Ч.ОЛДОХ
Улаанбаатар удахгүй гоё болно. Түгжрэлийг мартана, утаа үлгэрт үлдэнэ. Хот хаяагаа тэлэхгүй, харин газар доор Гандирс сүндэрлүүлнэ. Хөрсний бохирдол гэдэг үгийн утгыг хойч үеийнхэн “Толь бичиг”-ээс хайна. Хүмүүс хот, хөдөөгөөр талцахгүй амар сайхандаа жаргана. Энэ наргиа биш, бодитоор бий болох нийслэлийн маань ирээдүй. Ийм болгоно гэж Засгийн газар төсөл санаачилсан юм. Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөс ийм төсөөлөл бууж байна.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өчигдөр Эдийн засгийн байнгын хороонд танилцуулсан юм. Түүний хувьд хот төлөвлөлт төдийгүй улс орны бүтээн байгуулалтын галт тэрэгний жолоог барьж яваа залуурч. Иймээс уг төслийг “Хотыг хөгжүүлэх Б.Мөнхбаатарын хувилбар” ч гэж болох. Шинэчилсэн найруулгын төсөл нь хот байгуулалтын эрх зүйн орчныг сайжруулах зорилго бүхий 10 бүлэг, 60 зүйлтэй юм. Хүн амын эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас сэргийлсэн бүс нутаг, хот, суурин газрыг төлөвлөх, байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах нь хуулийн төслийн зорилго аж.
Төсөлд шинээр болон шинэчлэн тусгасан зохицуулалтууд ерөнхий, хэсэгчилсэн, нарийвчилсан гэх төлөвлөгөөгөөр дүүрчээ. Эхнийх нь баримт бичгийн, дараагийнх нь санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэх үе шат гэнэ. Ингэхдээ хот байгуулалтын бүсчлэлээр нь түүнд тавих шаардлагыг одоогийн зохицуулалтаас илүү нарийвчлан тусгасан гэж салбарын сайд онцолсон байна. Хамгийн гол нь энэ удаа хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч иргэн хуулийн этгээд, төрийн бусад байгууллагын чиг үүрэгт нэг зүйлийг тодорхой тусгажээ. Тэр нь хүрээлэн буй орчин түүх, соёлын дурсгалт газрыг хадгалж хамгаалах, тэдгээрийн зохистой үйл ажиллагааг дэмжих тухай юм. Ингэснээр нэг нам гарч ирээд хөшөө дурсгалтай тэмцдэг, түүхийн дурсгалд өөрсдийн дур зоргоор ханддаг явдал цэглэгдэх бололтой.
Хуулийн төсөл батлагдсанаар хот байгуулалтын талаарх хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчил арилна. Ногоон хөгжлийн шаардлагыг хангасан, “Ногоон хот байгуулалт” бий болох нөхцөл бүрдэнэ. Цаашид хот, суурины тэлэлт, шаардлагагүй дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, одоогийн үүссэн бүх хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуусан.
М.Оюунчимэг гишүүн “Нийслэл ерөнхий инженергүйгээс хот төлөвлөлтийн асуудал эмх замбараагүй болж, төвдөө хүүхдийн тоглоомын талбай бүү хэл хүн явах боломжгүй барилга, орон сууцууд барьж байгаа асуудлыг Барилга, хот байгуулалтын яам болон нийслэл, холбогдох байгууллагууд хамтран шийдвэрлэх, дэд бүтэц бүхий гэр хороолол руу барилгажилтыг тэлэх хөшүүргийг бий болгох тал дээр шуурхай ажиллах, хууль, дүрэм, журмуудыг мөрдүүлэх, үүнд хяналт тавих ажлуудыг чанартай хийх нь зүйтэй” гэв. Ц.Даваасүрэн гишүүн “Хууль тогтоомжийн хэрэгжилтэд онцгойлон анхаарах ёстой. Энэ төсөл дээр хууль зөрчвөл Зөрчлийн тухай хуулиар шийтгэхээр тусгасан байна. Өнгөрсөн хугацаанаас хуримтлагдсан “зовлон”-гийн шалтгаан бол хууль зөрчсөн байсан ч хариуцлага хүлээдэггүй асуудал. Энэ төрлийн хууль тогтоомжийг зөрчсөн нэгнийг мөнгөн торгууль ногдуулах байдлаар хариуцлага хүлээлгэх нь оновчгүй” гэлээ. Харин Ж.Ганбаатар гишүүн нэн тэргүүнд нийслэлд дэлхийн жишгээр доошоо барилгажилт явуулдаг болох шаардлага бий. Зарим улс 10 давхар барилга барьж байгаа тохиолдолд газар доор хоёр давхар, 20-30 давхар тохиолдолд доошоо 4-5 давхар байгуулах, 100 метр квадрат орон зайд 10 автомашины зогсоол ногдох гэсэн шаардлага тавьснаар зогсоолын асуудлыг шийдвэрлэдэг шийдлүүд байгааг дурдлаа. Хуулийн төслийг байнгын хороо дэмжсэн бөгөөд удахгүй УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж батлах үеэр доторх асуудлууд улам тодорхой болж, нэг ёсондоо хотын ирээдүйн хөгжлийн зураг гарах биз ээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.11.5 ПҮРЭВ № 214 (6439)