Ч.ЗОТОЛ 

 

Монгол, Оросын хилийг  дамнан оршдог Асгатын мөнгөний ордыг  эдийн засгийн эргэлтэд  оруудах  “галт тэрэг”  эхний яндангаа  дуугаргалаа. УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хорооны өчигдрийн хурлаар  Асгатын мөнгөний орд, Зүүн цагаан дэлийн ордыг эргэлтэд оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авснаас хэд хэдэн зүйл анзаарагдаж буй. Нэгдүгээрт, тус ордын ТЭЗҮ нь тодорхойгүй байна. Салбарын сайдын хариултаар бол “боловсруулагдаж байгаа” гэв. Хоёрдугаарт, хайгуул явуулах, үйлдвэр байгуулах, тээвэрлэлт хийх гэхчлэн их хэмжээний  зардал гарахаар тооцсон атал  ямар хэмжээний ашиг олох вэ гэдэг нь бүрхэг байна.  Үнийн таамаглалыг  хэр бодитой тооцсон бэ гэсэн Г.Тэмүүлэн гишүүний асуултад салбарын сайд  ч  тодорхой хариулсангүй.

Асгат  бол Монголын тал ганцаараа шийдэх боломжгүй орд. Хоёр орны хилийг дамнан оршдог. Ашиглахын тулд  хүссэн ч, эс хүссэн ч хоёр тал заавал хамтарна. Гэсэн ч Монголын тал тус  ордод  хэдэн хувийг нь эзэмших  нь  өчнөөн жил ярьснаас үзэхэд өнөөдөр тодорхой болчихсон баймаар.  Гэтэл хуулиараа   50 хүртэл хувь эзэмших боломжтой гэж байгаа ч  тодорхой бус байна. Харин хэнтэй хэрхэн хамтрах вэ гэдэгт хэд хэдэн хувилбар ярьжээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгийн танилцуулснаар Дэлхийн банкнаас гаргасан үнийн таамаглал доогуур буюу нэг кг мөнгө 700 орчим ам.доллар байгаа. Нөгөө талаас олон компани хамтран ажиллах  санал ирүүлжээ.

 Асгатыг ашиглах тухай 2005 оноос хойш ярьсан ч өнөөдрийг хүртэл тодорхой шийдэлд хүрэлгүй явж ирсэн. Өөрөөр хэлбэл, орд ашиглах нөхцөл хойшилсон нь баяжуулалтын технологи, дэд бүтэц хоёрын асуудал  байсаар ирсэн.  Учир нь Асгатын орд руу очих хүртэл ОХУ-ын хилээр нэвтэрдэг. Иймд хойд хөрштэй  зөвшилцөх зүйл олон байдаг. АНУ, Австрали улсын компаниуд   ордыг ашиглахад хамгийн боломжтой хувилбар нь ОХУ, Казахстанаас тоног төхөөрөмжөө нийлүүлэх нь үр ашигтай гэж үздэг. Орд нь стратегийн орд учраас гадаадын хөрөнгө оруулагчидтай ярилцах асуудал нь хамтарсан компани байгуулж, хувь хэмжээ буюу бүх боломжтой хувилбарыг ярилцаж, хэлэлцээр хийж шийдвэрлэхээс өөр арга зам үгүй аж.

Өнөөдрийн байдлаар Асгатын ордын Ц1, Ц2 нөөц 6.2  сая тонн, цаашид өсвөл П1, П2 таамаг мөнгөний нөөц нь 6.8 мянган тонн болох боломжтой. Батлагдсан мөнгөний нөөц нь  2247 тонн байна. Ашиглах тухайд төрийн эзэмшлийн хувьд татвараа өндөр авч, төр хувь эзэмшихгүй байх нь зөв гэж гишүүд үзэж байна. Гэхдээ хувь тогтоох уу, АМНАТ-аар шийдэх үү, тодорхой хувь авахаар зөвшилцөх үү гэсэн хувилбарбий гэв. Баяжуулалтын хувьд  олон хувилбар бий.

Үүнээс хамгийн боломжтой нь  мөнгөний баяжмалыг Асгатын уурхай дээр баяжуулан  тээвэрлэж, Баян-Өлгий аймгийн Ногоон нуур суманд  металлургийг ялгаж авахаар  тооцоолжээ. Хамтрагчдын тухайд 2006 онд ОХУ-ын Полиметалл Асгат компанитай хамтрах боломж байсан.

Тус компани ордоос цааш 160 кмт үйлдвэрлэлийн баазтай, хөрөнгө оруулаад явах боломжтой байсан. Тэдэнд урилга илгээсэн ч хариу ирүүлээгүй. Харин  ОХУ-ын Ново Ангарский компаниас манайд санал ирүүлсэн.  Сүүлийн үед АНУ-ын иргэн болсон Оросын хөрөнгө хөрөнгө оруулагчид ОХУ, Казахстаны нутгаас тоног төхөөрөмжөө татах,  цахилгаан дамжуулах шугам, металлургийн үйлдвэр барих, Хотгорын нүүрсний уурхай дээр станц барих, нийт 600 сая ам.долларын бүтээн байгуулалт хийнэ гэсэн төсөөлөл ирүүлсэн гэв.

Ийнхүү Асгатын орд гарнаасаа хөдлөх урьдчилсан хэлцлүүд хийгдэж эхэллээ. Оюутолгойн араас тавиад туучихгүйн тулд тооцоо, судалгааг анхнаас нь сайн хийх ёстойг Б.Батжаргал, Г.Тэмүүлэн тэргүүтэй гишүүд байнгын хорооны хуралдааны үеэр  анхаарууллаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.11 ЛХАГВА № 218 (6443)