С.САРУУЛ
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой мэдээллийг өнөөдөр /2020.10.01/ нийслэлийн Сонгуулийн хорооноос өглөө. Нийслэл дүүргийн Сонгуулийн хороод сонгуульд оролцох нэр дэвшигчдийн үнэмлэхийг өчигдөр гардуулсан. Хөдөлмөрийн үндэсний намын нэр дэвшигчтэй холбоотой нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байна. Энэ асуудлаар нийслэлийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Б.Амартүвшин “Нийслэлийн Сонгуулийн хорооний 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор Хөдөлмөрийн үндэсний намын 27 нэр дэвшигчийг бүртгэсэн. Үүнтэй холбоотойгоор иргэн н.Бямбадэлгэр нарын нэхэмжлэлтэйгээр Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр гомдол гарсан. Тус гомдлын дагуу 2020 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн хуралдаанаас шүүгчийн захирамж албан ёсоор нийслэлийн Сонгуулийн хороонд ирлээ. 2020 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 7337 шүүгийн захирамжаар нийслэлийн Сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/21 дугаар тогтоол буюу Хөдөлмөрийн үндэсний намын 27 нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрийг түдгэлзүүлсэн байгаа. Түдгэлзүүлсэн шийдвэртэй холбоотойгоор нийслэлийн Сонгуулийн хороо Хөдөлмөрийн намтай холбоотой аливаа үйл ажиллагаа явагдахгүй” хэмээлээ.
Эх сурвалж: www.polit.mn