Б.ДОЛЖИНЖАВ

Ажилчин ангийнханд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх чуулга уулзалт зохион байгуулж байгаа талаараа “Ажилчдын хөгжлийн нэгдсэн төв” ТББ-аас өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Энэ ТББ ажилчин ангийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.

Энэ үеэр “Ажилчдын хөгжлийн нэгдсэн төв” ТББ-ын захирал Б.Ганзориг “Барилгын салбарт ажиллаж байгаа Монгол иргэдийн эрх ашиг маш их зөрчигдөж байна. Ажил олгогчдын итгэх итгэл буурсанаас ажилчид цалингаа авч чадахгүйд хүрсэн. Гадаадаас олон хүн  ирж барилгын салбарт ажиллаж байгааг хэвлэлүүд мэдээлсэн. Үүний дараа зайлшгүй ажиллах хүчний шаардлагаар гадаад иргэдийг ажиллуулж байна гэж төр засаг мэдэгдсэн. Гэтэл улс орныхоо бүтээн байгуулалтад Монгол иргэдээ дайчлахгүй бол ажилчин анги нийгмээс хаягдлаа. Улсын эдийн засаг доройтсон, ажилгүйдэл ихэссэн цаг үед ажилчин ангиа ялгаварлаж, гадаадаас ажиллах хүч аваад байдаг нь ямар учиртай юм бэ. Тиймээс Монгол залуус ажиллах чадвартай гэдгийг харуулах зорилгоор “Монгол хүч-5000” төслийг хэрэгжүүлэхэд бэлэн боллоо. Энэ  хүрээнд ажилчин ангийнхны анхдугаар чуулга уулзалтыг энэ сарын 17-нд Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулна. Уулзалтаар барилгын салбарт ажиллаж буй залуус тулгамдаж буй асуудлаа хэлэлцэнэ. Хуралд ХНХЯ, Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогчдын холбоо, Барилгачдын холбоо, Нийслэлийн нийгмийн даатгалын газар, хотын удирдлагын төлөөлөл оролцоно. Тогтмол цалин авч, сайхан амьдралаа цогцлоохын төлөө ажилчин ангийнхан нэгдэж, төр засагтайгаа хамтарч ажиллах зорилгоор энэ хурлыг зохион байгуулж байна” гэж ярилаа.

Эх сурвалж:www.polit.mn