Т.САЙХАН

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /09.18/ Хөтөлийн “Цемент Шохой” ХК-аар зочилж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр тус компанийн гүйцэтгэх захирал А.Шоовдор үйлдвэрийн өнөөгийн байдал, цаашдын тулгамдаж буй асуудлуудыг танилцуулсан байна.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ үеэр “Цемент Шохой” ХК нь алдагдалтай ч гэсэн “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т 37 жилийн турш технологийн шохойг тасралтгүй нийлүүлж байгаа, Хөтөл хотын  төр төсвийн 14 албан байгууллага, 67 орчим аж ахуй нэгж, 1275 айл өрхийг дулааны эрчим хүч, хэрэглээний халуун усаар ханган 2,5 тэрбумын алдагдлыг хүлээн ажиллаж нийгмийн хариуцлагаа сайн биелүүлж байгаад талархав.

Мөн дотоодын мэргэшсэн инженер техникийн ажиллагсадтайгаар үйлдвэрлэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа Монгол  Улсын стратегийн чухал  ач холбогдол бүхий үйлдвэр байна гэдгийг онцолжээ. 

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь тус үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар нь хэрхэн ашигтай ажиллуулах, цементийг экспортод гаргах талаар болон бусад асуудлуудад төр засгаас дэмжлэг үзүүлэх болно гэдгээ хэлсэн байна. 

Эх сурвалж:www.polit.mn