Ч.ОЛДОХ
БШУ-ны яамнаас санаачлан УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороотой хамтран Боловсролын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нийт салбарын багш, ажилчин, албан хаагчид болон эцэг эхчүүд, олон нийтээс санал авах ажлыг орон даяар эхлүүлсэн. Хэлэлцүүлэг 21 аймаг, есөн дүүрэг, нийт боловсролын байгууллагад явагдаж, ирэх сарын 4-7-нд нийслэлд нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулна. Боловсролын анхны хууль 1963 онд батлагдсанаас хойш 1982, 1995, 2002 онд сууриараа шинэчлэгдсэн. 2002 онд батлагдсан Суурь боловсролын хууль өнөөдрийг хүртэл хэрэгжих хугацаанд 25 удаа өөрчлөлт оруулжээ. Өдгөө энэ хуулиа Боловсролын ерөнхий хууль болгон шинэчлэн батлуулахаар Ажлын хэсэг ажиллаж байна. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ж.Мөнхбат нарын байр суурийг сонирхлоо.
Л.Цэдэвсүрэн: Чанартай боловсролыг тэгш хүртээнэ
-Ерөнхий боловсролын олон сургууль төлбөртэй. Сургалтын чанар, суралцагчдын ялгаа их бий. Энэ ялгааг арилгах асуудал суурь хуульд ямар байдлаар тусах вэ?
-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэл, салбарын 2030 он хүртэлх гол бодлогын баримт бичигт боловсролын салбарын бодлогыг хүн бүрт чанартай боловсрол эзэмших тэгш боломжийг нь бүрдүүлж, тэгш хамруулах тогтолцоог бэхжүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд шинэчлэл хийнэ.
-Зарим их, дээд сургуулийг хөдөө орон нутагт шилжүүлэн байршуулах асуудал ямар шатанд яваа вэ?
-Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлэн хөдөө орон нутагт хотхон хэлбэрийг хөгжүүлнэ. Дархан-Уул, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй сургуулиудыг түшиглэн энэ ажлыг хийнэ. Гэхдээ сургуулиудыг шууд нүүлгэхгүй, эхлээд хөтөлбөр гаргана. Энэ 1-2 жилийн дотор хийчих ажил биш.
-Салбарын хөгжилтэй багшийн хөгжлийн асуудлыг хэрхэн уядуулах вэ?
-Монгол Улсад багшийн хөгжлийг дэмжих хууль бий. Тухайн багшийг ажлын байранд нь тасралтгүй сургах, хөгжүүлэх, ажлыг нь зүй зохистой үргэлжлүүлэхэд бага, дунд боловсролын хуульд тодорхой зүйл, заалт оруулж байгаа.
Ж.Мөнхбат: Сургуулиуд туслах багштай болно
-Орон даяар явуулах боловсролын салбарын хэлэлцүүлэгт байнгын хороо ямар байдлаар хамтарч байгаа вэ?
-УИХ-ын гишүүдээр ахлуулсан найман баг хөдөө орон нутагт ажиллана. Байнгын хорооны 19 гишүүн нэг, нэг аймгийг хариуцаад ажиллаж байгаа.
-Өнгөрсөн он жилүүд цалин хөлсөө нэмүүлэх, нийгмийн асуудлаа шийдүүлэх гэсэн багш нарын тэмцэл дунд явж ирсэн. Энэ асуудал хуулийн шинэчлэлээр яригдаж байгаа юу?
-Багш нарын нийгмийн асуудал, цалин хөлс, амьдрах орчинтой холбоотой сэдэв сөхөгддөг. Багц хуульд энэ асуудлыг тусгахаар энэ салбарын 50 шахам мянган багшийн саналыг цахимаар авахаар программ бэлэн болсон. Өнөөдөр ЕБС-ийн багш нарын дундаж цалин 1.240.000, цэцэрлэгийн багшийнх 1.280.000 төгрөг байгаа. Энэ асуудал хэлэлцүүлгийн аяны хүрээнд санал авч нэгтгэх байдлаар тавигдана.
-Нэг ангид 50-60 хүүхэд сурах болсноор бага ангийн багшийн ачаалал хэтэрсэн. Хуульд ямар зохицуулалт хийх вэ?
-Туслах багшийн асуудал Багц хуульд тусгагдсан.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.11.11 ЛХАГВА № 218 (6443)