Т.БАТСАЙХАН

 

Өмнөх нь https://www.polit.mn/a/84910

 

Макс Планкийн нийгмийн Антропологийн хүрээлэнгийн зочин судлаач, доктор Лхамсүрэнгийн Мөнх-Эрдэнийн  ярилцлагын хоёр дахь хэсгийг хүргэж байна.  Тэрээр МУИС-д магистр, Японы Хоккайдогийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Улмаар МУИС-ийн дэд ерөнхийлөгч, Австрийн шинжлэх ухааны академи,  нийгмийн антропологийн институтад судлаач,  АНУ-ын Станфордын их сургууль дахь Станфорд хүмүүнлэгийн төвийн гишүүн зэрэг албан тушаал хашиж байсан. Социализмын дараах шилжилт, Евроазийн улс төрийн онцлог хэв шинж, хамтын ижилсэл, угсаатан зүй, үндэсний үзэл зэргээр судалгаа хийдэг судлаач эрдэмтэн юм.

 

“...Бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч нь Засгийн газарт ямар ч эрх мэдэлгүй байхад нэг тойргоос сонгогдсон УИХ-ын нэг гишүүн Засгийн газрыг ганцаарaa байгуулаад, удирдаад, командлаад байх нь ардчилсан ёс, шударга ёсонд нийцэх үү...”

 

-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болох, эс болох тухайд Давхар дээл тайлах гэж юм яригдаад тэр нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд орсон. Энэ нь парламентад, засагт, Засгийн бүх эрхийг гартаа барьж байдаг гэдэг ард түмэнд юу авчрав?

-Парламентын системийн эрх мэдлийг нэг этгээдэд төвлөрүүлдэг чанар нь Монголын дарга төвт намын системтэй хослосны улмаас УИХ үндсэндээ нэг намын даргын баг болж хувирах магадлалтай. Өнөөдөр бид яг тийм байдал үүсчихээд байна. Эрх мэдэл намын дарга-Ерөнхий сайдын мэдэлд төвлөрсөн. Засгийн газар хэрэг дээрээ Ерөнхий сайдын ажлын алба, албатуудын баг болсон бол УИХ нь Ерөнхий сайдын шийдвэрийг хуульчилж өгөх алба, баг болж хувирч байх шиг.

Харин энэ бол саяын өөрчлөлтийн гол хэсэг нь. Энэ өөрчлөлт Үндсэн хуулиар хуульчилсан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, ялангуяа “ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх” ёсонд огтхон ч нийцэж байгаа гэж бодохгүй байна. Ер нь бол УИХ ард түмний төлөөллийн байгууллага. УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөгчид. Ард түмний төлөөллийн байгууллагын эрх мэдлийг эвдэж, ард түмний төлөөлөгчдийн эрхийг хураагаад тэдгээр эвдсэн, хураасан эрх мэдлээ ард түмэнд бус харин нэг этгээдэд, нэг хүнд төвлөрүүлэх нь ардчилсан ёсонд нийцэхгүй нь илт бус уу.

-Тэгвэл энэ өөрчлөлтийн зорилго нь юу юм бэ?

-Мэдээж энэ өөрчлөлтийн уг үндэс нь засаглалыг хуваах, салгах, харилцан хазаарлах, тэнцвэржүүлэх зарчим. Харилцан бие биеэ хянадаг системтэй болох гэсэн ард түмний хүсэл эрмэлзэл. Харин энэ зарчим нь зөвхөн бидний Ерөнхийлөгчийн гэж нэрлэдэг системд л боломжтой. Тиймээс харилцан хяналттай, хууль засагладаг төр, засагтай болохыг хүсэж байгаа хэн бүхэн үндсэндээ Ерөнхийлөгчийн засаглалыг хүсэж байгаатай адил зүйл. Миний ойлгож буйгаар монголчуудын олонхи ийм бодолтой байх шиг санагддаг. Харин чухам энэ удаагийн “давхар дээлийг тайлах” шийдэл нь Ц.Элбэгдоржийн тарьсан уршиг, балаг. Ц.Элбэгдорж  нь Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагахын тулд ард түмний хүсэл эрмэлзлэлийг овжин ашиглаж “давхар дээл тайлах” гэдэг улс төрийн кампанит ажил эхлүүлсэн. Би тухайн үед нь “Давхар дээлийг тайлах нь давхар давхар алдаа болно” гэж нийтлэл бичиж (https://news.mn/r/661167/ ), мөн эдүгээ УИХ-ын гишүүн болоод байгаа Б.Жаргалмаатай Жаргалмаагийн цагаар уг асуудлыг ярилцаж байсан (https://www.youtube.com/watch?v=p2hWvpb210w ). Тухайн үед Ц.Элбэгдоржийн оруулсан хуулийн төсөл дэмжигдээгүй ч, намар нь Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсон. Гэвч Ц.Элбэгдоржийн балаг үргэлжилсээр энэ өөрчлөлт болж хувирчихаад байна.

Үүний улмаас аливаа төрийн, засаглалын системийн хамгийн суурь эрх мэдэл болох гүйцэтгэх засаглал буюу Монгол Улсын Засгийн газар ард түмнээс ч, парламентаас ч хараат бус болчихоод байна. Үндсэндээ Монгол Улсад ардчилсан бус Засгийн газар байгуулагдчихаад байж байна. Ардчилсан гэж холбох ганц холбоос нь Ерөнхий сайд болсон намын даргыг сонгосон тойрог, мөн намын даргаа үг дуугүй дэмжсэн, намын даргын баг болох УИХ. Энгийнээр бодоход бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч нь Засгийн газарт ямар ч эрх мэдэлгүй байхад зөвхөн нэг тойргоос сонгогдсон УИХ-ын нэг гишүүн Монгол Улсын Засгийн газрыг ганцаарaa байгуулаад, удирдаад, командлаад байх нь ардчилсан ёс, шударга ёсонд нийцэх үү ер нь.

-Та энэ талаар байр сууриа удаа дараа илэрхийлж бичиж байсан санагдаж байна?

-Тиймээ, би энэ асуудлаар санаа зовниж зөндөө бичсэн. Улстөрчид ч уншдаг, мэддэг санагддаг. Гэхдээ тэдний зорилго аливаа улстөрчдийн нэг адил өөрсдийн эрх мэдлээ л нэмэгдүүлэх явдал. Тэр зорилгод нь миний болон бусдын бичсэн зүйл нийцвэл өлгөж авдаг мэт. Үгүй бол хаядаг. Харамсалтай нь тэд өөрсдийн эрх мэдлээ нэмэгдүүлснээр өөрсдийн хамтын нийтийн гэр орноо нурааж буйгаа огт ойлгодоггүй. Үндсэн хуулийн угаасаа эрх мэдлийн хуваарилалтын асуудал учир нэг институцэд нэг эрх мэдэл нэмж олгоход бусад институцийн эрх мэдлийг хасаагүй байсан ч илүү эрх мэдэл авсан институц нь давамгай болж системийн тэнцвэр бүхэлдээ алдагддаг. Аль нэг институц нь давамгайлбал уг институцийн дарангуйлал тогтдог.

Чухам тийм учир, чухам улстөрчид үргэлж эрх мэдлээ нэмэгдүүлэхийг эрмэлзэж байдаг учир засаглалыг буюу төрийн эрх мэдлийг хуваах, салгах, тэнцвэржүүлэх, харилцан хазаарлах зарчим байдаг юм. Улстөрчид бүгд л өөр өөрсдийн эрх мэдлээ нэмэгдүүлэхийг эрмэлзэх болно. Тухайлбал, парламентын гишүүд эрх мэдлээ нэмэгдүүлэхийг хичээнэ. Тэгэхэд нь гүйцэтгэх засаглалын тэргүүн эрхээ алдахгүйн тулд хориг тавьж зогсооно. Гүйцэтгэх засаглал эрх мэдлээ нэмэгдүүлэх гэхэд парламент эрх мэдлээ алдахгүйн тулд таслан зогсооно гэх мэтээр.  

1992 оны Үндсэн хууль уг нь энэ зарчмаар хийгдсэн. Уг хуульд асуудал байсан уу байсан. Хамгийн том асуудал нь УИХ-д Үндсэн хуулийг өөрчлөх эрхийг олгосон явдал. Үндсэн хууль өөрөө хуулийн засаглалын биелэл. Үндсэн хууль өөрөө зохион байгуулах, төрийг байгуулах засаглал. Тиймээс төр гэдэг чинь үнэн хэрэг дээрээ Үндсэн хууль. Үндсэн хуулийн гадуур нэг ч төрийн байгууллага байхгүй. Мөн бүгд Үндсэн хуульд хуульчилсан замаар байгуулагддаг. Төр орших, хууль засаглах ёстой бол Үндсэн хуулиар байгуулагдсан байгууллага Үндсэн хуулиа эвдээд байж болохгүй. Тэгвэл Үндсэн хууль бус тэр эвдэж байгаа байгууллага засаглаж байгаа хэрэг. Энэ нь хуулийн засаглал, ардчилсан ёс, шударга ёсонд харш. Тиймээс жирийн парламент бус тусгай процедураар Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулдаг. АНУ-ын хувьд нэг бол тусгайлан Үндсэн хуулийн хурал байгуулах ёстой эсвэл Конгресс нь хоёр танхимын дийлэнх олонхоор дэмжсэнийг бүх муж улсын хууль тогтоох хурлуудын гуравны хоёр нь дэмжиж баталбал нэмэлт өөрчлөлт сая хүчин төгөлдөр болдог.

Гэтэл манайд Үндсэн хуулийг УИХ нь өөрчилдөг төдийгүй бүр нийгмээрээ, түүний дотор судлаачид гэдэг хүмүүс нь хүртэл Үндсэн хуулийг хөгжлийн урт хугацааны мөрийн хөтөлбөр ч юм шиг, тэр ч байтугай хорин жил тутамд өөрчилж байх ёстой баримт бичиг юм шиг үздэг, номлодог. Тиймээс ч 1999-2000 оны нэмэлт өөрчлөлт хийгдсэн. Мөн саяны өөрчлөлт ч хийгдсэн. Эхний өөрчлөлтөөр хурлын диктатур тогтоосон бол сүүлийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдын диктатур тогтоолоо. Ийм л эмгэнэлтэй байдалд байна даа.

 

“...Хоёр удаа сонгогддог байсан албыг нэг болгосон нь хариуцлага тооцох ардчилсан хөшүүрэг үгүй болгосон бол дөрвөн жил байсан хугацааг зургаа болгох нь Ерөнхийлөгчийг ард түмнээс ч, ардчилсан ёсноос ч тэр улам бүр хөндийрүүлсэн хэрэг...”

 

-Үндсэн хуульд  орсон гол заалт нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгосон. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулж, сонгогдсон Төрийн тэргүүн зургаан жил бүрэн эрхээ хэрэгжүүлнэ гэсэн үг. Дөрөв, эсвэл зургаа  гээд хугацаанд чанар, агуулгын ялгаа байна уу?

-Ардчилсан улс төрийн үндсэн мөн чанар нь аливаа албан тушаал хугацаатай мөн сонгуультай байх явдал. Сонгууль нь итгэмжилсэн албыг түшмэд хэр гүйцэтгэж буйг үнэлэх, дүгнэх, шүүх, хариуцлага тооцох механизм. Тогтмол хугацаа нь үнэлэлт, хариуцлага тооцолтыг тогтмолжуулж, баталгаажуулж байгаа хэрэг. Нөгөө талаар хугацаа богино байх тусмаа сонгогдсон этгээд ард түмнээс хөндийрөх нь бага. Өөрөөр хэлбэл сонгуульт хугацаа бага байх тутам сонгогдсон этгээд ард түмэнтэйгээ ойр байдаг төдийгүй, ард түмнээс тасрах боломж ч хомс байдаг гэж үздэг. Тиймээс дахин сонгогддог байх нь хариуцлагатай, зүтгэлтэй байхыг л сануулсан, шаардсан хөшүүрэг. Дахин сонгогдохгүй нөхцөлд тийм хөшүүрэг үгүй болно. Нэгэнт тийм хөшүүрэг, мөн боломж байхгүй нөхцөлд сонгогдсон этгээд өөрийн тусыг л боддог. Яагаад гэвэл сонгуульт хугацаа нь түүний хувьд олдож байгаа ганц боломж.

Энэ байдал хоёр дахь удаа сонгогдсон АНУ-ын Ерөнхийлөгч нар дээр ч тод илэрдэг. Тиймээс хоёр дахь удаагаа сонгогдсон Ерөнхийлөгч нарын хугацааг, ялангуяа сүүлийн хагасыг “доголон нугасны үе” гэдэг. Доголон буюу сарвуугүй нугас сэлэхгүй биз дээ. Доголон нугасны үедээ орсон Ерөнхийлөгч нар юу ч хийдэггүй гэж хэлж болно. Тэд ерөнхийдөө өөрсдийн эрх ашгийг л боддог. Дор хаяхад өөрсдөдөө дайсан бий болгохгүйн тулд хал балгүй байхыг эрхэмлэдэг. Франклин Рузвельтийн дараа Ерөнхийлөгчид хоёр удаа сонгогдох хязгаар тогтоосноор энэ өвчин бий болсон. Өмнө нь хоёр удаа сонгогдох хугацааны хязгаар байгаагүй. Харин Ерөнхийлөгч нар нь ихэвчлэн хоёр сонгуульт хугацаа дүүргээд буудаг байсан. Нөгөө талаар тэд ихэвчлэн ахмад хүмүүс ч байсан. Харин Рузвельт дөрвөн удаа сонгогдоод дөрөв дэх сонгуульт хугацаандаа албаа хааж байгаад нас барсан. Түүний дараа 1951 онд 22 дугаар нэмэлтээр зөвхөн хоёр удаа сонгогдох хязгаар тогтоосон. Үүний улмаас “доголон нугас” гэдэг шинэ өвчин бий болсон. Тиймээс ядахдаа хоёр удаа сонгогдог байсан албыг нэг удаа болгосноор ардчилсан хариуцлага тооцох, эсвэл зүтгүүлэх механизмгүй болгосон хэрэг.

Хоёр удаа сонгогддог байсан албыг нэг удаа болгосон нь хариуцлага тооцох ардчилсан хөшүүрэггүй болгосон бол дөрвөн жил байсан хугацааг зургаа болгох нь Ерөнхийлөгчийг ард түмнээс ч, ардчилсан ёсноос ч тэр улам бүр хөндийрүүлсэн хэрэг. Анх АНУ-ын үндсэн хуулийг батлаж байхад олон хүн дөрвөн жилийг дэндүү урт хугацаа, бараг хаан болох хугацаа гэж үзэж байсан юм шүү дээ. Чухам хаан болгохгүйн тулд хугацааг нь парламентын гишүүдийн хугацаатай уялдуулж сенаторуудынхаас хоёр жилээр дутуу, төлөөлөгчдийнхөөс хоёр жилээр урт байхаар тогтоосон юм. Тиймээс нэг удаагийн 6 жилийн хугацаатай болгосон нь үндсэндээ Ерөнхийлөгчийн албыг ард түмнээс хөндийрүүлсэн, ардчилсан ёсонд харш алхам болсон нь ойлгомжтой. 

-Парламентын сонгууль болж, найм дахь удаагийн УИХ бүрдээд байна.  Сонгууль шударга болсон эсэх асуудлаар маргаантай хэвээр байна.  Та юу гэж дүгнэсэн бэ?

-Дор хаяхад л сонгуулийн тойргууд нэг ижил тоотой бишийн улмаас сонгууль Үндсэн хуульд тунхагласан зарчмаараа явагдахаа болиод удаж байгаа. Мөн МАН, АН хоёр улс төрийн өрсөлдөөний талбарыг зөвхөн өөрсдөдөө монопольчлохын тулд янз бүрийн бохир үйл ажиллагаа бодлого явуулдаг болоод удаж байна. Ер нь МАН-ын удирдлагын хувьд Монгол Улсын иргэд зөвхөн МАН-ын гишүүн байх ёстой, АН-ын удирдлагын хувьд АН-ын гишүүн байх ёстой юм биш үү. Ийм байдал нь ардчилсан ёс, эрх чөлөө, үг хэлэх, үзэл бодолтой байх ёсонд нийцэх үү? Дээрээс нь санал худалдан авах, царцаа нүүлгэх, улмаар санал тооллогын дүнг засварлах зэрэг сонгуулийн элдэв бохир технологиуд бараг сонгуулийн байх ёстой биш юм гэхэд байдаг л зүйл болчихсон юм биш үү. Тэр ч байтугай, сонгуулийн дүнг Сонгуулийн ерөнхий хорооны удирдлага нь шийддэг гэсэн утга агуулсан бичлэг М.Энхболдтой холбоотойгоор тарж байсан. Тэр бичлэгийн дагуу Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагад хариуцлага тооцсон гэж огт сонсоогүй. Тиймээс энэ бүх бохир технологи байдаг, хэвийн зүйл болчихсон юм биш үү. Дээрээс нь энэ удаагийн сонгууль үндсэндээ онцгой байдал, хорио цээрийн нөхцөлд зохион байгуулагдсан. Онцгой байдал, хорио цээрийн нөхцөл байдал гэдэг чинь өөрөө айдас хүйдэс бий болгохын дээр иргэдийн идэвхтэй амьдралыг, иргэдийн хамт сөрөг хүчний идэвхтэй үйл ажиллагааг хорьсон үйлдэл төдийгүй, эрх баригчдыг иргэдийн тусын тулд эрсдэл үүрэн тэмцэж байгаа этгээд болгодог зүйл шүү дээ. Тиймээс ийм нөхцөлд хийсэн сонгууль хэнд ашигтай байх нь тодорхой.

Гэхдээ эцсийн эцэст Монгол Улсын Үндсэн хууль бол Монгол Улсын иргэн бүрийн эрхийн үндсэн тунхаг. Иргэн бүрийн үндсэн хууль, иргэн бүрийн үндсэн эрх. Иргэн та эрх, эрх чөлөөгөө эрхэмлэдэг бол эрхээ эдлэж эрх чөлөөгөө хамгаалах хэрэгтэй. Үндсэн хууль мөн танд энэ эрхийг олгосон. Тиймээс эрх, эрх чөлөөгөө эдлэе гэж бодож байгаа бол, ардчилсан, тэгш эрхт, шударга нийгмийг хүсэж байгаа бол эрхээ эдлэ, эрхээ яг Үндсэн хуульдаа тунхагласан ёсоор, энэ орны эзэн шиг, төрийн эрх баригч шиг эдлэж эрх баригчдаар Үндсэн хуулиа ягштал мөрдүүл л гэж хэлмээр байна. Хэрэв иргэд өөрсдийн үндсэн эрхээ хүндлэхгүй, эдлэхгүй, эрх чөлөөгөө үнэлэхгүй, ойшоохгүй эрх баригчдад энэ бүх эрх, эрх чөлөөгөө даатгаад яваад байвал юу болдгийг сүүлийн 30 жил хангалттай харуулсан гэж бодож байна.

Т.Ганболд нарын бие даагчид, улмаар ШИНЭ, МАХН, АН сонгууль шударга бус боллоо гэж мэдэгдэл хийж байгааг харсан. Мэдэгдэл хийгээд л асуудал шийдэгдчихдэг байсан бол хувьсгал гэдэг үг, ойлголт дэлхийн улс төрийн түүхэнд огт үүсэхгүй, хүмүүсийн мэдлэгийн санд тийм үг ч, ойлголт ч байхгүй байх байсан гэж хэлье. Чухам хувьсгалууд өрнөсөн учир, хувьсгалаар засгийн эрх мэдлийг солих нь дэндүү өртөгтэй байсан учир л сонгуулийг бий болгож хувьсгалыг орлуулж бас хувьсгалыг “гэршүүлж” улс орны улс төрийн амьдралын үндсэн механизм болгосон юм. Гэтэл тэр үндсэн механизмыг бусниулчихаад байгаа нь илэрхий байхад мэдэгдэл хийгээд л өнгөрч байгаа бол сонгуулийн үнэ цэнэ, ардчиллын үнэ цэнэ, эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш эрхийн үнэ цэнэ тийм л байна гэсэн үг. Мөн тэднийг мэдэгдэл хийж байхад иргэд хөндлөнгийн үзэгчийн, ажиглагчийн байр сууринаас алга таших, лайк дарах, коммент бичих хэмжээнд байгаа л бол сонгууль, ардчилал, эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш эрхийн үнэ цэнэ, өртөг тийм байна л гэсэн үг.

Ер нь та эрх, эрх чөлөөгөө ийм хэмжээнд үнэлж байхад яахлаараа таны эрх, эрх чөлөөг бусниулсан этгээд таны эрх, эрх чөлөөг танаас илүү хүндлэх, хамгаалах ёстой гэж. Тиймээс эрх, эрх чөлөөгөө бусниулсан гэж үзэж байгаа этгээддээ эрх мэдлээ итгээд, даатгаад явж байгаа бол хохь нь л болно шүү дээ. Эрх, эрх чөлөөгөө та өөрөө л эдлэх ёстой, хамгаалах ёстой, эрх мэдлээ итгэж, даатгасан этгээдээ эзэн шиг сахилгажуулах нь таны эрх, таны үүрэг. Миний мэдэхийн өрнөдийн ардчилсан гэдэг оронд иргэд нь бүгд ийм хандлагатай байдаг. Тэд Даваа, Долгорын хувьд өөр өөр хүн ч, иргэний хувьд бүгд нэг хүн гэдгээ мэддэг, тиймээс Даваагийн эрх зөрчигдөхөд бүгдийн эрх зөрчигдлөө гэж хардаг. Өөрөөр хэлбэл, нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдгийг ёстой нөгөө яс махандаа тултал ойлгосон байдаг. Тиймээс коронагийн хязгаарлалт хүмүүсийн жагсах, цуглах эрхийг зөрчлөө гэж Берлинд том жагсаал болж байх жишээтэй. Гурван зуугаад мянган хүн халдвар авч, арваад мянган хүн эндчихээд, гэхдээ Герман коронавирусийн эсрэг хамгийн амжилттай тэмцэж байгаа орон болж шалгараад байхад тэгж жагсч байгаа юм шүү дээ. Монголчуудын хувьд солиотой мэт санагдах байлгүй. Харин германчуудын хувьд бол огт тийм биш зүйл.

 

“...2016 оны сонгуулийг Эрдэнэтийн 49 хувь шийдсэн. Өөрөөр хэлбэл неолиберал дэглэм буюу зах зээлийн, арилжааны, мөнгөний дэглэм эрх, эрх чөлөө, улс төрийн эрх чөлөө, ёс суртахууны дэглэмээ залгих болсны тод жишээ тэр байсан...”

 

-Сонгуулийн дүн  2016 оныг давтсан.  Ерөнхийдөө улс орныг нэг нам тав дахь жилдээ удирдах гэж байна.  Энэ үзэгдлийг та юу гэж харж байна вэ?

-Эрх баригч нам өнгөрсөн сонгуулийн хугацаандаа маш сайн ажиллаад, хийсэн бүтээснийг нь ард түмэн дэмжээд дахин сонгож байгаа бол энэ  сайн хэрэг. Засаглал сайжирч, улс орны байдал, ард түмний амьдрал дээшилж байна гэсэн үг. Харин энэ удаагийн сонгууль тийм тохиолдол байсан гэдэгт итгэх хүн хэр олон бол. Обьектив гэдэг хөндлөнгийн тоон үзүүлэлтүүд огт тийм байгаагүй. Тиймээс сайны гэхээсээ саарын шинж тэмдэг болов уу гэх айдас байна.

2016 оны сонгуулийг Эрдэнэтийн 49 хувь шийдсэн. Өөрөөр хэлбэл неолиберал дэглэм буюу зах зээлийн, арилжааны, мөнгөний дэглэм эрх, эрх чөлөө, улс төрийн эрх чөлөө, ёс суртахууны дэглэмээ залгих болсны тод жишээ тэр байсан. Эдийн засгийн ашиг сонирхол улс төрийн ашиг сонирхлоос эрхэм болж, эдийн засгийн эрх мэдэл улс төрийн эрх мэдлийг боомилсны жишээ гэх үү дээ. Ардчилал гэж бидний нэрлэж байгаа улс төрийн дэглэмийн өөрчлөлт угаасаа социалист эдийн засгийг устгах, түүний тулд улсын өмчийг хувьчлах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлоготой хамт явагдсан. Хувьчлал, гадаадын хөрөнгө оруулалт хоёр хүйн холбоотой бодлого гэдгийг нэгэнт дээр өгүүлсэн. Ардчиллыг дэмжих эдийн засгийн үндсэн зорилго нь энэ байсан. Тиймээс эдийн засгийн буюу мөнгөний эрх ашиг Монголын улс төрд тогтмол ажиглагдаж байсан. 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал ч ийм үйл явдлын нэг гэдэг нь илт ажиглагддаг. Үндсэндээ хөрөнгө оруулалтын эдийн засгийн ашиг сонирхол нь Монголын улс төрийн байгууламжийг бүхэлд нь боомилчихсон, урхидчихсан юм биш биз гэсэн айдас төрж байгаа. Үндсэндээ Монголын улс төрийн байгууламж Монгол Улсын иргэдийн улс төрийн эрх, гадаадын хөрөнгө оруулалтын эдийн засгийн ашиг сонирхол хоёрын хооронд зуучийн үүрэг гүйцэтгэдэг бус уу.

Парламентын засаглал гэгчийг дэмжигчид манай төр, засгийн тэргүүнүүд УИХ руугаа чихээд дарамтаас, гадны дарамтаас мултарчихдаг гэж их зүтгэдэг байсан. С.Баяраас эхлээд л УИХ-аа урдаа барьж ард нь нуугдсан мэт юм ярьдаг.  Гэтэл парламентын засаглалыг төгөлдөржүүлэгчид саяын нэмэлт өөрчлөлтөөрөө тэр урдаа барьдаг байсан УИХ-ыг нь Ерөнхий сайдын хөл дор ширдэг болгоод дэвсээд өгчихсөн. Ерөнхий сайдад одоо нуугдах газар байхгүй болсон. Хэрэгтээ УИХ нь Ерөнхий сайдаа бариад өгчихсөн гэх үү дээ. Ер нь парламентын засаглал хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг олонхид төвлөрүүлдэг учир энэ асуудлын эсрэг хамгаалалт болохдоо угаасаа муу. Харин Ерөнхийлөгчийн засаглал нэгэнт парламент нь Засгийн газраас тусдаа байдгийн дээр, аливаа гэрээ, хэлэлцээрийг зөвхөн парламент баталж байж хүчин төгөлдөр болдог учир энэ талаар хамгийн сайн хамгаалалт болдог.

-Та энэ парламентаас юу хүлээж байна вэ?

-Өөрчлөлтүүдийн талаар нэгэнт дээр өгүүлсэн. Хүлээх зүйлийн тухайд бодит байдал дээр тун бэрх. Нэгэнт хуульгүйтэй адил болчихсон учир тэгэх болов уу ингэх болов уу гэх боломж тун хомс. Юу ч болж мэднэ. Орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулиас олон зүйл хамаарах болно. Харин зүгээр Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа нь эрх баригчийн эрх мэдэлд бус харин ард түмний эрх, эрх мэдэл, эрх чөлөөнд байдаг.Тиймээс ард түмэн хэдий эрхтэй, эрх чөлөөтэй, эрх мэдэлтэй байна тэр хэрээр улс орны ирээдүй гэрэлтэй байх болно гэж хардгийн хувьд энэ парламентаас ямар нэг зүйл хүсээч гэвэл 1992 оны Үндсэн хуульд тунхагласан, одоо болтол хүчин төгөлдөр байгаа “ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг баримталж, эдгээр заалтуудад харшилсан аливаа хууль, тогтоомж, түүний дотор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, заалтуудыг хүртэл халаач гэж л хүсмээр байна. Сонгогчид, ард олныг ч шаардаасай гэж хүсэж байна даа.

 

“...Айлчлал, мэдэгдэл хоёр хоёулаа хөндлөнгийн хэрэгт оролцож байгаа үйлдэл шүү дээ. Зүй нь ямар ч үйлдэл хийгээгүй, хар цагаан дуугүй байсан шигээ дуугүй байсан бол харин ч хөндлөнгөөс үл оролцсон хэрэг байх байлаа...”

 

-Төрийн тэргүүн цар тахлын үед урд хөршид айлчилсан.  Сая БНХАУ-ын сайд Ван И манайд ирлээ.  Эргээд Монгол Улсын сайд  Н.Энхтайван ОХУ-д айлчилж байна.  Энэ айлчлалуудыг та юу гэж харж байна вэ?

-Ерөнхийлөгчийн айлчлал, Гадаад хэргийн сайдын ОХУ-д хийсэн айлчлал хоёрт илэрхий ямар нэг асуудал байсан гэж бодохгүй байна. Миний уншсанаар Монгол Улс БНХАУ-д гараа сунгасан шигээ мөн ОХУ, АНУ-д ч гар сунгасан байсан. Хүмүүнлэгийн дээр, аль нэг талыг тал тохой татсан шинж ажиглагдаагүй. Харин чухам Өвөр Монголд асуудал ид өрнөж байхад, ардчилсан ёс, хүний эрх, хууль дээдлэх ёсыг Үндсэн хуульдаа тунхагласан тусгаар тогтносон улс байж ядаж хүний эрхийг ишлэн санаа зовниж буйгаа ч илэрхийлээгүй байж, БНХАУ-ын Гадаад хэргийн сайдыг урьж “хоёр тал...нөгөө талын хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчмыг тууштай баримталж ажиллахаа нотоллоо” гэж мэдэгдсэн нь гайхшрал төрүүлсэн.

Айлчлал, мэдэгдэл хоёр хоёулаа хөндлөнгийн хэрэгт оролцож байгаа үйлдэл шүү дээ. Зүй нь ямар ч үйлдэл хийгээгүй, хар цагаан дуугүй байсан шигээ дуугүй байсан бол харин ч хөндлөнгөөс үл оролцсон хэрэг байх байлаа. Мөн тусгаар улсын хувьд хэнийг, хэзээ урих нь Монгол Улсын бүрэн эрхийн асуудал. Ардчилсан сонгуулиар сонгогдсон сайд байсан бол ард түмнийх нь хэл, соёлыг устах ёстой гэсэн бодлого явуулаад ард түмэн нь жигшин зэвүүцэж байхад ард түмнээ сөрөн урихгүй л байсан болов уу. Ардчилал ийм учир л эрхэм юм. Тэр дарамтад орогчид (яагаад дарамтад орох ёстой нь ойлгомжгүй л дээ) парламентынхаа ард нуугддаг гэдэг шиг хэний ч эцсийн нуугдах, хорогдох хэрэм бэхлэлт бол ард түмэн шүү дээ. Үндсэн хуульд тунхагласан зарчмаар бол энэ орны эзэн нь энэ ард түмэн, эрх баригчид зөвхөн тэдний зарц, шивэгчид байх учиртай юм шүү дээ уг нь. 

-Өвөрмонголд эх хэлний төлөөх тэмцэл үргэлжилж байна. Олон улсын төвшинд манай улсын байр суурь анхаарал татах болов уу.   Гэвч одоогоор албан ёсны байр суурь илэрхийлээгүй байна.  Энэ үйл явдлыг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Албан ёсны байр сууриа бүр Гадаад хэргийн сайдыг нь урьж  байгаад хамтран  мэдэгдэл гаргаад илэрхийлчихсэн шүү дээ. Харин Хятадын засаг захиргаанаас ӨМӨЗО-нд явуулж буй бодлого бол Бээжингийн Их Сургуулийн Профессор Ма Роон (Ma Rong), Цинхуа Их Сургуулийн Профессор Ху Ангаан (Hu Angang), мөн Цинхуа Их Сургуулийн Ху Лианхэ (Hu Lianhe) нарын дэвшүүлсэн “хоёрдугаар үеийн угсаатны бодлого” (second generation ethnic policies) гэгчийн хэрэгжилт. Эл бодлогын гол зорилго нь БНХАУ-ын бүрэлдэхүүнд орсон Өвөр Монгол, Төвд, Уйгарыг (Манж Хятадчилагдсан гэж үзвэл) бүрмөсөн хятадчилах явдал.

ЗХУ, Югослав, Чехословак зэрэг олон үндэстний (multinational) холбооны улсууд задран унасны дараа Ма Роон БНХАУ үндэстний бодлогоо өөрчлөхгүй бол дээрх олон үндэстний улсуудын нэг адил задран унах болно гэсэн үзэл баримтлалыг дэвшүүлсэн. Ма Роон улс төрийн ойлголт болох үндэстнийг соёлын ойлголт болох угсаатнаар солих, болгох, өөртөө засах орон, нутаг дэвсгэр, эрхийг үндсэндээ халах, олон үндэстний улсыг АНУ маягийн нэг үндэстний “хайлуур тогооны” улс болгох номлолыг тууштай дэвшүүлэх болсон. Энэ номлолыг Ху Ангаан, Ху Лианхэ нар дэмжиж “хоёрдугаар үеийн угсаатны бодлого” гэгчийг дэвшүүлсэн байдаг.

Харамсалтай нь Өрнөдийн олон эрдэмтэд Хятадын эрдэмтдийн нэр томьёог авч Хятадыг олон үндэстний (multinational) холбооны улс, эсвэл эзэнт гүрэн (empire, Өрнөдийн олон эрдэмтэд ЗХУ-ыг эзэнт гүрэн гэдэг) гэж үзэхийн оронд олон угсаатны (multi-ethnic) үндэстэн-улс (nation-state) гэх нь түгээмэл байдаг. Өөр нэг анхаарууштай зүйл бол БНХАУ-ын бүрэлдэхүүнд хүчээр хамрагдсан Өвөр Монгол, Төвд, Зүүн Туркестан (Шинжаан) зэрэг өөртөө засах орнуудыг олон улсын хамтын нийгэмлэг үндсэндээ Хятадын муж шиг үздэг болсон явдал. Зүй нь эдгээр өөртөө засах орнууд бол Зөвлөлтийн автономит Бүгд найрамдах улсуудтай л адил нэгжүүд. Чухам үүнийг устгах нь энэ бодлогын зорилго. Дэлхий даяар колоничлол 1960-аад онд дууссан юм шиг ойлгодог мэт. Гэтэл үнэн хэрэг дээрээ Зөвлөлтийн колоничлол 1990-ээд онд задарсан бол Хятадын колоничлол 21-р зуунд олон улсын хамтын нийгэмлэгийн нүдэн дээр ил явагдаж байх шиг.

-Та Монголын нийгэм, уншигчдад хандаж хэд хэдэн зэргийн ном, бүтээл  гаргасан.  Дараагийн бүтээлийн тухай ярилцлагынхаа төгсгөлд сонирхуулахгүй юу?

-Миний эрдмийн судалгааны юмнууд ихэвчлэн англи хэлээр бий. Эрдэм шинжилгээний ажлын шаардлагын дагуу англиар бичихэд хүрэх юм. Англи хэл нэгэнт эрдэм шинжилгээний орчны нийтийн хэл болж. Уг нь Монголоор бичвэл монгол уншигчдад хүртээмжтэй юм даа. Даанч монгол хэлээр хэвлэгддэг өрнөдийн олон улсын сэтгүүл гэж байхгүй. Манай өөрийн сэтгүүлүүд олон улсын төвшинд боломжийн төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн  нь ховор. Уншдаг эрдэмтэд ч нэг их олон биш байх. Тиймээс англиар бичихээс өөр аргагүй болдог.

Харин Үндсэн хууль, төрийн байгуулал, засаглалын асуудал, боловсрол, дээд боловсролын асуудлаар зав зай гарган бодлогын шинжтэй нийтлэлүүд бичиж хүмүүст хүргэхийг хичээдэг. Зөвхөн энэ улс орны, ард түмний тусын тулд л гэж бичдэг. Ямар нэг улс төрийн номлол, үзэл суртал баримтлах, шүтэх, улс төрийн аль нэг нам, удирдагчийг дэмжих тухай ойлголт надад байхгүй. Энэ бол миний хувийн чанар биш. Угаасаа эрдмийн буюу академик соёл ийм юм. Тиймээс эрдмийн судалгааны ажилдаа үнэнийг, бодлогын нийтлэлүүддээ шударгыг эрхэмлэдэг.

Манай улс эрдэм боловсролын хэргийг харанхуйлаад удаж байна. Хэрэв эрдэм боловсролыг эрхэмлэдэг байсан бол мэдэхгүй, чадахгүйн зовлон нимгэрч, тэр хэрээр алдаа, завхрал багасах байсан нь ойлгомжтой. Сүүлийн үед номыг нь үзсэн, ногоотой шөлийг нь уусан гэх нөхөд хүртэл номыг нь үзсэн, ухсан хүмүүсээс гарахгүй үйлдэл гаргаж; эрх баригчдын үзэл суртлын дуу хоолой, улаан хамгаалагч болон зүтгэх болсон нь ажиглагдсан. Үндсэн хуульд шинээр орсон нэмэлт өөрчлөлтүүд тэдний улайран сурталчилсан зүйл шүү дээ. Үүнийг хараад боловсролын байдал улам бүр болохоо байжээ гэсэн сэтгэгдэл төрөх болсон.

Ер нь үнэнээ мэдэх, байдлаа бодитойгоор нь харах нь хэн бүхэнд тустайн дээр, бодлого боловсруулагчдын хувьд зөв бодлого боловсруулахын, зөв явахын суурь. Тэгэхийн тулд үнэнийг хэлдэг, бодит байдлыг харуулдаг байгууллагууд болох их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, эрдэмтэд хөндлөнгийн ямар ч нөлөөгүйгээр судалгаагаа хийж, судалгааныхаа үр дүнг нийтэд танилцуулдаг эрхтэй, эрх чөлөөтэй байх ёстой. Тиймээс ч их дээд сургууль, эрдмийн хүрээлэнгүүд бие даасан статустай байхын дээр судлаачид эрдмийн эрх чөлөөгөөр хангагдсан байдаг юм. Хөндлөнгийн нөлөө гэдэгт дан ганц эрх мэдлийн төдийгүй, мөнгөний нөлөө ч орно. Мөнгөөр хүссэн үр дүнгээ хэлүүлээд байж болохгүй шүү дээ. Тиймээс эрдэмтэд, судлаачид гуйлгачны амьдралаар амьдарч болохгүй шүү дээ. Эрдэм боловсролын хязгаар эрх чөлөөний хязгаар гэдгийг Монгол Улс гүн ухах хэрэгтэй. Эрхэм баялаг эрдэм боловсрол гэдэг учир эдүгээгээс өмнөх үеийн монголчууд эрдэм боловсролын үнэ цэнийг мэддэг байсан мэт. Ер нь бол оюун санааны боолчлол эрхийн болон нийгмийн боолчлолыг байнга төрүүлж байдаг гэдэг юм. Хэдий эрдэм боловсролтой байна гэдэг төдий хэмжээгээр гэрэлтэй, гэгээтэй, эрх чөлөөтэй, чадвартай, төдий хэмжээгээр өөртөө эзэн байх болно шүү дээ.

 

“...Ямар нэг улс төрийн номлол, үзэл суртал баримтлах, шүтэх, улс төрийн аль нэг нам, удирдагчийг дэмжих тухай ойлголт надад байхгүй. Энэ бол миний хувийн чанар биш. Угаасаа эрдмийн буюу академик соёл ийм юм. Тиймээс эрдмийн судалгааны ажилдаа үнэнийг, бодлогын нийтлэлүүддээ шударгыг эрхэмлэдэг...”

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.13 МЯГМАР № 198 (6423)