Б.ГАРЬД

 

Манайхан ТӨХ-г сайн мэднэ. Өмч хувьчилдаг. Бас төрийн өмчийг харж, хамгаалж, хянаж байдаг газар. Сүүлд 2016 оноос ТӨБЗГ болчихсон.

Өөрөөр хэлбэл, энэ газар нь төрийн өмчийн талаарх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, удирдлагыг сайжруулах, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд сайн засаглалыг хөгжүүлж, өмчийн үр өгөөжийг нэмэгдүүлэх үүрэгтэй.

ТӨБЗГ-ын даргаар 2020 оны долдугаар сарын 22-нд Б.Цэнгэл томилогдсон. Б.Цэнгэл нь ЗХУ-д Иванаво хотын Улсын Их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистраар тус тус төгссөн. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад энэ ажилд ирсэн.

Өмнө нь Зам, тээвэр барилга хот байгуулалтын дэд сайд, ГЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, Авто тээврийн газрын дарга, Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга зэрэг ажлуудыг хийж байсан. ТӨБЗГ-ын дараар томилогдоод ердөө дөрвөн сар болж буй Б.Цэнгэл баахан таагүй асуудалд нэр холбогдлоо.

Төрийн ордонд маш ойрхон, Улаанбаатар хотын онцгой ач холбогдол бүхий “А” зэрэглэлийн газрыг дээр нь байгаа обьекттой газартай хамт гадааадын улсын мэдэлд өгөх ажлыг гардаж хариуцаж явна.Мөн ойролцоох газрыг нь ч хурааж авч хүсээд байгаа хүнд нь өгөх гэж буй аж.

Б.Цэнгэлийн ард гаднын нэг улсын Элчин сайд байна. Бид “...Чононд хонь хадгалуулжээ” гэж халагладаг даа. Б.Цэнгэл түүн лүгээ адил Монголд суугаа гадаадын нэг Элчин сайдын гар хөл болчихсон Улаанбаатарын төвд байдаг обьект, газар хоёрыг монгол компаниудаасаа авч харийн мэдэлд шилжүүлэхээр явж буй аж.

Дээр хэлсэн дээ, Б.Цэнгэлийн дарга нь болсон ТӨБЗГ нь “...Төрийн өмчийн талаарх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, удирдлагыг сайжруулах, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд сайн засаглалыг хөгжүүлж, өмчийн үр өгөөжийг нэмэгдүүлэх үүрэгтэй” гэж...

Энэ утгаараа тэр уг нь төрийн өмчийг тарааж, харийн улсад шилжүүлэх бус, төрийн мэдлийн өмчийг зузаатгаж, хулгай луйвар хийхээс урьтаж ажиллах ёстой хүн юм.

Гэтэл Б.Цэнгэл үүний эсрэг ажиллаж байна. Гадаадын улсын Элчин сайдын үнэн худал нь үл мэдэгдэх тушаал заавраар хөдөлж, улсынхаа иргэд, аж ахуйн нэгжүүдийг уландаа гишгэж буйд нь яавч зөвтгөх гарц алга. Бас хууль үгүй. Харин удахгүй энэ асуудал өндрөө авч мэдэхээр болоод байна. Учир юу гэвэл, нөгөөх Элчин сайд нь бас манай Засгийн газарт “шантааж” үзүүлсэн байна. Энэ маш ноцтой. Он удаан хугацаанд яригдаж байгаа олон улс дамжсан томоохон төслөөрөө барьцаалж, “...Энийгээ өгвөл тэр төслөө эхлүүлнэ” гэсэн байгаа юм.

Мөн тэр Элчин сайд “..Миний ард улсын маань Засгийн газар байгаа, энэ бол манай Засгийн газрын шаардлага” гээд байгаа ажээ.

Гэтэл “...Оросыг сайн маажвал татаар гарч ирнэ” гэдэг шиг энэ асуудлыг ухаад байх нээ, тэрхүү обьектын ойролцоох газруудыг авахаар манай “цементэн ширэнгэний бүтээн байгуулагч” гэгддэг УИХ-ын гишүүн нөхөр гарч ирж байна.Тэр УИХ-ын гишүүн этгээд гадаадын улсын Элчин сайд байшингаа авчихвал, ойролцоох газрыг нь өөрийн болгох л зорилготой юм байна. Угаасаа түүгээрээ алдаршсан нөхөр л дөө.

Ийм явдал түмний нүднээс далд нэлээд хугацаанд өрнөжээ. Бид энэ талаарх мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.9 ДАВАА № 216 (6441)