Ч.ЗОТОЛ
Нүүрэндээ өрөвч баг зүүсэн, иргэдийнхээ амьдралын чанарт анхаараагүй, эдийн засгийн хүндрэлээ өрөөр аргацаасан ийм төр та бидэн рүү өчигдөр гар даллан мэндчилэв. Намрын чуулган эхэлж, шинэ гишүүд ажилдаа ийнхүү орлоо.
УИХ-ын намрын чуулган 75 хоног хуралдана. Ингэхдээ 122 хууль, шийдвэрийн төслийг хэлэлцэнэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн шинэтгэлийн шинжтэй томоохон хуулийн төслүүд хэлэлцэх асуудлын жагсаалтад нь орсон гэв. УИХ, Засгийн газар эрчим хүч үйлдвэрлэх эх үүсвэрүүдтэй болох, газрын тосны үйлдвэртэй болж хараат байдлаас гарах гэхчлэн эрх баригч намын амлалтын заримыг ажил хэрэг болгох алхам хийж буй. Гэвч цар тахлаас үүдсэн төсөвлөөгүй зарлага, хохирлыг давахад дотоод нөөц бололцоог эрэлхийлсэнгүй. Эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд алхам хийсэнгүй. Гагцхүү өр зээлээр аргацаах шийдвэр гаргасан нь улс орноо гэж боддог хүмүүст бол уйлмаар. Иймээс инээсэн “эмож” нүүрэн дээрээ тавьж, уйлмаар шийдвэр гаргасан улсаа боддоггүй, иргэнээ энэрдэггүй төр гэх шүүмжлэл өөрийн эрхгүй гарч байгаа юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нээлтэд хэлэхдээ “УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд сонгогдсон тойрогтоо ажиллаж, бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, иргэдтэйгээ уулзаж, бүх байнгын хороод хуваарийн дагуу хэлэлцүүлэг зохион байгууллаа. Байнгын хороод салбар, салбарын үйл ажиллагаатай танилцаж, хэлэлцүүлэг зохион байгуулж, мэдээлэл сонслоо. Мөн УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгүүд асуудлаа шийдвэрлэх арга замыг хайж, ажиллаа. Завсарлагааны хугацаанд Үндэсний ном, бичиг соёлын өдөртэй болох, гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих түр хороог байгуулах тогтоолын төслүүд өргөн баригдсан. Цаашид уламжлал болгон намар, хаврын чуулганы өмнө хэлэлцүүлэг, ард түмний үгийг сонсдог мэргэжлийн парламент байхыг гишүүд эрхэмлэж байгаа. Гишүүд хөдөө, орон нутагт ажиллах үеэр иргэдээс өвөлжилтөд хүндрэл учрах, гамшгийн байдлыг газар дээр нь үнэлгээ хийх, мах бэлтгэлийг нэмэгдүүлэх, мах экспортлох зэрэг асуудлаар Засгийн газар, Улсын онцгой комисс шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа ч аймаг орон нутгийн удирдлага хамтран ажиллах хэрэгтэй байна. Тиймээс маргаашийн чуулганы хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой мэдээллийг сонсохоор төлөвлөж байна.
Иймд бид ихээхэн ачаалалтай хуралдаж, цаг хугацаатай уралдах шаардлагатай болж байна. Төсвийн төсөл, зээлийн хүүг бууруулах стратегитай уялдаатай хэлэлцэх, ипотекийн зээлийг зургаан хувь болгох зарчмын шийдэлд Засгийн газар, УИХ хүрсэн. Саарал жагсаалтаас гарахтай холбоотойгоор зургаан заалтын дөрвийг нь биелүүлэн ажиллаж байна” гэсэн. Түүний хэлсэн үгнээс УИХ намрын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаанд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлж, эрх зүйн шинэтгэл хоёр хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн төслийг хойшлуулахгүй байх, Хот тосгоны болон нийслэлийн Эрх зүйн байдлын хуулийн шинэчлэх, Дархан-Уул, Орхон аймгуудыг хотын статустай болгоно. Шүүхийн бие даасан байдал, шударга бус шүүхтэй холбоотой шүүхийн багц хуулиудыг батална гэсэн нь анхаарал татаж байна.
Чуулганы нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга шүүмжлэлт байр сууриас үг хэлэв. Тэрээр “Дэлхий дахинд том сорилт болсон 2020 он ерөнхийдөө дуусахад ойрхон байна. Коронавирусийн халдварыг тойрч гарсан улс одоогоор байхгүй ч Монгол Улсын хувьд есөн сарын хугацаанд дотооддоо алдалгүй байгаад хамаг хүчээ дайчиллаа. Энэ үйлсэд ажиллаж буй цагдаа, онцгой, эрүүл мэндийн салбарын хамт олон талархал илэрхийлье. Цар тахлын улмаас бидний алдаж буй гол асуудал бол экспорт. Цаашид цар тахлын хоёрдугаар давалгаа хэр хүрээг хамарч, хүчтэй тархах нь тодорхойгүй төлөвт байна. Бид бэлэн байдлаа хадгалж, сонор сэрэмжээ алдахгүй байх, эдийн засгаа сэргээх, экспортын орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр оновчтой бодлого, шийдвэр гаргах ажиллах нь чухал байна. Шинэ УИХ-ын анхны чуулган эдийн засгийн хүндрэлийг даван туулах, ирэх жилийн төсвийг алдагдалгүй батлах ёстой гэдгийг сануулж байна. Намрын чуулганы өмнө орон нутагт ажиллахад, нөхцөл байдал хүндэрсэн байна. Олон сумдад ган болж өвөлжилт хүндрэх, малын гаралтай түүхий эд үнэгүйдэх, хөгжлийн ялгаатай байгаа нь тэгш хандлага, тэнцвэртэй бодлого чухал байна.
Сүүлийн жилүүдэд бид ганц аж үйлдвэрийн цогцолборыг жинхэнэ утгаар нь битгий хэл жижиг хэлбэрээр ч хийж хэрэгжүүлж чадсангүй. Үр дүнд нь импортыг шүтсэн, зээл горьдож, тусламж хүссэн улс боллоо. Төсвийн сахилга бат алдагдаж, орон нутгийн удирдлага замбараагүй үргүй зардал их гаргаж байна.
80 сая дөхөж байгаа мал, түүний гаралтай бүтээгдэхүүнийг мөнгө болгож чадахгүй, үнэгүйдүүлж байгаад харамсч байна.
Ширүүн өвөл, эдийн засгийн доройтол бидний хүлээж байна. Иргэдийнхээ орлогыг хамгаалах, үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд анхаарах хэрэгтэй байна. Улс оронд шийдэх ёстой маш олон асуудал байгаа учраас хамгийн чухлаас эхлэн эрэмбэлж, эн тэргүүнд хэлэлцээд, шийдээд өгөөч гэж хүсч, шаардаж байна. Өрийг өрөөр дарчхаад дайсан дарсан мэт хөөрцөглөж байхаар орлого олох талаар ухаанаа уралдуулаач гэж хүсч байна. Маш хурдтай өнгөрч байгаа цаг үетэйгээ хөл нийлүүлдэггүй юм гэхэд ядаж цаг хоцрохгүй ажилламаар байна, олонх. Экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийг дэмжих чиглэлээр онцгой анхаарч, цогцоор нь харж төлөвлөх хэрэгтэй байна” гэсэн юм.
Д.Тогтохсүрэн: Гишүүнээр сонгогдоогүй хүмүүсийн өргөн барьсан хуулийн төслүүдийг буцаана
УИХ-ын намрын ээлжит чуулганыг намын бүлгүүд хуралдлаа. УИХ дахь МАН бүлгийн хуралдаанаараа үндсэн хоёр асуудлыг хэлэлцсэн талаар тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.
Бүлгээр хэлэлцсэн асуудал болох УИХ-ын Дэгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Уг хуулийн төслийг УИХын гишүүн С.Бямбацогт нарын гишүүд өргөн барьжээ.
Хоёрдугаарт, зарим хуулийн төслийг буцаах эсэхийг хэлэлцсэн байна. Тодруулбал, өмнөх парламентын үед өргөн барьсан хэлэлцэгдээгүй 100 орчим хуулийн төсөл байгаа аж. Тэдгээр хуулийн төслүүдийг УИХ-д дахин сонгогдоогүй зарим гишүүн өргөн барьсан тул төслийг буцаах хуультай гэлээ.
Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхэдээ “Сонгогдоогүй гишүүдийн өмнөх парламентад өргөн барьсан хуулиудыг буцаахаас өөр арга байхгүй. Тийм хуультай. Засгийн газраас өргөн барьсан олон хууль бий. Засгийн газар заримыг нь татаж авч, дахиж боловсруулах шаардлагатай хуулиуд ч бий. Тиймээс 100 орчим хуулийг буцаах асуудлыг бүлгийн гишүүд ерөнхийд нь дэмжсэн. УИХ-ын гишүүд чуулганы завсарлагааны үеэр бүгд тойрогтоо ажилласан” гэсэн юм.
АН: ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр үр дүнгүй болсон
УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар Төрөөс 2021 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл мөн УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар Шадар сайдын хийх мэдээлэлтэй холбоотой асуудлуудыг хэлэлцжээ.
Хэлэлцсэн асуулуудын талаар тус бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийлээ. Тэрээр”Төрөөс 2021 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөл дээр манай бүлгийн гишүүд сайтар ажиллах нь зүйтэй гэж үзлээ. Тухайлбал, манай гишүүд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр үр дүнгүй болсон гэсэн байр суурьтай байгаа. Засгийн газар өөр байр суурьтай байгаа. Мөн зээлжих зэрэглэл, төсвийн алдагдалд онцгой анхаарах шаардлагатай. Монголд хууль журам хэрэгжихээ байжээ. Хуулийг хэрэгжүүлэхэд хяналт тавих ажлыг Засгийн газар нь хариуцдаг. Гэтэл энэ Засгийн газар өнөөдөрхөн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээллээ гишүүдийн гар дээр өглөө. Уг нь долоо хоногийн өмнө өгсөн байх ёстой. Би орон нутагт ажиллаад ирсэн. Олон аймагт зуншлага тааруу, гантай байсан. Гантай байдал нь цаашдаа гамшиг болох эрсдэлтэй байна. Гамшгийн зэрэглэлийг тогтоож өг гэж 20 гаруй хоногийн өмнө хэлсэн.
Дарга нар хажуугаар онгоцоор нисээд л байдаг цөөн хэдэн гишүүн л ард түмэнтэйгээ ойр ажиллаж байна. “Монгол хүн хаана хүнд хэцүү байна тэнд Засгийн газар хүрч ажиллана” гэж Ерөнхий сайд хэлсэн. Энэ хэцүү үед очиж ажиллаж байгаа нь харагдсангүй. Нөгөөтэйгүүр төр эдийн засагт оролцохоо илэрхийлсэн. Уг нь бид зах зээлийн эдийн засагтай, гантай газруудад л төрийн оролцож дутагдаж байна. Оройтсон хойно ямар ч тус хэрэггүй” гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.10.2 БААСАН № 191 (6416)