Б.ОД
ТВ-9 телевизийн “АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль-2020” шууд нэвтрүүлэгт оролцож байгаа Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын байр суурийг хүргэж байна.
- АНУ-д энэ жил 135 сая сонгогч саналаа өгнө. Шуудангийн саналыг энэ сарын 6-ныг хүртэл хүлээн авна. Тиймээс өнөөдөр орой 270 санал гарч ирэхгүй байж болно. Урьдчилж санал өгсөн хүмүүсийн ихэнх нь Байданыг дэмжигч байх магадлал өндөр. Харин Трамп дэмжигчдээ урьдчилж саналаа өгөхгүй байхыг уриалсан учир шуудангийн саналаар Трампад олон хүн саналаа өгсөн байх магадлалтай. АНУ олон мужтай учраас өвөрмөц сонгуулийн тогтолцоотой. Тодруулбал, АНУ-ын парламент конгресс болон сенат гэсэн хоёр танхимтай. Нийт 538 гишүүнтэй. Муж болгон конгрессын гишүүнээ сонгоно. Эдгээр 538 гишүүн 41 хоногийн дараа цугларч саналаа өгнө. Энэ 538 гишүүний 270 ба түүнээс дээш төлөөлөгчийн саналыг авсан хүн ялж, албан ёсоор АНУ-ын ерөнхийлөгч болно. АНУ-д олон хүнтэй муж нь саналаа өгчихвөл бусад жижиг мужийн иргэдийн саналаас үл хамаараад тухайн нэр дэвшигч ялалт байгуулах, популистууд дарангуйлагч болохоос сэргийлж өнөөдрийн сонгуулийн системд шилжсэн.
-АНУ-ын иргэд шударга хүнийг төлөөлөгчөөрөө сонгодог. Учир нь тус улсын түүхэнд үйл хэргээсээ урвасан төлөөлөгч байдаггүй. Шударга сонгууль яаж болдгийг АНУ-ын сонгуулиас бид харж болно. “Ардчилал гэж аливаа хэт давамгай байдлыг арилгахыг хэлнэ” гэж АНУ-ын судлаач хэлсэн байдаг. Тэгэхээр хэн нэг нь давамгайлчихвал тэр дөрвөн жилийн хугацаанд ардчилал үгүй болно. Тиймээс АНУ-ын сонгогчид энэ давамгай байдлыг арилгахыг хичээж, шударга хүмүүсийг сонгодог.
-Сонгогчид амласан зүйлээ заавал биелүүлдэг нь Дональд Трампын давуу тал юм. Түүний энэ үйлдэл “Хэлснээ заавал хий” гэдэг сургамжийг улс төрч төдийгүй иргэдэд үлдээж байна. Манай улсын улс төрчид сонгуулийн үеэр олон сайхан зүйл амладаг ч хэзээ ч биелүүлдэггүй. Ер нь сайхан зүйлс ярьдаг биш амласнаа биелүүлдэг хүнийг улс төрч гэж нэрлэе. Трампын сул тал нь ямар нэгэн шийдвэр хэрэгжүүлэхдээ бизнес сэтгэлгээгээр үргэлж ашиг хардаг юм. Монгол Улсад ч мөн бизнесменүүд нь улс төртэй хутгалддаг.
-Сүүлийн хэдэн жил АНУ-ын эдийн засаг өсөлттэй явж ирсэн. Гэтэл цар тахал гарснаар тус улсын эдийн засаг унаж, ажлын байрны тоо багассан. Тиймээс Трамп цар тахлаас болж ялагдаж магадгүй. Трамп, Байдан хоёрын хэн нь ч ялсан улсынхаа эдийн засгийг дэмжих тал дээр анхааран ажиллана.
Эх сурвалж:www.polit.mn