НИТХ-ын 13 дугаар тойрогт МАХН-аас нэр дэвшигч Э.Батшугар, Г.Батбаяр нар Сонгинохайрхан дүүргийн VIII хороо буюу Баянхошууны  шинэ эцэс орчмын худалдаачид болон хувиараа бизнес эрхлэгч нартай уулзаж санал бодлоо солилцлоо. Хувиараа бизнес эрхлэгч хүмүүсийн дотор тэтгэврийн насныхан, өрх толгойлсон ээжүүд гэсэн нийгмийн зорилтот бүлгийнхэн олон байна.  Тэдний хүсч байгаа гол асуудал нь санхүүгийн хямд, шуурхай эх үүсвэр буюу уян хатан зээлийн үйлчилгээ хэрэгтэйг хэлж байлаа. Банкны өндөр шалгуурыг давж чадахгүй наймаачид банк бус санхүүгийн байгууллагаас өндөр хүүтэй зээл авахаас аргагүйд хүрч байна. 

 “Өгөөж” худалдааны төвийн худалдагч С.Аюуш “Эгч нь бизнес эрхлээд 23 жил болж байна. Бизнес эрхэлж байгаа хүмүүст хамгийн хүндрэлтэй асуудал нь эргэлтийн хөрөнгө байдаг. Саяхан би банкнаас хоёр сая төгрөгийн зээл авах хүсэлт гаргахад татварын цэнхэр дэвтэр байхгүй гээд өгөөгүй.  Уг нь тэтгэврийн бидний  орлого тодорхойгүй гээд 6000 төгрөгийн татвар төлөөд явчихдаг байсан юм. Гэтэл сардаа 100 мянган төгрөгийн орлогын албан татвар төлөхгүй бол зээл олгохоо больчихож. Зээлийн хүү бас их өндөр байна” гэлээ. Мөн тус төвийн худалдагч Н.Ичинхорлоо 25 жил наймаа хийж байгаа бөгөөд тэтгэврийн зээл авч эргэлтийн хөрөнгө хийдэг байсан бол тэтгэврийн зээлийг зургаан сараас илүү хугацаагаар өгөхөө больсноос хүнд байдалд орсноо ярьж байлаа.

Тэгвэл МАХН-ын мөрийн хөтөлбөрт бизнес эрхлэгчдэд тулгардаг гол бэрхшээл болсон эргэлтийн хөрөнгө буюу санхүүгийн эх үүсвэрийг шийдэх зорилгоор бичил болон өрхийн бизнесийг дэмжих эрх зүйн шинэ орчныг бий болгож, дэмжих төвүүдийг байгуулан

-Эмэгтэйчүүдийн хөгжил сан

-Гарааны бизнесийг дэмжих сан

-Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих сан

-Шинжлэх ухаан, инновацийн сан

-Өрхийн бичил бизнесийг дэмжих сан

-  “Өрх бүрт орон сууц” сан гэсэн санхүүгийн байгууллага байгуулж, хөнгөлөлттэй нөхцөлтэй, бага хүүтэй зээл олгох эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэхээр тусгасан байгаа юм. Тухайлбал, залуучуудад зориулсан гарааны бизнесийг дэмжих “Старт ап” хөтөлбөрийг хэрэгжүүлж, бизнес эрхлэгч залуучуудад зориулсан “Дундын оффис” байгуулан ажиллуулах буюу тодорхой хугацаанд түрээс төлөлгүйгээр өөрийн төсөл, хөтөлбөр, шинэ санааг боловсруулах ажил хийх нөхцлийг бүрдүүлнэ. “Старт ап” сан жил бүр наад зах нь 1000 гарааны бизнесийг дэмжих боломжтой аж.

 

Э.Батшугар:  Тусгай сангуудын хөрөнгийг заавал улсын төсвөөс гаргах шаардлагагүй

“Өнөөдөр хувиараа бизнес эрхлэгч болон ЖДҮ эрхлэгчдэд хамгийн том бэрхшээл нь санхүүгийн эх үүсвэр байна. Банкны шалгуур болон зээлийн хүү өндөр байгаагаас бизнес эрхлэгчид цалингийн болон тэтгэврийн зээл гэсэн бусад зээлийг авч эргэлтийн хөрөнгөө шийдэж байна. Энэ асуудлыг шийдэх хамгийн зөв шийдэл бол сан байгуулах. Өөрөөр хэлбэл, банкаар дамжихгүйгээр тухайн сангаас бизнес эрхлэгчдэд урт хугацаатай, хүү багатай зээл олгоно.  Бизнес эрхлэгчид хүүгийн дарамтад орохгүйгээр бизнесээ өргөжүүлээд татвараа төлөөд явна. Эцсийн үр дүндээ Монголын эдийн засгийн гол тулгуур нь жижиг, дунд бизнес эрхлэгчид болон хувиараа бизнес эрхлэгчид байдаг. Энэ хүмүүс найдвартай орлоготой байвал эдийн засаг тэр хэрээр тэлж хөгжинө.  Сангийн эх үүсвэрийг заавал улсын төсвөөс хийх албагүй. Бусад улсын жижиг сангуудад хөрөнгө оруулдаг гадаадын сан олон бий. Тухайлбал, Солонгос улсад ийм жишгээр үйл ажиллагаа явуулдаг тэтгэврийн сан гэж байдаг.  Олон улсад амжилттай хэрэгждэг энэ загваруудыг бид эх орондоо хэрэгжүүлэх боломжтой” гэж нэр дэвшигч Э.Батшугар ярилаа.

“Бид материал бага шаарддагаар нь банк бус санхүүгийн байгууллагаас зээл авдаг ч хүү нь их өндөр. Банкуудаас зээл авъя гэхээр шаардлага хангадаггүй. Хувиараа юм зарж борлуулж амьдрал залгуулж байгаа хүмүүс зээлээр л залгуулна шүү дээ. Батшугарын яриад байгаа зорилтот бүлэгт зориулсан тусгай сангууд байгуулж урт хугацаатай хүү багатай зээл олгох мөрийн хөтөлбөр нь их таалагдаж байна. Хэрэгжүүлбэл их сайн байна” гэж хувиараа бизнес эрхлэгч Э.Энхтуяа хэлсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.8 ПҮРЭВ № 195 (6420)