“Заяа&Золоо” хуулийн фирмийн үүсгэн байгуулагч, хуульч, өмгөөлөгч Ганбатын Батзаяатай ярилцлаа.
-Гэр бүлийн хүчирхийллийн тал дээр хийгдэх ёстой ямар ажлууд байна гэж харж байна?
-Түүхэн талаасаа гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйл уг нь манай монголчуудын ахуй, амьдралаас хол аавыгаа бурхан мэт залдаг, ээжийгээ тэнгэр мэт шүтдэг ард түмэн шүү дээ. “Ахаа алд хүндэл, дүүгээ дэлэм хүндэл гэх мэт гэр бүлийн сайхан уламжлал соёл хандлага бидэнд их бий. Сүүлийн үед элбэгшээд буй энэхүү үзэгдлийн цаад шалтгаан нь хавтгайрсан архидалт, ёс суртахууны доройтол, гэр бүлийн боловсрол, орчны сөрөг нөлөөлөл гэх мэт олон өөр хүчин зүйлүүдээс хамаарч байна. Мөн хүчирхийлэл үйлдэгч нь ихэнх тохиолдолд хойд эцэг, эх, хүчирхийлэлд өртөгч нь өргөмөл хүү, охин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байдаг. Хүчирхийлэл үйлдэгдэж буй өөр нэг шалтгаан бол хүний уур бухимдал, стресс байна. Цэвэл гуайн Монгол хэлний тайлбар толинд хүчирхийлэл гэдгийг хүч хэрэглэж үйлдэхийг хэлнэ гэсэн байдаг. Гэтэл хуулиараа гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт сэтгэл санааны, бие махбодийн, эдийн засгийн гэх мэт төрлүүдийн хүчирхийлэл гэж байдаг. Иргэд маань хүчирхийллийг зөвхөн бие махбодид халдах үйлдэл гэдгээр нь илүү ойлгодог. Гэтэл сэтгэл санааны болон эдийн засгийн хүчирхийлэл гэдэг тэр бүр ил байгаад байдаггүй асар их хор уршигтай хүчирхийлэлийн хэлбэрүүд байна. Хясан боогдуулах замаар байнгын давтамжтай сэтгэл санааны хүчирхийлэл нь депресс, улмаар стрессийг бий болгож энэ нь улмаар бие махбодын хүчирхийлэлийг бий болгодог. Өнөөдөр амьдрал дээр үйлдэгдэж буй хүчирхийллийн хэргийн ихэнх хувь нь дээрх далд төрлийн хүчирхийллээс үүдэлтэй гэсэн үг. Манайд хүний стрессийг тайлах орчин, худалдаа, үйлчилгээний газар ялангуяа хотын захын дүүрэг, хороодод байхгүй байна шүү дээ. Олон улсын тэргүүн туршлагуудаас харахад сэтгэл зүйч нар ийм асуудлуудыг гаргуулахгүй байх, урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдийн засгийн хүчирхийлэл үйлдэгдэж буй шалтгаан нь ажлын байр бага, иргэдийн хөдөлмөрийн үнэлгээ бага, цалин хангамж муу байгаатай холбоотой.
-Саяхан нэгэн бага насны охин гэр бүлийн удаа дараагийн хүчирхийлэлд өртөж байгаад эцэст нь нас барсан харамсалтай хэрэг гарсан. Үүний шалтгаан нөхцлийг та юу гэж харж байна вэ?
-Монгол улс НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухайн конвенцид нэгдэн орсон, хүүхдийн эрхийн талаар Хүүхдийн эрхийн тухай хуулийг батлан гаргасан байдаг. Хүүхдийн эрх хамгийн чухал эрхүүдийн нэг. Учир нь гэр бүл бүрэлдэж бий болоод түүнийг улам бататгаж гагнаас болгодог амин эрдэнэ нь хүүхэд болдог. Хэрэв хүүхдийн хүчирхийлэл үйлдэгдээд эхэлвэл дараа дараагийн аз жаргалтай гэр бүлүүд бүрэлдэхэд саад учирдаг. Эндээс улс орны, нийгмийн асуудлууд үүсдэг. Үүгээрээ маш аюултай. Нөгөө талаас зодож амь насыг нь хохирооно гэдэг ерөөсөө байж болохгүй. Манай үндсэн хуулиар хүний хамгийн түрүүний эрх амьд явах эрх. Гэтэл хүнийг зодож амь насыг хохирооно гэдэг олон улсын зарим туршлагад байдаг хамгийн муухай егүүтгэх аргад ордог шүү дээ. Аливаа хүчирхийлэлэээс ангид байх нь манай нийгмийн зорилго. Тэгэхээр гэр бүл, хүүхдийн асуудал бол аливаа улсын үндэс суурь нь юм.
-Тэгвэл бид гэр бүлийн хүчирхийллийг багасгах, таслан зогсоохын тулд юуг хамгийн түрүүнд хийх хэрэгтэй юм бэ?
-Хүчирхийлэл гэж юу вэ гэдгийг олон нийтэд таниулах дараа нь сурталчлах хэрэгтэй байна. Хоёрдугаарт, хороо бүрд мэргэжлийн сэтгэл зүйчийг ажиллуулах шаардлагатай. Олон улсад ийм тэргүүн туршлагаар ирээдүйд бий болох эрсдэлтэй олон хэцүү асуудлыг амжилттай шийдэж байна. Гуравдугаарт гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа эсэх судалгааг тухайн хорооны иргэдээс тогтмол авч дата судалгааг цуглуулах. Дөрөвдүгээрт, үнэхээр стрессдсэн болон сэтгэлзүйн асуудалтай хүмүүсийг төрийн болон хувийн эмнэлэг дээр эмчилдэг квот, тогтолцоо хэрэгтэй байна. Ихэнхи ийм сэтгэлзүйн хямрал, өвчин нь олдмол байдаг. Мөн боловсролын сайн тогтолцоо бол хамгийн чухал урт хугацааны шийдлүүдийн нэг гэж хардаг. Энэ мэт эрс шинэчлэх, сайжруулах олон ажлууд байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.9.25 БААСАН № 186 (6411)