Р.ОЮУН
Хөл хорионд байсан хүүхдүүд энэ намраас өөрсдийн хүссэн дугуйландаа явж цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжтой болсон. Тиймээс Хүүхдийн урлан бүтээх төвийн Арьсан урлалын дугуйлангийн сурагчдын бүтээлийг сонирхсон юм. Хүүхэд бүр зураг зурах, дуулж, бүжиглэх, шүлэг унших, хөгжим тоглох дуртай байдаг. Бид энэ удаагийн “Бүнээ, Сүнээ хоёр” булангийн зочноор өөрийнхөө зурах чадварыг хөгжүүлж буй 12 дугаар сургуулийн 6ё ангийн сурагч Ч.Бумшүрийг онцоллоо. Тэрээр энэ дугуйланд хоёр дахь жилдээ хичээллэж байгаа. Зураг зурснаар гараа зүгшрүүлэхээс гадна хүн, амьтны биеийн харьцааг сайн гаргадаг болж байна. Дугуйланд сураагүй байхдаа хүний биеийг дандаа буруу зурдаг байсан байна лээ. Бас хөл хорионы үед баатрууд коронавирусыг арилгаж байгаа зураг зурсан. Зурагаа тосон болон өнгийн харандаагаар зурдаг гэсэн юм.
Биднийг ийн ярилцах үед Арьсан урлалын багш Э.Бямбасүрэн “Хүүхдүүд эхний ээлжинд уран зургийнхаа суурь мэдлэгийг олж авсаны дараа арьсан дээр бүтээл хийдэг. Арьсаар бүтээл хийхийн тулд эхлээд хүн, амьтны биеийн анатомийн харьцаа, өнгө судлал, зохиомжийг сайн зурж сурсны дараа дараагийн бүтээлийг нь гаргадаг. Арьс ямар үнэтэй билээ. Цаас шиг тоглоод хаяж болохгүй. Тиймээс зураг нь сайжраад ирэхээр арьсан дээр хөрвүүлээд бүтээл хийлгээд тавихаар хүүхдүүдэд сонирхолтой байдаг. Ялангуяа, охид арьсны өөдсөөр ээмэг, бугуйвч, гоёлоо хийх хайрцаг, тэлээ их хийдэг. Яагаад гэвэл арьсаа таньж мэднэ. Цаашлаад хэрэглээний зүйлүүдээ илүү сайн хийж сурдаг” гэж байлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.11.3 МЯГМАР № 212 (6437)