Э.Эрдэнэжамъян
/хуульч/
Бизнес, арилжааны зах зээл дээр монополь үүсэх нь ямар хохиролтойг бүгд мэднэ. Монопольчлол дангаар ноёрхолд өртсөн барааны үнэ үндэслэлгүйгээр өсөх, монополь тогтоосон компани хэрэглэгчдийг хохироох, жижиг өрсөлдөгчдөө хяхах, зоргоороо нийлүүлэлтийг хумих, тэлэх, дураар авирлах нөхцлийг үүсгэдэг. Тийм учраас төрөөс монополийг задлах, зохицуулах шаардлага үүсдэг. “аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулах” зорилготой Өрсөлдөөний тухай хууль нь зах зээл дээр үүссэн дангаар ноёрхол монополийг төрийн хүчээр задладаг. Тэгвэл өнөөдөр Монголын улс төрийн зах зээл дээр МАН-ын дангаар ноёрхол монополь тогтчихоод байна.
Улс төрийн зах зээл дээр хэрэглэгч нь сонгогч болдог. Харин шийдвэр хэмээх барааг үйлдвэрлэгч нийлүүлэгч нь улс төрийн намууд юм. Улс төрийн нам сонгогчдын саналыг авах нь ашиг хүртэж байгаа хэлбэр. Тэд илүү их ашиг хүртэхийн тулд аль болох олон сонгогчид таалагдах улс төрийн бодлогоо зарлаж, санал шийдлээ танилцуулдаг. Ингээд дөрвөн жил шийдвэр гаргах эрх аваад сонгогчдод амласан шийдвэрүүдээ гаргах учиртай. Энэ үйл явцад монополь үүсвэл тэр гажуудаж эхлэдгийг МАН хангалттай харуулж байна.
МАН хоёр удаагийн сонгуулиар хэт олонхи болж, дангаар засаглах болсондоо эрдэж татварыг тоо томшгүйгээр нэмэх, төсвийг цөлмөх, алдагдлыг нь байнга өсгөж, улсыг өрөнд живүүлж, дээр нь иргэдийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх боломжийг хулгайлав. Тэгээд ч зогсохгүй эрх мэдлээ ашиглан хөлжигчидтэй хуулийн хариуцлага тооцохоос зайлсхийн, ялын бодлогыг ялгавартайгаар хэрэгжүүллээ. ЖДҮХС-аас нэн хөнгөлөлттэй нөхцлөөр зээл авсан улстөрчид эрс ялгаатай ял авцгаав. Ажиглавал эрх барьж байгаа бүлэглэлд ойр хүрээнийхэн ялгүй буюу хөнгөн үлдэж, тэдний ивээлээс ангид улстөрчид нь бага ял авчээ. МАНополийн үр дүнд өнөөдөр монгол хүн бүр 30 сая төгрөгийн өртэй болсон. МАНополь үүссэний улмаас тэдний амлалт нэг ч заалтаар хэрэгжээгүй. МАНополь дангаар ноёрхлын уршгаар улсын төсөв жил бүр 2-4.8 их наяд төгрөгийн алдагдалтай явж ирлээ. МАНополь бодлогын гайгаар хөдөө суманд ямар ч дэд бүтэцгүй газар хэрэгцээнээс илүүдсэн том сургууль барьж төсвийн хөрөнгийг үрэн таран хийж байна. Тэгсэн атлаа сургууль хүрэлцээгүй газар нэг ч төгрөгийн төсөв хуваарилахгүй, хүүхдүүд гурван ээлжээр сургуульд сурч байгаа.
МАНополь бодлого тусгаар тогтнолыг сульдааж, нэг улсаас хараат байдал руу аажим түлхэж, гадны зээлэнд шүтэж, гадны бодлогод автах байдал руу улсаа гулсуулан унагаж байна. Үүнийг саяхан БНХАУ-ын гадаад хэргийн сайдын хийсэн айлчлал тодорхой харууллаа. Эрх баригч намын дарга Үндсэн хуулийн зарчмаас ухарч, чөлөөт зах зээлийг үгүйсгэн, төрийн зохицуулалт нэрээр зах зээлд хүчээр оролцох зарчмаа тунхаглаж байна. МАН төрийг данхайлгаж, хатуу хараа хяналт тогтоох эрмэлзлээ нуухгүй байгаа бөгөөд илт завхрал, дарангуйллын суурийг цутгаж эхэллээ. Тэд хуурамч мэдээлэлтэй тэмцэх нэрийн дор хэвлэл мэдээлэлд хатуу хяналт тавих бүтцийг цагдаагийн газарт тусгайлан байгуулж, өөрсдийг нь шүүмжилсэн хүмүүсийг төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж шийтгэх тухай ярьж эхлэв. Ийм балмад үйлдлийн хохирогч нь иргэд л байх болно. Тийм учраас МАНополь ноёрхлыг сонгогчид задалж байж л хэвийн хэм хэмжээг тогтоох боломжтой. Иргэд олон жилийн туршид МАН-д эрх мэдэл олгох, тэднийг өндөр суудалд тухлуулах сонголт хийж иржээ. Гэтэл үр дүн нь иргэдэд ямар ч ашиггүй, харин хөнөөлтэй байна. Иргэд сонгогчид өнөөдрийг хүртэл хийж ирсэн сонголт маань зөв эсэх, өнөөдрийг хүртэл улсын болон нийслэлийн удирдлага зөв зүйл хийж ирсэн эсэхийг эргэцүүлэн тунгаах цаг иржээ. Та бүхэн нүдээ аниад бод. Өнгөрсөн дөрвөн жилд МАН яг юу хийв, таныг юугаар гийгүүлэв. Хариу нь ойлгомжтой. Тэд юу ч хийсэнгүй. Амласнаа биелүүлсэнгүй. Одоо болно, иргэд өөрсдийнхөө төлөө саналаа өгөхөөс аргагүйд хүрчээ. Та дахиад өөрөөсөө асуу, СОНГОСООР БАЙХ УУ?
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.10.5 ДАВАА № 192 (6417)