Ч.ОЛДОХ

“Санал тоолох хар машиныг хакердаж, сонгуулийн дүнд нөлөөлж байна” гэсэн Нийслэлийн АН-аас мэдээлэлтэй холбогдуулан МАХН-аас  өчигдөр мэдэгдэл гаргав. Хэвлэлийн хуралд МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, тус намын ХЭГ-ын дарга Н.Уламбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, НИТХ-ын сонгуульд Чингэлтэй дүүргээс нэр дэвшигч Л.Байгаль, Баянгол дүүрэгт нэр дэвшигч, хуульч  Ё.Бямбатогтох, 220 оны УИХ-ын сонгуулийн зөрчилтэй холбоотой намуудын дунд байгуулагдсан Ажлын хэсгийн ахлагч, АН-аас НИТХ-д Багахангай дүүргээс  нэр дэвшигч Б.Болор-Эрдэнэ, Баянгол  дүүргээс нэр дэвшигч н.Ганболд нар оролцсон юм..

 

Н.Энхбаяр: МАН-ын нэр дэвшигчдийг сонгохгүй байх хөдөлгөөн өрнүүлье

МАХН-ын дарга Н.Энхбаяр  энэ үеэр хэлэхдээ “Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дараахан бид мөн хэвлэлийн хурал хийсэн. Сонгуулийн луйвар булхайн талаар байр сууриа тодорхой илэрхийлсэн. Тухайн үед МАХН, АН, ШИНЭН болон бусад улс төрийн хүчин,  бие даагчид хамтран ажлын хэсэг байгуулсан. Судалгаа хийгээд үзэхэд хэд хэдэн асуудал байсны дотор “Хар машин”-ы гэсэн  нэртэй автоматжуулсан луйвар ард иргэдийн өгсөн саналыг Ардын намд ашигтайгаар хуваарилдаг, бусад намын нэр дэвшигчдийн  авсан саналыг бууруулж  багасгадаг зөрчил илэрснийг тогтоосон. Өнөөдөр энэ үйл явц давтагдаж байгаа нь  харамсалтай. Өнөөдөр Нийслэлийн АН-аас хийсэн хэвлэлийн хурлаар  Ардын намынхан удирдаад Орон нутгийн сонгуулийн дүнг өөрчлөх байдлаар санал хураалтын хар хайрцаг гэсэн нэртэй автоматжуулсан системд хөндлөнгөөс халдах талаар тохироо хийж байгаа, мөнгө төгрөг ярьж буй бичлэгийг  ил болгожээ. Энэ тухайгаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан,  Нийслэлийн намын дарга Д.Сумъяабазар, зарим нэр дэвшигч нарт хар машиныг  яаж өөртөө ашигтайгаар ашиглах вэ, хэдэн хүн, хэдэн нэр Ардын намаас өгсөн бэ, тэднийг сонгогчдын санал аваагүй ч гэсэн яаж гаргах вэ гэдэг талаар тохиролцож байгаа бичлэгүүд ч  олон түмэнд ил болж байна.   Иймд бид олон нийтэд сэрэмжлүүлэн мэдээлээд зогсохгүй, дараах шаардлагын арга хэмжээг нэн даруй авах нь зүйтэй гэж үзэж мэдэгдэл гаргалаа.

Нэгдүгээрт, энэ бол  Үндэсний аюулгүй байдалтай холбоотой ноцтой асуудал. Иргэдийн сонгох, сонгогдох эрх бол Монгол Улсад ардчилал байна уу, үгүй юу, ард түмэн төр, засгийн эрхийг гартаа барьж байна уу, үгүй юу гэдэгтэй холбоотой учраас ард түмэн Үндсэн хуульд тогтоосон зарчмын дагуу төр, засгийн эрхийг гартаа барьж чадахгүй Ардын намд хууль бусаар алдаж байгаа бол энэ нь төрийн эрхийг хууль бусаар булааж авахтай   адил гэмт хэрэг гэж үзэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийг нэн яаралтай хуралдуулах шаардлагыг бид тавьж байна. Хоёрдугаарт, СЕХ-нд хандаж, Арлдын нам болон ,тус намаас нэр дэвшигчдийг энэ удаагийн сонгуулиас хасахыг шаардаж байна.

Гуравдугаарт, хэвлэл, мэдээллийнхэн, сэтгүүлчид  төрийн болоод бусад байгууллагын  алдаа дутагдлыг олон нийтэд мэдээлэх, илчлэх ёстой байгууллагын хувьд энэ мэдээллийг иргэд, олон түмэнд  хүргэх ажлыг шуурхай хийхийг уриалж байна. Дээр нь ард түмэндээ хандаж, таны язгуур эрх буюу сонгох, сонгогдох эрхэнд удаа дараа бүдүүлгээр халдаж буй Ардын намын нэг ч нэр дэвшигчийг сонгохгүй гэсэн хөдөлгөөнийг улс орон  даяар өрнүүлээч гэдгийг хэлье.   Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 3.1-д  “Төрийн ,засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна” гэж заасан байдаг. Ард түмэн энэ эрхээ сонгох, сонгогдох зарчмаар эдлэх үүрэгтэй бас эрхтэй. Нөгөөтэйгүүр, “төрийн эрхийг хууль бусаар авахыг завдахыг хориглоно” гэж Үндсэн хуульд заасан байдаг. Үүнтэй бидний шаардлага бүрэн нийцэж байгаа юм. Гараад буй бусармаг зүйлүүдийг харахад монгол хүн улсынхаа эзэн биш болох гэж байна.  Бараг биш болсон байна. Бүлэг гэмт этгээд ард түмний нэрийг барин төрийн эрхийг дээрэмдэн булаан авсан байна. Үүнийг бүгдээрээ таслан зогсоохгүйгээр ард түмэн төр, засгийн эрхийг барина гэсэн Үндсэн хуулийн  заалт алдагдаж, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал эрсдэлд орох нь гэдгийг ард түмэндээ  мэдэгдэе. Монголчуудаа сэрцгээ. Сонгуульдаа идэвхтэй оролцож, Ардын намын луйвар булхайг илчилж, таслан зогсоож, Ардын намаас нэр дэвшсэн нэг ч хүнийг сонгохгүй байх хөдөлгөөнд оролцоорой.

Б.Болор-Эрдэнэ: Засаглалын “занга” хэрээс хэтэрлээ

-1992 оны ардчилсан Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш бид шат шатны олон сонгуулийг хийж ирсэн. Гэтэл 2020 оны УИХ-ын сонгууль луйврын шинжтэй, олон хууль тогтоомжийг зөрчсөн байдалд болсон. Үүнтэй холбоотой бид ажлын хэсэг байгуулан ажиллаж бодитой дүн шинжилгээ хийсэн. Бид зөрчил, мэдээллийг төвлөрүүлж дүн шинжилгээ хийсэн. Энд гарсан гол дүгнэлт нь эрх баригч нам өөрийн давуу байдал, эрх мэдлээ ашиглан зөвхөн сонгуулийн дүнд нөлөө үзүүлэхүйц зүйлүүдийг хийж байсан. Тэр дотроо санал тоолох төхөөрөмж, мониторнг хийх дэлгэцийн ажиллагаа ил явагдахдаа цэг таслал бий болох, нэр дэвшигчийн нэр алга болоод хэсэг хугацааны дараа гарч ирэх, тооны өөрчдөлт гарахгүй зогсч гацах явлууд гарч байв. Энэ бол сонгуулийг стандартын дагуу зохион байгуулаагүй нэг баримт юм. Монгол Удсын хэмжээнд засаглалын “занга” буюу эрх мэдлээ ашиглан  иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхэнд халдаж буй үйлдэл даамжирсаар байна. 2020 оны УИХ-ын сонгууль ийм болсон. Одоо Орон нутгийн сонгуулийг түүнтэй адил болгож болохгүй. Иргэд хэн нэгний дарамтад, ажлын байраа алдахгүйн тулд, эсвэл хүнсий талонд барьцаалагдаж, цалин тэтгэвр, түрээсийн сууцанд орох боломжоо алдахгүй тулд сонголт хийдэг байж таарахгүй. Бүх шатанд гардаг луйврын мэдээлэл бидэнд ирсэн. Үүний эсрэг цаашид бид хамтран ажиллах болно.

Эх сурвалж: www.polit.mn