Б.ГАРЬД
Орон нутгийн сонгуулийн урьдчилсан дүн өчигдөр эрт гарлаа. УИХ-д үнэмлэхүй олон, 62 суудалтай МАН-ынхан сонгуулийн өмнөх хэд хоногт урьдын адил ялалтыг бөөндөнө гээд “баавар”-тай байлаа.
МАН-даа юу, намын дарга У.Хүрэлсүхдээ юу, аль эсвэл экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлаж, бусад фактууд дэлгээд байсанчлан хар машин, бүртгэлийн байгууллагын буянд найдсан уу. Ямартай ч тийм л байсан.
Санал хураалт дууслаа. Өнөө, маргаашийн өнгөн дээр бол МАН энэ сонгуульд ялалт байгуулжээ. Олон аймаг, олон дүүргийг, бас НИТХ-ыг олонхиороо бүрдүүлсэн байна.
Гэхдээ энэ ялалтынх нь ард удахгүй ирэх ялагдлын сүүдэр нуугдсан аж.
Сонгууль мэддэг, улс төр доторлодог хүмүүс бол Орон нутгийн сонгуулийн дүнг өчигдөр орой сонсоод л “...МАН, У.Хүрэлсүх биш болжээ” гээд эхэлж байна.
Яг л дөрвөн жилийн тэртээ Баабар намынхаа даргаар С.Эрдэнийг сонгогдоход “алга ташиж” байсан шиг “...МАН яана даа” гээд алга хавсарч суугаа хүн олон байна.
Үнэнийг хэлэхэд 2016 онд 65 суудал авсан МАН-ын нэр хүнд УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнө авах юмгүй болоод байв.
Тэрийг өөрсдөө ч ухаарч, цогтой цохилттой үгтэй дуутай, тухайн үед өндөр нэр хүндтэй байсан намын даргадаа найдсан. Тэр нь биелж дахиад 62 суудал авсан.
Гэхдээ энэ 62 суудлын тухай эргэлзээ төрүүлсэн олон зүйлийг нэр бүхий хүмүүс ярьдаг юм. Тэгэхээр тэр ялалт МАН-ын даргын нэр хүндийнх биш ч байж болно гэсэн үг.
Энэ Орон нутгийн сонгуулийн өмнө МАН-ын дарга У.Хүрэлсүхийн нэр хүнд огцом унаад байв.
Тийм учраас МАН-д ялахын тулд хэт их эрх мэдлээс өөр ил гаргаад барьчих олс байтугай таяг ч байгаагүй. Гэхдээ дээр хэлсэнчлэн яллаа, яллаа.
Харин энэхүү ялалтынх нь дүнг сайн харваас МАН-ын их ялагдлын үүд нээгдэж буй шинж тэмдэг ажиглагдаад эхэллээ гэдгийг дахиад хэлье.
Лавтай найман аймагт МАН ялагджээ.
МАН-ын үүсгэн байгуулагч Жанжин Д.Сүхбаатарын нутаг Сүхбаатар аймагт нам тавиулсан байна. Энэ аймагт МАН-ын дарга У.Хүрэлсүх бас төрсөн. Гэвч сүхбаатарчууд УИХ-ын сонгуульд өгсөн саналаа бататгаж аймгаасаа энэ намыг авч хаяв.
Анхаарал татсан бас нэг ялагдал бол Увс аймгийнх. Увс аймаг бол МАН-ын даргаар хамгийн олон жил ажилласан Маршал Ю.Цэдэнбалын нутаг. Увсынхан ардчиллыг дэмждэггүй байсан. Өнгөрсөн зуны УИХ-ын ээлжит сонгуулиар “цэнхэртэж” эхэлсэн. Сая үүнийгээ нотоллоо.
МАН-ынхан ирэх 2021 онд намынхаа 100 жилийн ойг тэмдэглэнэ. Жанжин Д.Сүхбаатарыг ярихгүйгээр, Сүхбаатар аймгаар “орж гарахгүйгээр” энэ ой болохгүй. Одоо харин жанжныхаа нутагт очиж хөшөөнд нь цэцэг өргөхдөө АН-ынхнаас зөвшөөрөл авах болж байна.
Тэд энэ жил Маршал Ю.Цэдэнбалын төрсний 104 жилийн ой, МАН-ын дарга болсных нь 80 жилийн ойг нижгэр тэмдэглэсэн. Мөн л ирэх жил тэмдэглэх намынх нь 100 жилийн ойн бэлтгэл байсан юм. Тиймээс л энэ жанжин, маршал хоёроороо сүүлийн жилүүдэд навсайтал шоудаж ирсэн хэрэг.
Гэвч удирдагчдынх нь нутгийнхан МАН-аас татгалзав.
Дээрээс нь Өмнөговь, Архангай, Булган, Хөвсгөл, Говь-Алтай, Дорнод аймгуудад АН ялалт байгуулжээ.
Бас нэг “чухал” ялагдал бол нийслэлийн Сүхбаатар дүүргийг МАН алдлаа.
Энэ дүүргээс олон удаа нэр дэвшиж сонгогдсон Сү.Батболд хүртэл 2020 онд дайжиж Дундговь руу жирийсэн. Гэхдээ л оронд нь нэр дэвшсэн МАН-ынхан эндээс улаартал гарч ирсэн.
Харин Орон нутгийн сонгуулиар Сүхбаатар дүүргийн дэвжээн дээр АН-ынхан МАН-ыг навс тавилаа.
Энэ бас л нэг том асуулт шүү. Яагаад гэж үү... Бас л Сүхбаатар нэртэй, улсын нийслэл Улаанбаатарын хамгийн гол, төв дүүрэг...
Угтаа Сүхбаатар дүүргээ алдсан Нийслэлийн МАН ялалтаа даруухан тэмдэглэх хэрэгтэй юм.
Энэ ялагдал бол нэг талаар УИХ-ын сонгуульд дээрх аймаг, дүүргүүдэд нэр дэвшиж сонгогдсон МАН-ын гишүүдийн чансааг харуулж буй хэрэг. Увсыг хувьчлаад авчихсан мэт аашилж байсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай холбоотой тэр нутаг дахь олон баримт факт нийтэд ил болж байсан. Одоо тэр зогсоно. Энэ мэтээр орон нутгийг УИХ-ын гишүүд нь өмчилдөг байж таарахгүй.
Нөгөө талаас МАН-ын нэр хүнд унасан нь ч хамаатай.
Гэвч энэ ялагдал Үндсэн хуулиар эрх мэдлээ дархалж, энэ зун олж авсан ялалтаар сандал суудлаа бэхэлж авсан МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй хамгийн их хамаатай.
Одоо мань эр Ерөнхийлөгчийн суудал зүүдлээд явж байж мэднэ. Энэ эртдэнэ. Учир нь түүний хувьд хэрэг бишидсэн байна.
Энэ хүн 2020 оны УИХ-ын сонгууль өнгөрөнгүүт эрх дархын хаан болж, хамаа замбараагүй, хяналт барилтгүй хэдэн сар дураараа дургисан.
Ийм байдал МАН-ынханд нь яаж туссаныг бүү мэд. Мань шиг жирийн иргэдэд бол тушаал шийдвэр, загнал зандралтаас нь айдас ханхалж эхэлсэн.
Тиймдээ ч судалгааны байгууллагуудын сүүлийн дүнгүүдээр байнга уруудаж гарч ирсэн биз ээ.
Хэд хэдэн ийм дүн бий.
Товчхондоо МАН-ын дарга У.Хүрэлсүхийн нэр хүнд УИХ-ын сонгуулиас хойш тогтмол уруудаж байгаа гэдгийг дахин сануулъя.
Энэ нь дээр дурдсан эрх мэдлийн хэтийдэл, иргэдийн эрх рүү өнгийсөн төр засгийн зарим шийдвэр, төрийг чихгүй болгосон олон үйлдлээс улбаатай.
Үүний нэг нь У.Хүрэлсүхийн толгой мэдэн хийдэг томилгоотой холбоотой юм. Голлох нөлөө үзүүлсэн энэ “санкц”-ын хувьд У.Хүрэлсүх өөрийн дахин тэргүүлсэн Засгийн газрынхаа Шадар сайдаар ЖДҮ-чин хочтой Я.Содбаатарыг, Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр бас ЖДҮ-чин хочтой Ж.Энхбаярыг томилсон.
Ард түмэн ЖДҮ-гийн санд албан тушаалтнууд гар дүрсэн асуудалд маш дургүй.
Тэр үед санхүүжилтээр хахаж байсан ЖДҮ-гийн сан одоо тэр мөнгө муутай, зорилтот бүлэгт нь хүрэхгүй болсон.
Тийм байтал тэдгээр ЖДҮ-чдийг төрийн том албан тушаалуудад дараалан томилсон нь У.Хүрэлсүхийн нэрийг доош нь угзрах хамгийн том бул хар чулуу болсон. Өөр бас хэд хэдэн агентлагийн дарга, төрийн өмчит компанийн захирлын томилгоо олны дургүйг хүргээд байгаа юм.
Элдэв чимэг зүйлтгүй энгийн үнэн энэ.
“...МАН яллаа” гээд л долоодог нь долоогоод, бөхөлздөгүүд нь бөхөлзөж байна. Яг үнэндээ МАН ялагдсан л юм. Хамгийн гол нь Жанжин Д.Сүхбаатар, Маршал Ю.Цэдэнбалын нутгийнхан МАН-аас татгалзсан нь У.Хүрэлсүх уруудаж эхэлснийг харууллаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.10.16 бААСАН № 200 (6425)