Т.САЙХАН
Засгийн газраас цар тахлын үед хэрэгжүүлэх эдийн засгийн арга хэмжээг танилцуулж байна. Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 17-нд Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлаас иргэн, аж ахуй нэгжийг хамгаалах эдийн засгийн арга хэмжээ авах саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн. Тэгвэл Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд Ерөнхийлөгчийн хүсэлтийг бүхэлд нь дэмжээгүй ч дөрвийг тусгасан гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдлээ. Мөн Засгийн газрын хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцсон байна.
Ерөнхийлөгчийн саналд тусгасан төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх асуудал олон нийтийн анхаарлыг татсан. Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ асуудлыг хэрэгжүүлэх нь хэтэрхий аюултай, эдийн засгийг жинхэнэ утгаар нь үгүй хийнэ гэсэн байр суурийг илэрхийсэн байна.
Төрийн тэргүүний гүйцэтгэх засаглалын тэргүүнд мэдүүлсэн саналд төсвийн зардлыг хумьж, хэмнэсэн хөрөнгөөр бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгох, банк, банк бус санхүүгийн байгууллага, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний зээлийн хүү, төлбөрийн хугацааг зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах,
Хөдөлмөр эрхлэгч иргэдээ хатуу хөл хорионы хугацаанд дэмжиж, төрийн албан хаагчаас бусад хөдөлмөр эрхлэгчдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний тэтгэлгийг төрөөс олгох,
Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн аливаа хэлбэрийн түрээсийн төлбөрийг хөнгөлөхөд чиглэсэн цогц хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх,
Нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах,
Ипотекийн зээлийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх, төлбөрийн хугацааг 2021 оны нэгдүгээр сараас эхлэн зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах зэрэг санал гаргасныг Засгийн газар дэмжээд байна.
Эх сурвалж:www.polit.mn