэтгэлгээний дархлааг тогтоож хөгжүүлж өгдөг үндсэн хөрс нь энэ. Соёлын энэ орон зайг сургууль дотор бий болгох, боловсролын орчныг бүрдүүлэх талаар хуульд нарийн тусгаж өгвөл тэр дагуу сургуулиудад бодитой хэрэгжинэ. Орчин бүрдүүлэх тухайд олон зүйлийг хийх хэрэгтэй. Одоогийн сургуулиуд соёл гэгээрэл огт байхгүй орчин болсон. Хүнийг дээд зэргээр хөгжүүлэх орон зай тэнд байх ёстой. Стандарт нарийвчлалыг илүү тодруулж гаргаж ирэх хэрэгтэй байна.
4. Хуульд тусгах зохицуулалтын талаар асууж байгаа бол үүнийг илүү үр дүнтэй, чанартай болгох боломж одоогоор харагдахгүй байна. Энэ нөхцөл байдал дээр нэгдүгээр ангийн хүүхдүүд л гэхэд хичээлээ хараад шууд ойлгоод сураад явах боломж бас дутмаг. Давхар гэрт нь нэг багш заавал танилцуулж, тайлбарлаж өгөх хэрэгтэй болно. Гэтэл тийм багш бүх гэр бүлд байна уу, байхгүй юу гээд асуудал бий. “Ээж багш” гэсэн хөтөлбөр байх уу, ямар нэгэн гарц шийдэл энд хэрэгтэй. Дээр нь гэрийн нөхцөлд материаллаг баазаар нь яаж хангах вэ. Гэр дотор хэн багш байх вэ, манай уламжлалаар ээж нь л хүүхдүүддээ багшилдаг учраас тэр ээжийг ямар хэмжээнд хөгжүүлж гарын авлагаар хангах вэ. Сургалтыг яаж жигд, тэгш байдлаар албан ёсны ажил болгож хэрэгжүүлэх вэ гэдэгт анхаарах ёстой. Боловсролын байгууллагаар дамжуулан олгож байсан албан ёсны сургалтыг албан бус хүрээнд хүргэхэд нарийн зохицуулалт , судалгаа хийх хэрэгтэй.
5. Энэ маш чухал асуудал. Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээлэнгээс судалгаа хийсэн. Бага, суурь, ерөнхий боловсрол гээд авч үзэхэд ерөнхий боловсролын шатлал дээр хүүхдийн авьяас өгөгдөл илэрсэн байгаа. Цаашид тухайн хүүхэд ямар мэргэжлээр суралцвал илүү амжилттай, аз жаргалтай амьдран орших вэ гэдэг үе дээр ирсэн байна гэсэн үг. Хоёрдугаарт, улс оронд ямар мэргэжил хамгийн чухал, эрэлт хэрэгцээтэй байгаа вэ гэдэг тодорхой судалгаагаар гарсан байна. Энэ мэргэжлийг хаана хамгийн сайн эзэмшүүлдэг вэ гэсэн судалгаа бас гарсан байна. Нэгэнт авьяас нь илэрсэн хүүхэд н энэ хоёр судалгааг хараад сонголтоо хийж байх ёстой. Гэтэл манайд хүүхдийн авьяасыг нээж чаддаггүй. Дээр нь хөдөлмөрийн зах зээлийн судалгаа нь алга. Тэр мэргэжлийг хаана хамгийн сайн сургадаг вэ гэсэн судалгаа байдаггүй. Уг нь энэ гурвыг нэгтгэж судлаад мэргэжилт сонголт хийгдэж байх учиртай ч манайд аль нь ч алга. Багц хуульд анэ талаар нарийвчилж тусгах асуудлууд бий. Хуулийн төслийн санал, хэлэлцүүлгийн явцад яригдах байх гэж найдаж харж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.11.20 БААСАН № 223 (6448)