2020 оны 10 дугаар сарын 16 Улаанбаатар хот
2020 оны 10 сарын 15-ны өдөр болж өнгөрсөн Орон нутгийн сонгуулийн дүн гарлаа.
МАХН энэ удаагийн Орон нутгийн сонгуульд МАН-ын дарангуйлалын эсрэг үйл ажиллагаа, бодлогоо нэгтгэсэн АН болон бусад намуудтай хамтран оролцож, АН болон бусад намуудын саналыг хуваахгүйн тулд манай намаас цөөн тооны нэр дэвшигчид дэвшсэнээс Дорнод, Сэлэнгэ, Төв, Булган, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай зэрэг аймгуудад аймгийн болон сумын ИТХ-д, түүнчлэн Улаанбаатар хотын Баянгол дүүргийн ИТХ-д хуралд төлөөлөгчөөр сонгогдлоо. МАН-ын асар их луйвар булхай, дарамт шахалтыг сөрөн тэмцэж сонгогчдынхоо итгэлийг авч шат шатны ИТХуралд сонгогдсон МАХН-ын нэр дэвшигчиддээ баяр хүргэхийн ялдамд эрх баригчдын дарангуйлалын эсрэг эр зоригийн үлгэр жишээг үзүүлж саналаа өгсөн нийт сонгогчиддоо гүн гүнзгий талархлаа өргөн дэвшүүлж байна.
Гэхдээ энэ удаагийн Орон нутгийн сонгуулиар хөдөө орон нутагт болон нийслэл Улаанбаатар хотод гарсан дүнгүүдийг харьцуулвал тэнгэр газар шиг болсон байна. Хэдийгээр МАН энэ удаагийн Орон нутгийн сонгуулийн дүнг өнгөрсөн УИХ-ын сонгуультай адил луйвар булхайн аргаар бүхэлд нь ганцхан өөртөө ашигтай гаргах гэж улайран хөөцөлдсөн ч хөдөө орон нутагт амьдарч, монгол ухаан, мөн чанараа алдаагүй байгаа олон олон сонгогчид тэдний луйврыг жигшин зэвүүцэж олон аймагт АН-ын нэр дэвшигчдэд итгэн саналаа ухамсартайгаар өглөө. МАН-ын дарангуйлалын эсрэг МАХН-тай хамтран ажилласан АН-ын нэр дэвшигчдэд баяр хүргэж ажлын амжилт хүсэн ерөөж байна.
Өнөөдөр Монгол Улсад тулгарсан ядуурал, хууль, шүүхийн байгууллагын хүчирхийлэл, албан тушаалтнуудын хээл хахууль, дарамт шахалт, түгжрэл зэрэг асуудлууд Улаанбаатар хотод хамгийн хурцаар илэрч байгаа билээ. МАН-ынхан Улаанбаатар хотын оршин суугчдын амьдралыг өөд нь татах, ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх талаар дорвитой ажил хийгээгүй бөгөөд харин ч нийслэлийн иргэдийг баян хоосноор ялгаварлан гадуурхаж, олон мянган иргэдийг ядуур зүдүү амьдралаар нь барьцаалан тэднийг “хүнсний талонаас хасна”, “халамжийн бодлогод хамруулахгүй”, “хүүхдийг чинь цэцэрлэгт авахгүй” гэх зэргээр дарамталж, олноор нь архидуулж, саналыг нь худалдан авч, нэг хаяг дээр тэнд амьдардаггүй олон олон хүн-царцааг нэмж бичин бүртгэж, тэд нараар өөрсөддөө ашигтай санал өгүүлж сонгуулийг луйвардлаа. Дээр нь нэмж хэлэхэд МАН-ынхан “хар хайрцаг” нэртэй сонгуулийн санал хуураах, тоолох автоматжуулсан системд хууль бусаар хөндлөнгөөс орох, сонгогчдын саналыг зөвхөн өөрсдөд нь ашигтайгаар гаргах зорилго бүхий хууль бус ажиллагааг захиалах, санхүүжүүлэх, ингэснээр “төрийн эрхийг хууль бусаар авах, авахаар завдах” гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хийсэн нь баримтаар илэрсэн юм.
МАН-ынхан ийм олон зөрчил гаргаж, зөрчил бүр баримтаар нотлогдож байхад цагдаа, тагнуулын байгууллагын ажилтнууд гэмт хэрэгтнүүдийн хууль бус ажиллагааг таслан зогсоох үүрэгтэй атлаа тэднийг өмөөрөн хамгаалж, хийсэн гэмт хэргийг нь шалгаж тогтоохын оронд тэднийг хохирогч болгон гэмт хэргээс мултлах ажиллагааг сонгогчдын нүдний өмнө ичих эмээхийг мэдэлгүйгээр хийж байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болж өнгөрсөн Орон нутгийн сонгууль шударга сонгууль биш харин эрх баригчдын удирдлага, чиглэлийн дагуу төр засгийн бүх шатны байгууллага, зуу зуун албан хаагчид, тагнуул, цагдаагийнханы урьд өмнөөс нарийвчлан төлөвлөж хэрэгжүүлсэн хууль бус тусгай ажиллагаа байлаа.
МАН-ынхан Улаанбаатар нийслэл хотын Орон нутгийн сонгуулийг ийнхүү хууль бус аргаар бүхэлд нь луйвар булхай болгосон учир МАХН энэ сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Нийслэл Улаанбаатар хотын Орон нутгийн сонгуулийн луйвар булхайг бодитойгоор шалган тогтоож гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцож, энэ удаагийн Улаанбаатар хот дахь Орон нутгийн сонгуулийн дүнг бүхэлд нь хүчингүй болгохыг СЕХорооноос шаардаж байна.
МАХН нийслэл Улаанбаатар хотод Орон нутгийн сонгуулийг шинээр зохион байгуулах нь зүйтэй хэмээн үзэж манай намын энэхүү байр суурьтай ижил байр суурь баримталж байгаа улс төрийн хүчин, иргэний нийгмийн төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, шударга хүмүүс бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна.
Монгол Улсад шудрага сонгуульд үндэслэсэн ардчилсан тогтолцоог сэргээн тогтооцгооё, Монголчууд аа!
Монгол Ардын Хувьсгалт Нам