Т.САЙХАН

 

Сонгуулийн тухай хууль тогтоомжийг зөрчсөнтэй холбоотой асуудлуудад бодитой дүн шинжилгээ хийе гэсэн байр суурин дээр улс төрийн намууд нэгдэн, хамтарсан судалгаа хийжээ. Уг судалгааны ажлын хэсгийг Олон улсын судалгаа хөгжлийн төвийн захирал, судлаач, эдийн засагч Б. Болор-Эрдэнэ ахалж ажилласан байна. Судалгааны үр дүнгийн талаар түүнтэй ярилцлаа.

 

-2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр гарсан зөрчлийн талаар судалгаа хийсэн хүний хувьд сонгуулийн луйвар, булхай гаарч байна гэсэн иргэдийн хардлагад бодит хариулт өгөх болов уу?

-Өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн дараа иргэд болон улс төрийн намууд “Сонгууль луйврын шинжтэй боллоо. Сонгуулийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдол нэлээд гарлаа” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр байр сууриа илэрхийлсэн. Энэ эргэлзээ одоо ч тайлагдаагүй байна. Бид дээрх зөрчлүүдтэй холбоотой асуудалд дүн шинжилгээ хийх зорилгоор мэргэжлийн баг бүрдүүлэн, улс төрийн намууд, штабын бүрэлдэхүүнд ажилласан хүмүүс, ухуулагч болон иргэдээс авсан мэдээллүүдээ нэгтгэн дүгнэсэн. Уг судалгаагаар хэсгийн хороо, санал авах байр, сонгуулийн төв байгууллагын үйл ажиллагаатай холбоотой зөрчлүүд нэлээд илэрсэн.

-Ямар төрлийн зөрчил  давамгайлж байна  вэ?

-Иргэдийг эдийн засгийн чадамжаар нь барьцаалан бие даан шийдвэр гаргаж, чөлөөт сонголт хийх эрхийг нь зөрчсөн тохиолдол нэлээд байна. Тодруулбал, хэсгийн хороод болон санал авах байрууд дээр өрсөлдөгч намын ажиглагчдын хуулийн хүрээнд ажиглалт хийх эрхэнд халдсан, эрхийг нь хязгаарласан, тэгш боломж олгоогүй гэх мэт нөхцөл байдал үүсчээ. Мөн сонгогч саналаа өгөхөөр ирэхэд ямарваа нэгэн байдлаар нөлөөлөх гэсэн оролдлогууд ч гарсан байна. Иргэд саналын хуудсаа дугтуйнд хийлгүй задгай өгсөн, санал өгөх ширээ бүхээггүй байсан, хэсгийн хорооны дарга, даамал зэрэг хүн нууцаар санал өгөх үед сонгогчийн хажууд зогсох, дэргэдүүр нь холхих зэрэг  зөрчил илэрч, иргэдийг бухимдуулсан.  Тухайлбал, Багахангай дүүргийн иргэд маш бухимдалтай байна. Учир нь ажлын байртай чинь, ахуй амьдралтай чинь ярина шүү гэсэн дарамт төрийн албан хаагчдад их ирсэн байна. Мөн ажилтнуудаа унаа машинаар зөөж, цаасан дээрээс нэрийн жагсаалтыг харж бөөгнөрүүлж оруулах явдал хавтгайрсан. Энэ бол 1992 онд батлагдсан ардчилсан Үндсэн хуульд заагдсан монгол хүний язгуур эрхэнд шууд халдаж буй хэрэг. Мөн сонгуулийн холбогдох хууль тогтоомжууд, төрийн албаны ажилтнуудын ёс зүйн дүрэм тангаргийг зөрчиж байна.

Төр ариун байх ёстой. Гэтэл ажилтнаа дарамталдаг, сонголтод нь шууд болон шууд бус замаар нөлөөлдөг, нэр заасан хүнд саналаа өгөхгүй бол халамж тэтгэврээс чинь хасна, хүнсний талоныг чинь олгохгүй, тусламж бараа бүтээгдэхүүн өгөхгүй, ажлын байраар хангахгүй хэмээн дарамталдаг байж болохгүй. Үүнийг олон улсад “Засаглалын занга” гэж нэрлэдэг.  Ийм Засаглалын занганд хүлэгдсэн хүмүүс олон байна. Ийм байдал суманд яч, дүүргүүдэд ч байна. Ийнхүү иргэдийнхээ язгуур эрх ашгийг хамгаалж чадахгүй төр, төрийн байгууллага оршиж байгаа бол өнөөдөр Монголд ардчилал байгаа эсэх нь эргэлзээтэй.  Төрийн эрх мэдэл, давуу байдлаа ашиглаж сонгогчдын язгуур эрхэнд халдаж, бие даан, хараат бусаар саналаа өгөх боломжийг нь боомилж байгаа үйлдлийг иргэд хүлээн зөвшөөрч болохгүй.

-Сонгуулийн санал тоолох автомат машинд эргэлзсэн хүн  олон байна.  Энэ асуудалд ямар судалдаа явуулсан бэ?

-Зөрчлүүдийг  ангилж үзвэл СЕХ, хэсгийн хороо, санал авах байрны процесс үйл ажиллагаатай холбоотой зөрчил 35.3 хувь, улсын бүртгэлтэй холбоотой буюу царцаа нүүлгэлт зэрэг зөрчил 19 хувь, нэр дэвшигчдийн зүгээс сонгуулийн хууль зөрчсөн тохиолдол 20 хувь, хар машин, программ хангамж технологитой холбоотой зөрчил 16.2 хувийг эзэлж байна. Үүнээс дийлэнх  буюу 35.3 хувь нь процессын алдаа буюу хүний үйл ажиллагаатай холбоотой зөрчил. Тэгэхээр хүний үйл ажиллагаатай холбоотой асуудалд илүү анхаарах хэрэгтэй. Жишээлбэл, УИХ-ын сонгуулиар Сүхбаатар дүүрэгт 80 санал тоолох төхөөрөмж байснаас найм дээр нь ямар нэгэн байдлаар доголдол илэрсэн. Өөрөөр хэлбэл, санал тоолох төхөөрөмжийн 10 хувьд нь техникийн доголдол үүсчээ. Энэ бол техникийн хувьд хэвийн ажиллагаагаа бүрэн хангаж чадаагүй  байна гэсэн үг.  Мөн шууд дамжуулалтын үеэр программын алдаа их гарсан. Цэг таслалын алдаа, эрэмбэ дараалал огцом өөрчлөгдсөн.  Саналын тоо нэмэгдэхээ больсон.  Нэг нэр дэвшигч дээр огцом нэмэгдсэн.  Нэр дэвшигчийн нэр лист дээрээс гэнэт алга болсон гэх мэтчилэн маш олон алдаа гарсан. Сонгинохайрхан дүүрэг дээр гэхэд 61 мянган санал гэнэт 51 мянган санал болж буурч байсан. Эдгээрээс харахад энэ удаагийн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад техник болон программ хангамж нь бэлэн бус байжээ. Бэлэн бус программ болон техникээр сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулсан нь өөрөө сонгуулийн үр дүнг нягтлан шалгах эргэлзээг бий болгох үндэслэл болсон байна.

-Улс төрд шинэ залуус хүч түрэн орж ирж байна. Энэ үзэгдлийг та юу гэж дүгнэдэг вэ?

-Шинэ соёл авчирч, иргэдээ үзэл бодлоор нь алагчилдаггүй, аливаа зүйлийг явцуу ашиг сонирхолд нийцүүлж, улс төрждөггүй, иргэдийнхээ хөгжил, амьдралын чанарыг сайжруулах эрмэлзэлтэй залуусын давалгаа хүч түрэн орж ирж байгаад баяртай байдаг. Иргэд ч шинэ залуу улстөрчдөд дэмжлэг үзүүлэх хандлагатай болж байна. Өнөөдөр нийгмийн өмнө тулгамдаж байгаа асуудал бол ажилгүйдэл. Тэр дундаа нийслэлээс алслагдсан дүүргүүдэд энэ асуудал их хөндөгдөж байна. Ажил эрхлэлтийг дагаад өрхийн орлого буурч байна. Энэ байдлаас болж нийгмийн стресс үүсч, архинд орж байгаа хүмүүс их байгаа нь харамсалтай. Өрх гэрийн ноён нуруу  болсон аавууд, хөвгүүдээ бид архинд алдаж байна. Бид үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй.  Нэн даруй өөрчлөх хэрэгтэй. Тиймээс иргэдийн эдийн засгийн хэрэгцээг хангах нь чухал байна. Тэгэхээр орон нутагт ажлын байрыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт улстөрчид, мэргэжлийн эрдэмтэн судлаачид, иргэдийн оролцоотойгоор нэн тэргүүнд толгойгоо ажиллуулах хэрэгтэй. Нэг удаа гудамж талбайн хог цэвэрлүүлээд, арав, хорин мянган төгрөг өгч байгаагаа иргэдийн эдийн засгийн хэрэгцээг хангаж байна гэж үзэж хэрхэвч болохгүй. Түүний оронд тэр мөнгөөрөө урт хугацаанд баталгаатай, тогтвортой ажил эрхлэх боломжтой ажлын байр бий болгох нь үр дүнтэй. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн халамж, нэг удаагийн гэдэс цатгалан байдлаас илүү урт хугацааны амьдралын баталгаа, урт хугацаанд гэдэс цатгалан байх бодлого тодорхойлж гаргаж ирэх хэрэгтэй. “Загас барьж өгвөл нэг өдрийн хүнс, загас барих аргыг нь зааж өгвөл нэг насны хүнс” гэсэн эртний үг байдаг даа. Бид өмнө нь сонгосноо дахин сонговол энэ хэвээрээ л үлдэнэ. Өөр боломж байна. Бид яагаад тэр боломжуудыг олж харж болохгүй гэж.

-Та алслагдсан, хөгжлөөрөө хоцрогдсон гэгддэг дүүргийн төлөөлөл. Алслагдсан дүүргүүдийн асуудлыг мэддэг, боломжуудыг олж хардаг байх гэж бодож байна?

-Хөгжлөөс хоцрогдсон, нийслэлээс алслагдсан, хөгжлийн болон эдийн засгийн боломжоор сул, зах зээл хумигдмал гэх зэрэг зүйлсийг би харин ч олон зүйлийг хийж, бүтээх, хөгжүүлэх боломж гэж хардаг. Тулгамдсан бэрхшээл байна гэдэг бол нэг талдаа боломж. Учир нь, тэнд эрүүл  агаар байна. Хөгжлийн төлөвлөлт хийх боломжтой газар нутаг байна. Улаанбаатар хот шиг автомашины түгжрэлд орчихсон. Хотын төлөвлөлт дампуурсан, мухар гудамж олонтой, үер усанд автчихсан, агаарын бохирдолдоо дийлдсэн, тоосжилт, хөрсний бохирдол, хүлэмжийн хийгээрээ хэтийдсэн газар биш шүү дээ. Улаанбаатар хотын алдааг давтахгүй байх, алдаанаас нь харж суралцах, сайхан бүхнийг цогцлоох боломж алслагдсан дүүргүүдэд байна. Тулгамдаж буй асуудал дээр төвлөрч,шийдлээ олж харах хэрэгтэй.  Би өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийн нэгэн том айл, Баянгол дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллахдаа дүүрэгтээ олон хөрөнгө оруулалт татсан. Тухайлбал, БНСУ-ын Сөүл хотын нэгэн дүүрэгтэй ах дүүсийн найрамдалт харилцаа тогтоон,олон төрлийн том жижиг төслийг Баянголд амжилттай хэрэгжүүллээ. Мөн Баянгол дүүргийн төрийн албан хаагчид  тус улсад цалинтай дадлагажих хөтөлбөрт хамрагдах, туршлага судлах зэрэг боломж ч бүрдсэн. Түүнчлэн эмнэлгийн тоног төхөөрөмж, боловсролын байгууллагуудад ном, сурах бичиг, хөгжмийн зэмсэг хандивлах, хүүхдүүдэд хөгжмийн боловсрол олгох, спортын хамтын ажиллагаа тогтоох зэрэг олон төрлийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ туршлагадаа тулгуурлан алслагдсан дүүргүүдэд ч гадаад хамтын ажиллагааны боломж байгааг онцолмоор байна. Дэлхий боломжоор дүүрэн болсон. Бид цөөн хүн амтай, жижиг зах зээлтэй гээд зөвхөн Монголоороо, зөвхөн Багахангайгаараа, Багануураараа сэтгэж, өөрсдийгөө боломжоос тусгаарлаж ерөөсөө болохгүй. Илүү өргөн хүрээнд, гадагшаа тэлж харах хэрэгтэй. Эс бөгөөс манай Багахангай дүүрэг шиг өрсөлдөх чадвараараа сүүл мушгиж, хүмүүс нь арга буюу амьдралаа бодож, төрөлх дүүргээ орхин одсоор байгаа дүр зураг үргэлжлэх болно.

-Жишээ нь, ямар боломж байна?

-Цөөн хүн амтай дүүрэг, аймаг, сумдын хувьд иргэдийн хамтын ажиллагааг хэрхэн бий болгох вэ гэдэг дээр дэлхийн улс орон, тосгон, таун, суурин газрууд амжилттай ажилласан туршлага олон бий. Жишээ нь, Солонгосын “Нэг тосгон” хөдөлгөөн бол хуучирсан хот, тосгоны хэв маягийг өөрчилж, орчин үеийн загварыг бий болгож, иргэдийн ажил эрхлэлт, амьдралын чанарыг сайжруулж, кластрын системд оруулан, төрийн менежмент, иргэдийн оролцооны зохистой байдлыг бий болгосон хувьсгал байсан. Мөн АНУ-ын том компаниуд, тухайлбал “Амазон” компанийн төв оффисыг хаана байрлуулах вэ гэдэг дээр хотуудын дунд тендер зарласан байдаг. Газар нутаг, хүний нөөц, зам талбай, татварын таатай бодлогоороо гэх мэтчилэн дэмжлэг үзүүлж чадах боломжуудаараа хотууд өрсөлддөг. Тендерт шалгарсан хотод “Амазон” удирдах төв байгууллагаа байгуулсан байдаг. Түүнийг дагаад технологи, хүний нөөц, зах зээл гэх мэт маш олон үр өгөөжтэй зүйлс тухайн хотод бий болдог. Хүмүүсийг нь ажлын байраар хангадаг, хөл хөдөлгөөн, зах зээл нэмдэг, ажилчдын татвараар тодорхой төсвийн орлого бүрддэг гэх мэт давуу талууд үүсдэг учир бизнесийн хувьд ямар ч татваргүйгээр тухайн хотод байрлуулдаг тохиолдол ч бий. Тулгамдсан асуудлуудаа ингэж маш сонирхолтой аргаар шийддэг туршлага дэлхийгээр дүүрэн байна.  Гэхдээ зөвхөн ухаантай хүн гарч ирээд тас хийтэл шийдчихдэг юм биш. Сонгогдсон хүн нь иргэдийн харилцааг шийдэж, оролцоог нь хангадаг. Түүнээс биш ухаантай царайлсан дарга нар орон нутгийн хөгжлийн асуудлыг шийдэх нэрээр их хэмжээний төсөв мөнгийг өөрсдөдөө хуваарилж аваад, үр ашиггүй зарлагадаад, чөтгөрийн тойрогтоо эргэлдээд, өдөр тутмын ажлаа аргацааж даргалсан арга барилаар ажиллах нь үр өгөөж авч ирэхгүй. Асуудлаа шийдэхийн тулд зөвхөн улстөрчдийн нөлөөг ашигладаггүй, иргэдийн өөрсдийнх нь оролцоо, гадаад дотоод хамтын ажиллагааг шийдээд явах боломжийг олж харсан ийм тактик олон бий. Бид боломжийг олж харах, зоримог, зорилготой үйлдэл хийх л хэрэгтэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.28 ДАВАА № 187 (6412)