С.УЯНГА
АН өнгөрсөн дөрвөн жил парламентад есөн гишүүнтэй ажилласан. Энэ нь эрх баригч намд хяналт тавих, сөрж ажиллахад хэдийгээр тэнцвэргүй төлөөлөл ч гэсэн олон нийтээс “муу” дүн авсан. АН эрх баригчдын сүр хүчинд дарагдаж сөрөг хүчний үүргээ биелүүлж чадаагүй. Хэтэрхий үлбэгэр, сул ажилласан гэж дүгнүүлэв. Сүүлдээ Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүд намаа орхисноор Их хуралд бүлэггүй болж дуу хоолой улам суларсан гэж хэлж болно.
Харин энэ удаагийн парламентад МАН 62 суудал, АН 11, “Та бидний эвсэл” нэг, “Зөв хүн электорат” нэг, бие даагч нэг суудал авсан. Ингэснээр сөрөг хүчин 11 төлөөлөлтэй болж өмнөх парламенттай харьцуулахад бага зэрэг хүч нэмлээ. Гэхдээ сөрөг хүчин хүний тоогоор биш зөв бодлогоор нэгдэж ажиллаж чадвал олонхийн бүлэгт хяналт тавьж, хариуцлага шаардах бүрэн боломжтой. Энэ утгаараа шинэ парламент бүрдсэнээс хойш гурван сар гаруйн дараа сөрөг хүчнийхэн анхны акцаа хийлээ.
Сөрөг хүчин төсвийн хууль хэлэлцэж байгаа цаг үед чуулганы гадна, дотно талд зэрэг акц өрнүүлэв. Парламентын танхимд “Монгол хүн бүр 27 сая төгрөгийн өртэй” гэсэн бичиг бүхий цагаан футболкоор жигдэрч, ширээн дээрээ “Улсын нийт өр 87.8 их наяд”, “Тэвчиж болох зардлаа тана”, “Төрийн мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө гэж л бий” зэрэг уриа лоозон байрлуулж эсэргүүцэл илэрхийлэв. Харин чуулганы үүдэнд “Монгол хүн бүр 27 сая төгрөгийн өртэй” гэсэн бичгийн хамт мөнгөн дэвсгэртээр бүрсэн цагаан цаас байршуулсан юм. Мөн ам.долларын ханшийн өсөлт болон төгрөгийн уналтыг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнээр илэрхийлсэн мэдээллийг танхимын үүдэнд байрлуулжээ. Тодруулбал, 20 мянган төгрөгөөр авч болох төмс, будаа, гурил, давс зэргийн үнийн дүн, тоо хэмжээг дөрвөн жилийн өөрчлөлтөөр харуулсан байлаа. Тухайлбал, нэг сагсанд 2016 онд кг цагаан будаа 2400 төгрөг авдаг байсан бол өнөөдөр ийм хэмжээний мөнгөөр 0.65 кг цагаан будаа авч байгаа, нэг литр сүү, кг элсэн чихэрний үнэ хоёр дахин нэмэгдсэн зэргээр харьцуулж үзүүлэв. Энэхүү акцийнхаа талаар УИХ-ын гишүүн Ц.Туваан “Чуулганаар ирэх оны мөнгөний бодлогын асуудал яригдаж байгаа үед Монголбанк төгрөгийн ханшийг тогтвортой байлгах ёстой боловч ам.долларын ханш 2860 төгрөг болсон байна. 2016 оны худалдан авалт 2020 онд 40 хувиар буурсан бодит үзүүлэлттэй байна. Мөн 2021 оны төсөв хэлэлцэхдээ халамжийн бодлогыг түлхүү хэрэгжүүлэхээр, ажлын байр нэмэгдүүлэх, аж ахуй нэгжүүдээ дэмжих, баялаг бүтээх чиглэл рүү төсвөө шилжүүлэхийг шаардаж байгаа. Хэрэв бидний шаардлагыг хүлээж авахгүй бол бид тэмцлийн хэлбэрт шилжиж, Ерөнхийлөгчийн хориг тавих хүртэл арга хэмжээ авхуулахаар эсэргүүцлээ илэрхийлнэ” гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.11.6 БААСАН № 215 (6440)