Б.ДОЛЖИНЖАВ, Т.САЙХАН

 

АНУ-ын ерөнхийлөгчийн 59 дэх удаагийн сонгуульд Бүгд найрамдах намаас одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп, Ардчилсан намаас дэд ерөнхийлөгч асан Жо Байден нар өрсөлдөж байна. Энэ сонгуулиар ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчөөс гадна Америкийн сонгогчид Сенатын танхимын 35 гишүүнийг, Төлөөлөгчдийн танхимын  435 гишүүн, 11 муж улс, бүс нутгийн захирагч нарыг мөн орон нутгийн засаг захиргааны удирдлагыг сонгох юм. Өчигдөр орой Улаанбаатарын 19:30 цагийн үед Жо Байден 238, Дональд Трамп 213 төлөөлөгчийн санал авсан байна. Энэ удаагийн сонгуулиар хамгийн багадаа 270 төлөөлөгчийн санал авсан нэр дэвшигч ялах юм. Сонгуулийн явцтай холбогдуулан нэр дэвшигчид өөрсдийн байр, сууриа илэрхийллээ.

Тухайлбал, эцсийн үр дүн гараагүй байхад Трамп  Жо Байден саналыг луйвардсан гэж мэдэгдэж, санал хураалтыг зогсоохыг шаардсан нь ихээхэн анхаарал татсан үйл явдал байлаа. Тэрээр “Бид бүх зүйлийг ялна гэж итгэж, том үйл ажиллагаанд бэлдсэн. Гэтэл гэнэт бүх зүйл цуцлагдлаа. Энэ бол америк иргэн бүрийг хуурсан, ичгэвтэр явдал юм.  Ний нуугүй хэлэхэд би энэ сонгуульд яллаа” хэмээн мэдэгдэв. Сонгууль эхлэхээс өмнө Трамп ялагдвал үр дүнг нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн ярьж байсан билээ.  Харин түүний өрсөлдөгч Жо Байден “Энэ сонгуульд хэн ялсныг зарлах нь Трамп эсвэл миний хийх ажил биш. Бид ялна гэдэгтээ итгэлтэй байна. Ялалт тун ойрхон байна” гэж мэдэгдэв.  Харин сенатын 35 гишүүнээс 29 нь Бүгд найрамдах намынх, төлөөлөгчдийн танхимын 435 гишүүнээс 369 нь Бүгд найрамдах намаас сонгогджээ. Санал хураалтын эцсийн дүн хэзээ гарах нь одоогоор тодорхойгүй байна.

Их гүрний энэ сонгуультай холбогдуулан ТВ-9 телевизээс зохион байгуулсан “АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль-2020” хэлэлцүүлэгт оролцсон хүмүүсийн байр суурийг хүргэж байна.

 

Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр: Трамп хэлснээ заавал хийдэг онцлогтой

-Олон хүнтэй муж нь саналаа өгчихвөл бусад жижиг мужийн иргэдийн саналаас үл хамаараад тухайн нэр дэвшигч ялалт байгуулах,  популистууд дарангуйлагч болохоос сэргийлж АНУ одоогийн сонгуулийн системд шилжсэн.


-Шударга сонгууль  хэрхэн явуулдгийг АНУ-аас харж болно. Иргэд  нь шударга хүнийг сонгодог учир тус улсын түүхэнд  үйл хэргээсээ урвасан  төлөөлөгч байдаггүй.


-“Ардчилал гэж аливаа хэт давамгай байдлыг арилгахыг хэлнэ” гэж АНУ-ын судлаач хэлсэн байдаг. Тэгэхээр хэн нэг нь давамгайлчихвал тэр дөрвөн жилийн хугацаанд ардчилал үгүй болно.


-Сонгогчдод амласан зүйлээ заавал биелүүлдэг нь Дональд Трампын давуу тал юм. Түүний энэ үйлдэл “Хэлснээ заавал хий” гэдэг сургамжийг улстөрч төдийгүй иргэдэд үлдээж байна.


-Трампын  сул тал нь ямар нэгэн шийдвэр хэрэгжүүлэхдээ бизнес сэтгэлгээгээр үргэлж ашиг хардаг юм. Мөн олон улсын харилцааг зоосны нүхээр хардаг.


-Жорж Буш ерөнхий­лөгч манай улсад айл­чилсан нь хоёр орны харилцааг гүнзгийрүүлсэн. Тэрээр 285 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд дэмжлэг үзүүлсэн.

 

Монгол Улсаас АНУ-д сууж байсан Элчин сайд асан Б.Алтангэрэл: Байден ялбал худалдааны дайнд зөөлөн уур амьсгал гарна

-Монгол, АНУ хоёр дипломат харилцаа тогтоогоод 33 жил болж байна. Энэ хугацаанд АНУ манай улсын хамгийн найдвартай гуравдагч хөрш болж чадсан. Ардчиллыг тууштай сонгосон орон гэдгээр Монголын хэрэгжүүлж байгаа бодлогыг АНУ дэмждэг.


-Төрийн нарийн бичгийн дарга асан Жон Кэрри 2017 онд манай улсад айлчлахдаа  “Монгол  бол Ази дахь ардчиллын баян бүрд” гэж хэлсэн.


-АНУ-ын сонгуульд аль намын ямар ч гишүүн гарч ирсэн манай улсын харилцаа, баримталж буй бодлого өөрчлөгдөхгүй. Жил ирэх тусам хоёр орны харилцаа олон салбарт эрчимжиж, дээш өгсөх замаар явж байгаа.


-Трампын үед Европын холбооны харилцаа,  Хятад­тай хийж буй худалдааны дайны нөхцөл байдал хүндэрсэн. Харин Байден ялбал Европын холбооны харилцаа болон АНУ, Хятадын худалдааны дайнд зөөлөн уур амьсгал гарна.


-Трампын үед арьс өнгөөр ялгаварлах үзэл газар авч, өнгөт арьстан олноороо амьдардаг мужуудад эсэргүүцлийн жагсаал гарсан. Хэрэв Трамп ялбал энэ байдал улам даамжирна.


-Үнэн хэрэгтээ ерөнхийлөгчөө дахин сонгох төлөөлөгчөө сонгож байгаа юм. Тиймээс зарим судлаач ерөнхийлөгчөө шууд сонгодоггүй тогтолцоотой гэж шүүмжилдэг. 

 

Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн:  АНУ Монголд шинэ ертөнц нээж өгсөн

-Манай улс 1987 онд АНУ-тай дипломат харилцаа тогтоосон. Энэ нь 1990 оны эхэн үеийн улс төр, эдийн засгийн хүнд хэцүү цаг үеийг туулахад их хэрэг болсон.   Тэр үеийн АНУ-ын ерөнхийлөгч Буш,  Төрийн нарийн бичгийн дарга нар Монгол Улсад үнэхээр их анхаарал тавьсан байдаг.  Үүний тод илрэл нь 1990, 1991 онд Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бэйкэр манай улсад айлчилсан явдал юм.


-Айлчлалын гол ач холбогдол нь хожмоо хандивлагчид гэдэг бүлэг бий болгож, Монголд энэ жил хэдий хэмжээний хөрөнгөөр хэрхэн туслахаа шийддэг ийм механизмыг бий болгосон. Энэ асуудал АНУ барууны орнуудыг манлайлан оролцсон билээ. 


-Нэгдсэн тоогоор АНУ манай улсад 250 сая ам.долларын тусламж үзүүлсэн гэж ярьж байна. Үүнээс гадна бид 1990 оноос хойш ОУВС, Дэлхийн банк,  Азийн хөгжлийн банкны нэн хөнгөлөлттэй зээлд их хамрагдсан.  Тухайн байгууллагууд Монгол Улсад элэгтэй хандахад мөн  АНУ-ын нөлөө их байлаа. Тэгэхээр бид АНУ-ыг гурав дахь хөрш гэж үзэхээс өөр аргагүй юм. 


-Нөгөө талаар Жеймс Бэйкэрийн айлчлал  Монгол АНУ-ын харьцаа төдийгүй манай улс цоо шинэ ертөнцтэй харьцах тулгын чулуу болж өгсөн.


-Иймээс 1997 онд Жеймс Бэйкэрийг манайх “Эрдэнийн очир” одонгоор шагнасан.

 

Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болд: АНУ-ын ард түмэн үр дүнтэй тогтолцоог сонгож чаддаг

-АНУ-ын сонгууль нэгдүгээрт, АНУ-даа бодлогын томоохон өөрчлөлтүүдийг авчирдаг.  Мөн эдийн засгийн нэн хамааралтай орнуудад чухал ач холбогдолтой.  Харин Монгол Улсын хувьд ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн төдийлөн нөлөөтэй биш.  Бид өмнө нь ямар түвшинд харилцаж ирсэн,  тэр л хэвээрээ байна. 


-Бид АНУ-тай тодорхой биш, учир дутагдалтай харилцаатай байсан. Харин одоо маш ойлгомжтой чиглэлийг гаргаж авч чадсан.  Өмнөх зуунд АНУ, ОХУ хоёр их гүрний дунд гол өрсөлдөөн явж ирсэн бол энэ зуунд АНУ, БНХАУ-ын хооронд өрсөлдөөн нэмэгдэж байна.


 -Өнөөдөр хуваагдмал байдал Ази тивд их байна.  Олон зөрчлийн талбар бий боллоо. Энэ асуудалд Монгол Улс маш ухаалаг, зарчимтай, санаачилгатай байхаас өөр арга байхгүй.


 -АНУ ардчилсан улс гэдгийн хамгийн том давуу тал нь сонгуулиар илэрдэг.  АНУ-ын ард түмэн хамгийн үр дүнтэй тогтолцоог сонгож чаддаг.  Энэ бол ардчилал юм.


-Өнөөдөр Ерөнхий­лөгчийн сонгуулийн үр дүн ямар ч байлаа гэсэн гадаад, дотоод бодлого нь нээх том өөрчлөлт гарахгүй.  Хувь улстөрчийн онцлог л гарах уу гэхээс Трамп,  Жо Байден нарын хэн нь ч  АНУ-ын тулгуур бодлогод халдаж чадахгүй.  Энэ бол ардчиллын гайхалтай том давуу тал юм.

 

Олон улсын харилцаа судлаач Л.Бямбаханд: Трампын сул тал бол COVID-19

-Сонгуулийн өмнө болсон санал асуулгаар Жо Байден нэр дэвшигч өнгөлж байсан. Гэхдээ зарим нэг савалгаатай мужууд сонгуулийн дүнг яаж ч өөрчилж мэднэ. 


-Мөн энэ удаагийн сонгуульд урьдчилан санал өгөх байдал маш өндөр хэмжээнд явагдлаа. 100 гаруй сая иргэн урьдчилаад саналаа өгчихлөө. Энэ  нь сонгуулийн дүнг урьдчилан мэдэх боломжийг хязгаарласан.


-Трампын гол шүүмжлүүлж байгаа асуудал бол COVID-19.  Үр дүн муутай ажиллаж байна гэж иргэд дүгнэж байна.  Жо Байден ялсан тохиолдолд бүх нийтээр тест хийхийг сайжруулна гэсэн амлалт өгсөн байна.  Нэг мужид 10-аас дээш тооны тест хийх төв байгуулахаа илэрхийлсэн.


-Харин Трамп вакцины асуудалд хүч хаяна гэсэн.  10 тэрбум ам.долларыг вакцинд зарцуулахаа ирэлхийлжээ.


-Эдийн засгийн хүрээнд Жо Байден дунд давхаргын амьжиргааг сайжруулж нэг цагт авч байгаа цалингийн доод хэмжээг 15 ам.долларт хүргэнэ. 400 мянгаас дээш орлоготой иргэдийн татварыг нэмэгдүүлэхээ илэрхийлсэн. Мөн Жо Байден уур амьсгалын өөрчлөлтөд анхаарна гэж амласан байдаг.

 

Олон улсын харилцааны судлаач, элчин сайд асан Д.Баярхүү: Трамп Америк нэгдүгээрт гэсэн бодлого баримталсан

-Дэлхийд тэргүүлэгч гүрэн АНУ-ын Ерөнхийлөгч хэн байх нь олон улсын гадаад бодлогод нөлөөлдөг учраас сонгууль  нь дэлхий дахиныг донсолгосон үйл явдал болдог. Мөн бүх нийтээрээ хямралд орсон онцгой нөхцөлд сонгууль болж байна.


-Өнгөрсөн хугацаанд Трамп стандарт бус шийд­вэрүүд гаргасан. Улс төрийн инстуцийн хажуугаар өөрөө бие даасан шийдвэр гаргадаг. Тухайл­бал, твиттертээ бичсэн зүйлээ бодлого болгон хэрэгжүүлсэн тохиолдол бий.


-АНУ-ын гадаад бодло­гыг санхүү мөнгөний үүднээс харах гэж оролдсон. Зарим уламжлалт бодлогоос татгалзаж, Америк нэг­дүгээрт гэсэн бодлого барим­талсан.


-“АНУ бол үндэсний төрт улс мөн. Бусад орны эрх ашгийг хамгаалах гэж АНУ ганцаараа зовох ёстой юм бэ. Эдийн засаг, улс төрөө ч бэхжүүлж чадалгүй Обама мөнгөө найман жил тараачихлаа. Энэ мөнгийг цуглуулж авъя” гэж Трамп гарч ирсэн.


-“Хятадыг бид байранд нь буцаана, ухраана. Яагаад дэлхийд цойлж гарч ирээд АНУ-тай хамт хөгжчихвөө” гэж Трамп худалдааны дайн дэгдээгээд одоо түүндээ ялагдаж байна.


-Хэн ч ялсан ОХУ, АНУ-ын харилцаа сайжрахгүй.

 

МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн дэд профессор С.Батцэцэг: Ямар  ч намын хүн  ялсан АНУ-ын гадаад бодлого өөрчлөгдөхгүй

-Трампын засаг захиргааны үед манай хоёр улсын харилцаанд эерэг өөрчлөлт гарсан.


-Байденийн гадаад бод­лого өмнөх ерөнхийлөгчөөс ялгаатай. Гэхдээ АНУ-ын гадаад бодлогын залгамж халаа маш сайн. Ямар намын хүн гарсан ч нэг их өөрчлөгддөггүй, тогтвортой байдаг.


-Трамп2016 оны нэгдүгээр сард тангаргаа өргөөд огцом шийдвэрүүдийг хэрэгжүүлж, АНУ-ын дэлхийн тавцанд гүйцэтгэх үүргийг багасгасан.


-Дэлхий дахиныг хамарсан тахал дэгдсэн, хамт тэмцэх ёстой онцгой үед Дональд Трамп америк нэгдүгээрт гэсэн, дотогшоогоо хумьсан бодлогоо явуулахгүй байх. Харин цар тахлын дараах АНУ-д тохирсон шинэ гадаад бодлого хэрэгжүүлэхийг үгүйсгэхгүй.


-Жо Байден ялбал илүү их либерал шинжтэй, олон улсын тавцан дахь АНУ-ын үүргийг хүчирхэгжүүлсэн гадаад бодлого хэрэгжүүлэхээ сонгуулийн компанит ажлын үеэр зарласан.  Тухайлбал, АНУ, Хятадын харилцаанд Трампаас огт өөр бодлого явуулна.


-Монгол Улс гуравдагч хөршийн бодлогын судалгааг сайжруулах шаардлагатай. Гуравдагч хөрш гэсэн нэршлээс өөр зүйл мэдэхгүй байна.

 

Америк судлаач Ц.Баатар: Жо Байден эдийн засгийн өөрчлөлтүүдийг хийнэ

-АНУ Монголын харилцаа эхэн үедээ үнэхээр эдийн засгийн чухал ач холбогдолтой байлаа.  Тухайн үед үе шаттайгаар Монгол Улсыг хандивлагчдын хараанд өртүүлж чадсан.  Жил бүр манай улсад хандив, тусламж өгч ирсэн.


-Манай улсын зогсонги байсан эдийн засаг  АНУ-ын нөлөөгөөр сэргэсэн.  Хоёр орны эдийн засгийн харилцаа хэдийгээр хүрсэн түвшинд хүрээгүй гэж үздэг ч цаг үеийн шалгуураар хоёр орны харилцаа хандив тусламжаар хязгаарлагдахгүйгээр өргөжин хөгжиж ирлээ. 


-Жо Байден Ерөнхий­лөгчөөр сонгогдвол нэн тэр­гүүнд COVID-19-д анхаарна.  Түүний дараа эдийн засгийн том өөрчлөлтүүдийг хийх болов уу.  Одоогийн байдлаар АНУ цар тахлын үеийн нас баралтаараа дэлхийд тэргүүлж байна.  Гэвч Трампын тал үүнийг тоохгүйгээр жагсаал цуглаан хийсээр байгаа нь сонгуулийн дүнд эерэгээр эсвэл бүр эсрэгээр нөлөөлж магадгүй байна.


- Ер нь хэн нь ч ялсан Монгол АНУ-ын харилцаа шат ахисан түвшинд явах байх . Гуравдагч хөршийн хуралдааны бодлого маань цаашид батлагдана.


- АНУ-ын эдийн засаг өнгөрсөн хоёрдугаар сард 3.4 хувийн өсөлттэй байсан.  Харин гуравдугаар сараас хойш өсөлт ерөнхийдөө зогслоо.  Ажилгүйдэл 7.9 хувьд хүрсэн.  Трамп үүнийг хэвийн байдалд оруулж чадах эсэх нь тодорхойгүй байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.5 ПҮРЭВ № 214 (6439)