Б.ГАРЬД

 

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Монголд ирээд буцлаа. “COVID-19” цар тахлын улмаас дэлхийн бүх улс орон дор бүрнээ хилээ хааж, дотооддоо бүгж буй энэ цаг үед Хятадын Гадаад хэргийн сайдын Монголд хийсэн экспресс айлчлал олон улсын анхаарлыг ч татаад авлаа.

Учир нь өнгөрсөн зунаас эхлээд Хятадын ӨМӨЗО-ы дунд сургуулиудад монгол бичгийг хориглож, бүх хичээлийг хятад хэлээр явуулах Хятадын төрийн бодлого хэрэгжиж эхлээд байгаа юм.

Тиймээс дэлхийн энд тэнд оршин сууж буй монгол үндэстнүүд сүүлийн хэдэн сарын турш эсэргүүцлээ илэрхийлж, байр сууриа илэрхийлж байна. Монгол Улсад ч тодорхой хүрээнд жагсаал цуглаан болж, монгол бичгээ хамгаалсан эсэргүүцэлд нэгдсэн.

Хэл бол үндэстний дархлаа, соёлынх нь бэлгэ тэмдгийн тогтолцоо юм. Өөрөөр хэлбэл, соёлыг бүрэлдүүлэгч гол цөм нь хэл учраас үгийн санд нь тухайн үндэстний танин мэдэхүй, утгын тогтолцоо, үнэлэмжийн ойлголт илэрч байдаг. Мөн хэл бичигт тухайн үндэстний оюун санаа, шашин шүтлэг, ахуй амьдрал, урлаг,  гоо сайхан, ёс зүй, утга зохиол, нийгэм, хуулийн онцлог шингэсэн байдаг. Энэ утгаараа үндэстэн оршин тогтнох, хадгалж үлдэх хамгийн гол хөшүүрэг нь хэл болж таарч байгаа юм.

Тиймээс дэлхий даяар тархан суурьшсан монгол үндэстнүүд Хятадын төрийн энэ бодлогыг эсэргүүцэн шүүмжилж буй юм.

Учир нь Хятадад болж буй үйл явдал Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт, Боловсролын талаар алагчилахтай тэмцэх тухай конвенци, Хүүхдийн эрхийн тухай конвенцитэй зөрчилдөж байна.

Мөн Хятадын Үндсэн хуульд ч “...БНХАУ-д бүх үндэстэн ижил тэгш эрхтэй. ... Аливаа үндэсний цөөнхийг ялгаварлан гадуурхахыг хориглоно. ... Үндэсний цөөнхүүд бүгд ярианы болон бичгийн эх хэлээ чөлөөтэй хэрэглэх, хөгжүүлэх ... эрхтэй” гэж тодорхой заасан байна.

Дэлхийд тархсан 10 сая гаруй монголчуудын цөм нь мэдээж хэрэг бидний Монгол Улс. Хэдийгээр ӨМӨЗО-д бараг зургаан сая шахам монголчууд байгаа ч тусгаар Монгол нь энд. Тэр утгаараа монгол хэл, бичгийн тухайд Монгол Улсын байр суурь ямар байх нь онцгой анхаарал байлаа.

Байлаа гэсний учир нь Хятадын Гадаад хэргийн сайд Ван И гэх эр Монголд ирж ганц өдөр болохдоо бүгдийг эргүүлчихээд явж одлоо.

Ван И нь Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар гэх ч гэнэтийн шахам айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхлаа.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр Ван И сайдад машид найрсаг хандаж, түүнийгээ биеийн хэлэмжээрээ ч хангалттай үзүүлцгээлээ. Зарим нэгэн экс сайд нар Ван И-гийн гарыг Далай ламынхаас ч гүн сүсэг бишрэлтэй атгаж байгаа зураг хөрөг нь тараад байна.

Гэхдээ Хятадын Гададаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал эхнээсээ уламжлал, дипломат ёсыг мартсан маягтай болсныг энд дурдах хэрэгтэй.

Ийм Гадаад хэргийн сайдын хэмжээний дипломат айлчлал бол хамгийн их дүрэм журмыг барьдаг. Тэгвэл Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Чингис хаан нисэх онгоцны буудалд буунгуутаа л протокол зөрчөөд эхэлсэн. Манай Гадаад харилцааны яамныхан хадаг, мөнгөн аягатай сүү барьсан “Дүүриймаа” бэлдээд байв. Гэтэл Ван И сүү амсахаас татгалзсанаа гараараа дохиж илэрхийлээд явж одсон. Уг нь айлчлалаас өмнө хоёр талын Гадаад яамныхан хөтөлбөр дээрээ яг таг тохирсон байдаг. Тэр нь энд алдагдав.

Албан ёсны мэдээлэлд дурдаагүй ч Ван И сайд Монголд 700 сая юанийн буцалтгүй тусламжийн бэлэгтэй иржээ. Ийм хэмжээний тусламж үзүүлэх эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт хоёр улсын Гадаад харилцааны сайд нар гарын үсэг зуржээ.

Асуудлын гол нь Хятадын 700 сая юанийн тусламжийн хариуд Монгол Улс монгол бичгийнхээ асуудал дээр амаа хамхих “зарлиг” аваад үлдчихлээ.

“COVID-19” цар тахлын үед Ван И яах гэж наашаа зүглэв ээ. 700 сая юанийн буцалтгүй тусламжийн хэлэлцээрт ийм яаралтай гарын үсэг зурах хэрэгцээ Хятадын талд яагаад үүсэв ээ. Хариулт нь тов тодорхой юм.

Харин алган дээр байгаа юм шиг ил тод байгаа монгол бичгээ 700 сая юаниар “солих” шийдлийг манай ҮАБЗ яагаад зөвшөөрчихөв гэдэг л их сонин байна. Яагаад гэвэл Ван И-гийн халаасанд ирж яваа 700 сая юанийг ҮАБЗ мэдэж байсан нь ойлгомжтой. ҮАБЗ-өөр Хятадын ийм хэмжээний дүнтэй тусламжийн асуудал орохгүй өнгөрнө гэж үгүй.

Юутай ч Ван И-гийн авчирсан бэлгийг манайхан алга хавсарч байгаад авчихлаа. Хариуд нь Гадаад харилцааны сайд маань “Хятад, Монгол харилцан бие биеийнхээ бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, бие биеийнхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй” гэж мэдэгдлээ. Дипломат бусаар “орчуулах” юм бол “...Бид монгол бичгийнхээ төлөө дахин дуу гаргахгүй ээ” гэчихэж байгаа юм.

Угтаа энэ бүхэн Монгол Улсын байр суурийг дэлхийд дэндүү тодорхой харуулчихлаа.

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Монголд ирлээ. 700 сая юанийн тусламж өглөө. Манайхан хариуд нь “...Танай хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй” гэлээ.

Үүнийг дэлхий “Монгол Улс монгол бичгийнхээ төлөө, ӨМӨЗО-д болж буй асуудлаар дахин өөрөө байр суурь илэрхийлэхгүй юм байна” гэдгийг ойлгочихлоо. Нэг үгээр “...Монгол Улс Бээжинг дэмжинэ” л гэчихэв.

Гэтэл Хятадын төр яагаад монгол хэл, бичгийг хориглох бодлогыг хэрэгжүүлсэн бэ. Гадаад хэргийн сайд Ван И гэнэт Монголд ирж “гал дарах” болсон нь ямар учиртай вэ гэдгийг манай улстөрчид анзаарч чадсан уу. Олонх нь үгүй.

Эдгээрийн учир шалтгааныг хэлж, ухаж байгаа монгол хүмүүс цөөхөн байна.

Зөвхөн ганцыг нь дурдахад бид Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулна. Хэрвээ манай энэ хууль хэрэгжээд эхэлбэл Монгол Улс, ӨМӨЗО нэг бичигтэй болчихож байгаа юм. Энэ бол Хятадын бодлогын үндэс байж мэднэ.

Хамгийн гол нь одоо бид “..Монгол бичиг минь” гэж гонгинох хэрэггүй болсон. Энэ хил дотроо л гэхээс биш Хятадад болж буй халдлага сэлтэд бууж өглөө.

Зуун жилийн өмнө, 1920-оод оны үед Хүрээнд гарсан нэгэн дуунд

“...Магнаг дээлтэй сайдууд гуай

Манийгаа худалдаж гялайв уу

Хүрэн дээлтэй Шанзав гуай

Хүрээгээ худалдаад гялайв уу

Хайрцаг дүүрэн янчаанаар

Халхаа худалдсан Шанзав гуай

Богц богц мөнгөөр

Богдоо худалдаад гялайв уу?

Дэнс дэнс мөнгөөр

Дэлхийгээ худалдсан сайдууд гуай

Уут уут мөнгөөр

Улсаа худалдсан Шанзав гуай” гэсэн мөрүүд бий.

Тухайн үед Хятадын Сю Шүжан манай ноёдын урилгаар ирсэн. Цэргийнх нь “хамгаалалт” дор манай ноёд түшмэд өөрсдөө автономио устгасан гэх түүх гарч ирээд байна. Тэр ноёдын ясыг түүх өндөлзүүлж байна.

Ерөөс түүх бүгдийг шүүдэг. Өнөөдрийн үйл явдал буюу “...Монгол бичгээ 700 сая юаниар сольчихлоо” гэдэг ойлголт түүхийн жим дээр хэрхэн бичигдэх нь удахгүй тодорхой болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.18 БААСАН № 181 (6406)