Ч.ЗОТОЛ
Эх орны зүүн хязгаар, их жанжны өлгий нутаг Сүхбаатар аймгийн ард түмэн алдартан, гавьяатнууд олонтой. Тэгвэл Хөдөлмөрийн баатар нэг, Монгол Улсын гавьяат хоёр тодорсноор амжилтын буухиа, ард олны уухай Наран мандах нутаг руугаа давалгаалж байна. Энэ бахдам амжилтын эзэд бол Баяндэлгэр сумын уугуул, Улсын хошой аварга малчнаас Хөдөлмөрийн баатар болсон С.Чулуунбаатар, Эрдэнэцагаан сумын VII багийн уугуул, Улсын сайн малчнаас Монгол Улсын гавьяат малчин болсон Ч.Цоггэрэл, ус нутгийнхнаа олон жил урлаг, соёлоор ундаалж, соён гэгээрүүлсэн Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Батсайхан нар юм. Саальчин Н.Осгоноос хойш бараг 30 жилийн дараа Сүхбаатар нутгийнхан Хөдөлмөрийн баатартай болж байгаа юм. Тэр тусмаа хөдөө аж ахуйн салбарынханы хөдөлмөр зүтгэлийг үнэлэх үнэлэмж буурсан гэж болно. Тэгвэл анх удаа УИХ-д нутгаасаа төрж гарсан хос хоёр гишүүнтэй болсноор тэд зон олныхоо хөдөлмөр зүтгэлийг төрд үнэлүүлэх, гавьяаг нь алдаршуулах шанг ийнхүү татлаа.
Төрийн тэргүүн маань зүүн хязгаар нутгийн малч удмынхны магнайг тэнийлгэж, нүүдэлчин өв соёлоо тээж, өвлүүлж явааг бодлогоор дэмжиж байгаагаа ийнхүү илэрхийлсэн нь бахархам юм. Мөн нутгаа, өв соёлоо,хүмүүсийн сэтгэл хийгээд хил хязгаартай нь хөгжмийн урлагт дархалсан, “Наран мандах нутаг” дууны аялгууг бичсэн эрхэм уран бүтээлчийг шагнаж, тал нутгийнхны оюун сэтгэлийг урмаар мялаасан нь энэ юм.
Хөдөлмөрийн баатар, Улсын хошой аварга малчин С.Чулуунбаатар: -Сүхбаатар аймгийнхаа нийт малчид Баяндэлгэр сумынхан Дөхөм багийнхан, ханьдаа, хүүхдүүддээ, төр ард түмэндээ баярлалаа. Манайх таван хошуу малтай. Адуу, бог мал, үхэр олонтой. Тэмээ цөөхөн. Би ханьтайгаа 1976 онд гэр бүл болж 40 гаруй жил мал маллаж ирсэн. Таван хүүхэдтэй. Гурав нь мянгат малчин хоёр нь аймгийн алдарт уяач. Анх 1989 онд улсын аварга төлчин болж байлаа. Дараа нь улсын аварга малчин болсон. Мал дагавал ам тосдоно гэж үг бий. Жирмийн хөндий гэж сайхан нутгаас минь гурван баатар олон гавьяат алдартан төрсөн. Би нутаг усныхаа нөмөр, уулсынхаа түшигт бэлэгшээж баярлаж байна.
Монгол Улсын аварга малчин Ч.Цоггэрэл: -Энэ хүртэл 41-42 жил мал дагаж зүтгэлээ. 2010 онд Улсын аварга малчин болсон. Том хүү маань сумын сайн малчин болсон. Аав ээжийн, сайхан ханийн буян, үр хүүхдийн хүч, баг бригад, сум орныхон, нутгийн олны сэтгэл нийлж өнөөдөр энэ амжилтад хүргэсэнд баяртай байна. Нутгийн түшиг гэж бас байна. Егүзэр хутагтын нутаг цаанаасаа ивээлтэй, бэлчээр ус сайтай буян ирлээ. Би наймдугаар анги төгсөөд аав, ээжийн сургаалийг дагаж малчин болсон. Уламжлалт ёсоо дээдэлж, тэмээн тэрэг, ердийн хөсгөө одоо ч хэрэглэж байна. Монгол ёсоо цаашид ч нутаг орныхондоо, залуустаа өвлүүлж, мал маллах агуу ухаан гэдгийг үр хойчдоо захиж, үлгэрлэж явах их үүрэг надад ногдлоо гэж бодож байна гэв.
Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, эрүүл мэнд, хууль, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хүнс, худалдаа, барилга, дэд бүтэц, спорт, урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Хөдөлмөрийн баатар цолоор:
• Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын малчин Санзайжавын Чулуунбаатар,
• Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ахмад ажилтан Ныгметийн Есей нарыг шагналаа.
Ардын эмч цолоор Клиникийн хоёрдугаар нэгдсэн эмнэлгийн дарга Рэнцэнгийн Цэдэн-Иш
Ардын эмч цолыг “Хөдөлмөр” нийгэмлэгийн дасгалжуулагч Хангайн Намшир нарт хүртээв.
Мөн энэ өдөр 59 гавьяат төрөв. Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн ахмад ажилтан Д.Гончигсүрэн, “Эрчмийн ундраа” ХХК-ийн ерөнхий инженер Д.Зоригт, Монголын менежментийн зөвлөхүүдийн холбооны ахлах зөвлөх Г.Нанзад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн усны асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Ц.Сосорбарам, “АПУ” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг, Монгол Улсын гавьяат багш цолоор “Монгол хурандаа” нийгэмлэгийн тэргүүн Ч.Баатар, Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн багш Х.Батмөнх, Увс аймгийн Улаангом политехникийн коллежийн захирал Ц.Баянсан, Говь-Алтай аймгийн I сургуулийн захирал Ш.Болдбаатар, Дундговь аймгийн Сайнцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш М.Гаамаа, “Манай гэр бүл” нийгэмлэгийн зөвлөх Н.Гаамаа, Төв аймгийн Лүн сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Ц.Гомбо, Монгол Улсын консерваторийн багш Ш.Дуламсүрэн, Баянхонгор аймгийн Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш С.Луумаа, МУБИС-ийн багш Ц.Маам, Төв аймгийн Цээл сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш З. Намнансүрэн, ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн багш Н. Нямжав, Хөвсгөл аймгийн Галт сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш С.Пүрэвжав,Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын “Номгон” ахлах сургуулийн ахмад багш Г.Содном, Нийслэлийн Баянгол дүүргийн 96 дугаар цэцэрлэгийн ахмад багш Б.Цэдэвсүрэн, Нийслэлийн Ерөнхий боловсролын 73 дугаар сургуулийн захирал Ч.Чанцал, Завхан аймгийн Тэс сумын багш Б.Энхбаяр гээд боловсролын салбараас хамгийн олон гавьяат төрсөн өдөр байв.
Түүнчлэн гавьяат барилгачин цолоор “Ариун-Очир” ХХК-ийн ерөнхий захирал Ц. Зулхүү, Баян-Өлгий аймгийн “Көшелик” ХХК-ийн захирал Х.Мүптиг шагнав. Гавьяат дасгалжуулагч цолоор Монголын байт харвааны холбооны дасгалжуулагч Н.Дариймаа, Монголын үндэсний сурын холбооны дасгалжуулагч Б. Өлзийдэлгэр, Монголын үндэсний сурын холбооны дасгалжуулагч Д.Санжаасүрэн, Гавьяат жүжигчин цолоор дуучин Т.Батсайхан, “Маск” продакшны жүжигчин Ж.Мөнхсайхан, “Х-ТҮЦ” продакшны захирал Н.Онон хүртлээ. Монгол Улсын гавьяат малчин цолоор Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын малчин Ч.Цоггэрэл, Монгол Улсын гавьяат механикжуулагч цолоор Сэлэнгэ аймгийн “Баян шинэ зам” ХХК-ийн зөвлөх Л.Жалхар, гавьяат тамирчин цолоор Монголын Ширээний теннисний холбооны тамирчин Т.Болд, гавьяат тээвэрчин цолоор Ховд аймгийн “Зорчигч тээвэр” ХХК-ийн захирал Л.Ганболд, гавьяат хуульч цолоор Ерөнхий прокурорын газрын ахмад ажилтан Б.Галдаа, Хүний гавьяат эмч цолоор Баянхонгор аймгийн ЭМТ-ийн их эмч Г.Байгалмаа, Дорнод бүсийн оношилгоо эмчилгээний төвийн мэс заслын зөвлөх эмч С.Ганбат, Улсын гуравдугаар төв эмнэлгийн судасны ангиографийн эмч З.Лхагвасүрэн, Хөвсгөл аймгийн “Оточ” эмнэлгийн их эмч Д.Мягмар, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч Ч.Оюунчимэг, Өмнөговь аймгийн “Нинж-Ачлал” эмнэлгийн хүүхдийн эмч Р.Тунгалаг, АШУҮИС-ийн багш А.Эрдэнэбилэг, Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Монголын үндэсний сурын холбооны хүндэт ерөнхийлөгч С.Батхуяг, МҮОНРТВ-ийн нэвтрүүлэгч Н.Баярмаа, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ахмад настан Х.Сансалмаа, Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Сүхбаатар аймгийн дуу хөгжмийн багш Ш.Батсайхан, Дорноговь аймгийн “Саранхөхөө” театрын ерөнхий удирдаач Б.Мөнгөн-Өлзий, Чөлөөт уран бүтээлч, барималч А.Очирболд, Ховд аймгийн Хөгжимт драмын театрын ерөнхий удирдаач Н.Цолмон, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, хөгжмийн зохиолч Г.Эрдэнэчулуун, Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Дотоодын цэргийн 805 дугаар ангийн харуулчин, ахлагч Д.Бямбадагва, ЦЕГ-ын Автобаазын жолооч, ахлагч Н.Ганхуяг, Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор Баян-Өлгий аймгийн Толбо сумын ахмад настан Х.Минат, Худалдааны гавьяат ажилтан цолоор Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын “Загийн говь” хоршооны захирал Б.Мөнхөө, Баян-Өлгий аймгийн “Цамбагарав” ХХК-ийн захирал Х.Саясат, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор “Ач” анагаах ухааны их сургуулийн ахлах багш Ж.Батаа, Ховд аймгийн “Эрүүл заяа” ТББ-ын тэргүүн Б.Жамсран, Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дарга Ц. Пүрэвдаш, Сүхбаатарын одонгоор Прокурорын байгууллагын ахмад ажилтан Бат-Очирын Цэрэнбалтав нарыг тус тус шагналаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.10.6 МЯГМАР № 193 (6418)