Б.ГАРЬД
Долоо хоногийн даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг журамтай. Энэ дагуу УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр буюу 2020 оны аравдугаар сарын 26-нд Төрийн ордны Сүхбаатар танхимд хуралджээ.
Хуралдаан нь хаалттай явагдсан байна.
МАН-ын бүлгийн гишүүд энэхүү хаалттай хуралдаанаараа Монгол Улсын хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хөндөж “ярилцсан” байгаа юм.
Эрхэм гишүүд хаалттай хаалганы цаана ямар байр суурь илэрхийлсэн талаарх мэдээллийг “Зууны мэдээ “сонин хүргэж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Шүүхийн хуулийг анхаарах хэрэгтэй. Бид хууль тогтоогчид гэдгээ ойлгож, нэгдмэл ажиллах цаг ирсэн байна.
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:
-Өвлийн хүйтэнд зогсож байхдаа шүүх хуулийг хараат бус болгохын төлөө тэмцсэнээс эрх мэдлийг нэг хүнээс аваад нөгөөд өгөх гэж зориогүй юм. Орон нутгийн сонгуулиар энэ байдал илэрхий мэдрэгдэж эхэлж байна. /Мөн тэрээр ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлтэй холбоотой хууль бусаар тагнасан, чагнасан гэх асуудлаар намынхаа бүлгийн гишүүдэд мэдээлэл өгчээ.
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
-Тийм учраас л би Шүүхийн тухай хууль гээд байгаа юм. Хувийн хэвшил рүү хэт орж байгаа асуудал ч үүнтэй холбоотой. Нэг хүнээс нөгөөд дамжаад явж байгаа болохоос биш хонгил нурахгүй байна. Тогтолцоогоор нь харахгүй бол болохгүй болчихсон.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Ингээд дуугүй байгаад байвал асуудал хурцадна. Ерөнхийлөгч чинь Путинд дуртай хүн. Зургаан жил болоод дахиад сунгая гэж дайрна. Дарангуйлал үүсч байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-100 жилийн ойд одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс өөр ирэх Ерөнхий сайд үлдэхгүй болох нь. С.Баяр, Ж.Эрдэнэбат хоёр шоронд орчихсон. Одоо М.Энхболд, Сү.Батболд нарын асуудал яригдаж байна.
УИХ-ын гишүүн, Тусгай хяналтын дэд хорооны дарга Сү.Батболд:
-Над дээр асуудал явж байгаа юм байна гэж ойлгосон. Монгол Улсын хууль хяналтын байгууллагаар огт яваагүй зүйлийг аль нэг орны тусгай байгууллагын захиалгаар хийдэг цаг ирж байгаа юм байна. Мөрдөн шалгаагүй зүйл шүүх дээр очно гэж байх уу.
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
-Бид хүсвэл эвтэй байж чадна. Бид хүсвэл юуг ч даван туулж чадна. Ер нь Ерөнхийлөгч бол шүүх болчихоод байна. Нэг хүн зөв шийдвэр гаргаж явна гэдэг хэцүү.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
-37 он эргэж босч ирж байна. Ер нь хэлмэгдүүлдэг болсон. Хэлмэгдсэн хүмүүсийн материалыг задалъя. Хожим үр хүүхэд нь харж байх ёстой.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
-Ж.Эрдэнэбат бүрэн эрхтэй гишүүн байхдаа шүүхээр шийтгүүлсэн. Яагаад Халдашгүй байдлын дэд хороо Ж.Эрдэнэбатын асуудлыг анхаарахгүй байгаа юм бэ.
МАН-ын бүлгийн гишүүд ингэж байр сууриа илэрхийлцгээв. Түүнчлэн “...З.Энхболдыг ЕТГ-ын дарга байхаас томилгоо хийхдээ халагдах өргөдлийг нь хамт авдаг болсон. Үүнийг шалгах хэрэгтэй. Мөн АТГ-ын даргыг Ерөнхий сайд томилдог болох ёстой. Энэ бол Үндсэн хуулийн зарчим” гэсэн зүйлүүдийг ярьжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.10.27 МЯГМАР № 207 (6432)