Монгол төрийн гурван өндөрлөг жилд нэг удаа тэргүүнээ бөхийлгөдөг. Энэ бол жил болгоны есдүгээр сарын 10-нд тэмдэглэдэг Хэлмэгдэгсдийн дурсгалд хүндэтгэл үзүүлж буй хэлбэр төдий жижүүрийн ажил болжээ. Монголын төр 40 мянган иргэнээ хэлмэгдүүлж, 30 гаруй мянгыг нь  буудаж хороосон  хар үйл явдал дахин бүү давтагдаасай гэхдээ хойч үеийнхэнд ийнхүү  сануулж ирсэн. Гэвч хэлмэгдүүлэлтийн асуудал өнөө хүртэл нэг мөр болж шийдэгдсэнгүй. Хор уршгийг нь нийгэмдээ  бүрэн ойлгуулж чадаагүй. Тиймээс  өнөөдөр ч хэлмэгдүүлэлт байсаар. Шинэ төрлийн, тэр дотроо орчин үеийн улс төрийн  хэлмэгдүүлэлт гарсаар байна.

Иймд төр, засаг цаашид ямар бодлого гаргах вэ, юунд  илүүтэй анхаарах ёстой вэ, хэлмэгдсэн иргэдийнхээ хохирлыг бүрэн барагдуулах ямар гарц шийдэл байна, цаашид хэлмэгдүүлэлтийг таслан зогсоохын тулд бид яах вэ гэдэг асуулт гарч байна.

“Зууны мэдээ” сонин, “Хүний эрх, шударга ёс  төв”-тэй хамтран  дээрх асуудлаар редакцийн хэлэлцүүлэг зохион байгууллаа. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс \ЦАУЗБУК\ -ын Нарийн бичгийн дарга Д.Ууганбаатар, Хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатар, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар, Түүхийн ухааны доктор, Ю.Цэдэнбалын намтар судлаач Ц.Жамбалсүрэн, улсын хэмжээнд хамгийн олон буюу 2800 хүн хэлмэгдэж,  буриад ястнуудыг төрлөөр нь   хүйс тэмтэрч, социализмын үед ч “Лхүмбийн хэрэг” гэх зохиомол хэрэгт сэхээнтүүдээ алдсан  Хэнтий аймгийнхныг  төлөөлж МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, Хэнтий аймгийн Түмтийн дарга С.Ононбаяр нарыг урьж оролцуулсан юм. Хөндлөнгийн ажиглагчаар кино найруулагч, сэтгүүлч Ж.Дэнсмаа оролцлоо.

 

 

Ц.Оюунбаатар: Монголын төр ард түмнийхээ эсрэг геноцид үйлдсэнээ хүлээн зөвшөөрч,  уучлалт гуйх ёстой

 

-Хараат бус хуульчдын зүгээс   хэлмэгдүүлэлтийн талаар хийсэн судалгааны дүнгээс үзвэл  эрх баригч МАН өөрийн нэр төрийг боддог,  хэлмэгдсэн хүмүүс, тэдний үр хүүхдүүдийн гомдлыг намжаах,  дарах, зөөллөх оролдлого хийхээс хэтэрдэггүй. Харин АН эрх барьж байх үедээ бага зэрэг  ажил хийсэн. Гэхдээ аль болох олон нийтийн анхаарлыг татаж  дуулиан шуугиан тарих, өнгөрсөн нийгмийн удирдагчдыг цуст яргачид байсан гэдэг талаас  өөрсдийн пиар сурталчилгааг хийж ирсэн. Цагаатгалын улсын комиссын ажил ч маш хүнд сурталтай, удаан, хохирогчид түүний төлөөллийн хүсэлт гомдолд шуурхай ханддаггүй. Олон зуун иргэдийн хэлмэгдсэн асуудалд өнөө хүртэл шийдвэрлэгдээгүй, шүүх,  хуулийн байгууллага дамжин сар жилийг авсаар шийдэгдэхгүй байна. Хүний эрхийн байгууллага, өнөөгийн хууль, шүүх, АТГ зэрэг байгууллагаас сөрөг хүчнээ хэлмэгдүүлж байгаа, зохиомол хэрэг үүсгэн “Хонгил”-ын шүүхээр шийддэг, улс төр бизнесийн бүлэглэл шударга, эх орончдыг,  сөрөг хүчнийг намнах бодлогыг хэрэгжүүлж байгааг үг дуугүй ажиглагчийн байр сууриас хандаж байгаа ноцтой асуудлуудыг хөндөж ярих ёстойг хэлэлцүүлгийн эхэнд онцлон хэлье.

Хэлмэгдүүлэлтийн үр дагавар, хор уршгийг арилгах, түүнд эрхзүйн дүгнэлт өгөх асуудал өнөөг хүртэл хийгдээгүй. Зөвхөн түүхчлэн бичихээс хэтрээгүй. Цөөнгүй судлаач судалгааны бүтээл гаргасан. Хуульчид зах зухаас нь хагас дутуу үзэж байна. Эрхзүйн хувьд хууль гаргаж, түүндээ нэмэлт, өөрчлөлт хийгээд явж ирсэн. 1990-ээд онд   миний бие Завхан аймгийн прокурор байгаад Улсын ерөнхий  прокурорын газарт хяналтын газрын даргын албанд ирж цагаатгал, хэлмэгдүүлэлтийн үр дагаврыг арилгах чиглэлээр   ажилласан. Энэ хүрээнд 1930-1940 оны хэлмэгдүүлэлт төдийгүй социализмын жилүүдэд хэлмэгдсэн, улс төрийн цөллөгт  нутаг  заагдсан, ажил албан тушаалаараа хохирсон гээд асар олон хүний асуудлыг прокурорын ерөнхий хяналтын шугамаар залруулж, эсэргүүцэл  бичиж цэгцэлж байсан.  Дорноговь аймгийн Мандах сумын намын дарга Б.Чимэдготов, сум нэгдлийн дарга Пүрэв, Хэнтий аймгийн Хөдөлмөр нэгдэл, Дундговийн Адаацаг сумын удирдлагуудын хилсээр хэлмэгдсэн, хэдмэгдсэн генерал Жүгдэрнамжилын цолыг буцаан олгосон зэрэг олон  ажил хийсэн. 

Ер нь Монголд зөвхөн шоронд  торны цаана суулгах төдийгүй үр хүүхэд, гэр бүлээр нь хэлмэгдүүлсэн, нутаг заан цөлсөн  өргөн хэмжээний хэлмэгдүүлэлт явагдсан. Хэлмэгдэгсдийг тогтоож нэг удаа сая төгрөгийн тэтгэмж олгосон. Дараа нь 2018 онд хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулж  хэлмэгдэгсдийг  цаазлагдсан бол 80 сая төгрөг, шүүхийн шийдвэрээр  шоронд ял эдэлсэн бол 40 сая төгрөгийн нөхөн олговор олгосон. Гэхдээ  эрхзүйн хувьд энэ нь маш их  зөрчилтэй. Үндсэн хуульд заасан хуулийн өмнө иргэд тэгш эрхтэй байх зарчмуудыг зөрчсөн. Хуулийн субектууд нь хоорондоо зөрчилтэй. Эхний хуульд нэхэмжлэгч нь хэлмэгдсэн иргэн өөрөө, түүний үр хүүхэд, ач зээ байна гэж заасан. Сүүлд  нь нэмэлт, өөрчлөлт оруулахдаа ач, зээг нь хасч хүний эрхийн зөрчил гаргасан. Энэ асуудал Цэцэд очсон ч  “Зөрчилтэй байна, гэхдээ УИХ-ын өөрийн эрх хэмжээний хүрээнд зохицуулах боломжтой” гэсэн хариу өгч бөөрөнхийлж  өнгөрүүлсэн.

“Зөвхөн цаазлагдсан буюу шүүхийн шийдвэрээр шоронд орсон” гэж хуульд заасан байна. Гэтэл олон хүн ялангуяа, 1930-1940-өөд оны хэлмэгдэгсэд шүүхийн шийдвэр ч гараагүй, Онцгой комиссоор ч ороогүй шоронд амь насаа алдсан. Баривчлаад авч явах замд  өндөр настай лам нар замын ая, харгалзагчдын харгислалыг даалгүй  амиа алдсан. Энэ асуудал хуулийн цоорхой болж  үлдсэн, одоо болтол шийдвэрлэхгүй  байна. Үр хүүхэд, үлдэгсэд нь нөхөн олговроо олж авч чадахгүй гацчихсан. Дээд шүүх рүү очдог, тэнд шийдвэр гаргаж өгдөггүй. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс руу ахин дахин очоод байж байна. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс 2020 оны арванхоёрдугаар сарын- 1 нээс хойш хэлмэгдэгсдийн өргөдлийг авахгүй гэсэн, тэднийг доромжилсон, хүний эрхийг ноцтой зөрчсөн заалтыг энэ хуульд оруулсан. Энэ бол хэлмэгдүүлэлт үргэлжилж байна гэсэн үг.

Цагаатгалын асуудал  бүрэн шийдэгдээгүй. Учир нь баримтаа бүрдүүлж чадахгүй байгаа, ерөөс ямар нэгэн хэрэг хүлээлгэсэн, хаана хэрхэн буудаж хороосон  талаар  материал нь  олдохгүй байгаа хэдэн зуун хүн байна. Зүгээр л барьж аваачаад буудчихсан, шүүхийн ямар ч  шийдвэргүйгээр.  Өнөөдөр болтол тэр нь шийдэгдээгүй, гомдол, хохирлыг нь барагдуулаагүй. Оросын архивт байгаа тухайн үеийн ЗХУ-д аваачиж хэлмэгдүүлж цаазалсан  иргэдийн материал манайд шилжиж ирээгүй. ЦАУЗБУК-ын даргаар ажиллаж байсан  Л.Цогийн үед бид хамт ОХУ явж тэнд байдаг Монголын Ерөнхий сайд нарыг цаазалсан газарт  эмгэнэл илэрхийлж   байсан. Оросын талаас нууцад байгаа Монголын төрийн зүтгэлтнүүдийн хэлмэгдлийн материалуудыг бүрэн хэмжээгээр авах асуудал одоо болтол шийдэгдээгүй. Хэлмэгдүүлэлтийг таслан зогсоох, дахин гаргахгүй байх асуудлаар бид зоригтой бөгөөд эрчимтэй бодлого барих хэрэгтэй. Төр барьж байгаа Ардын нам 1930-1940 онд Монголд төрлөөр нь аймаглан устгах гэмт хэрэг буюу генноцид үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, Монголын нийт ард түмнээс уучлал гуйж, дахин хэлмэгдүүлэлт гаргахгүй байх амлалт баталгаагаа өгөх ёстой.

Үүнийг би МАХН-ын удирдах зөвлөлд байхдаа ч шаардаж, бичиж байсан. Орчин үед  хэлмэгдүүлэлт  үргэлжилж байна. Үүнийг бид  шударгаар хэлдэг, эсэргүүцэн тэмцдэг  байх ёстой. Өмнөх нийгэмд  улс төрийн сөрөг хүчнээ хуучин НАХЯ-аар эсэргүү гэж шийтгүүлж хэлмэгдүүлдэг байсан бол өнөөдөр АТГ, прокурор, хууль хяналтын байгууллагыг үүндээ гар хөл болгон ашиглаж байна. Тодорхой жишээ нь, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт тохсон улс төрийн захиалгат зохиомол гэмт хэрэг.   Нарийвчилж ярих юм бол энд Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн үйлдэл, үйл ажиллагаа байдаггүй. Тухайн үед Ерөнхийлөгчийн хувьд ямар нэг эрх мэдэл, албан тушаал хэтрүүлсэн, хувийнхаа  ашиг сонирхолд үйл ажиллагаа явуулсан нэг ч бичгийн нотлох баримт, бичлэг  байдаггүй. Зөвхөн тухайн үеийн эрх барьж байсан МАНАН бүлэглэл, МАХН том сөрөг хүчин болж гарч ирснийх нь хувьд тэр хүнд захиалгаар зохиомол хэрэг үүсгэж, “Хонгил”-ын шүүхээр шийтгэсэн нь бодитой зүйл.  Ганц Н.Энхбаяр биш олон хүн  хэлмэгдсэн. Жишээ нь, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгийг Засгийн газрын тогтоолоор  223 айлын орон сууцыг 15 тэрбум төгрөгөөр Бэрэн гэж  компаниас  ав гэж үүрэг өгсөн байдаг. Тэрийг нь л биелүүлсэн,  хэтэрүүлсэн юм байхгүй. Хэрэв тэр нь буруу байсан бол Засгийн газар танхимаараа хариуцлага хүлээх учиртай. Гэтэл тэр хүнийг сөрөг хүчин гэдэг утгаар нь, Н.Энхбаярын намын гишүүн, ойрын хүн  гэдэг утгаар нь хэлмэгдүүлж шийтгэж байгаа. Энэ хэлмэгдүүлэлтээ төр залруулах ёстой. Өөр ч асуудлууд байна. Нэг хүний гаргасан тушаалыг нөгөө хүнийг хэлмэгдүүлэхийн тулд зүүдэг, ялладаг явдал өнөөдөр эрх баригчдад,  үүндээ АТГ, хууль хяналтын байгууллага, ажилтныг ашиглах явдал түгээмэл байна. Ийм зүйл хийснийхээ дараа алдар цол авдаг, одон медаль хүртдэг явдал байгааг хараат бус судлаачид гаргасан. Ийм улс төрийн сөрөг хүчнээ ангуучилж, хэлмэгдүүлж байгаа албан тушаалын гэмт үйлдэл гаргаж байгаа этгээдүүд, түүний гүйцэтгэгч нарыг хэвлэл, мэдээллээр олон нийтэдл илчлэн гаргаж тавих  шаардлагатай. Энэ чиглэлээр сөрөг хүчний улс төрийн намууд, хараат бус судлаачид идэвхтэй ажиллах хэрэгтэй. Хүний эрхийн байгууллага үхээнц дорой, эрх баригчдын хавсарга байх,  хэлмэгдүүлэлт хүний эрхийг зөрчиж байгаа үйл ажилагааг хоосон ажиглах, бүртгэх төдийгөөр явж ирснийг өөрчлөх шаардлагатай. Жирийн иргэд ч олноороо хохирч хэлмэгдэж байна. Үүгээр олон жишээ хэлж болох ч энэ удаад хойш товчильё.

Ер нь манай хууль, шүүхийн байгууллага Монголд геноцид \төрлөөр устгах гэмт хэрэг\ болсон, лам нарыг давхаргынх нь хувьд, буриад хүмүүсийг ястан, үндэстнийх нь хувьд устгасан. Тайжаас дээш язгууртан угсаатай хүмүүсийг феодал гэж гарал угсаагаар нь  хэлмэгдүүлсэн. Энэ асуудлууд олон улсын эрх зүйн үүднээс геноцид байна гэдгийг бид дэлхийн түвшинд  гаргаж тавих ёстой. Олон улсад хандаж, ГААГ-ын шүүхээр асуудлыг шийдвэрлүүлэх бүрэн боломжтой.

2018 онд туркууд  арменуудыг хядсан үйлдлийг Францын парламент геноцид гэдгийг нь албан ёсоор зарласан. АНУ-д ч энэ асуудал хөндөгдсөн. Гэтэл монголчууд яагаад гаргаж тавихгүй байна вэ. Бид 1930-1940-өөд оны болон  социализмын үеийн хэлмэгдүүлэлт,  түүнчлэн орчин үед гарч байгаа хэлмэгдүүлэлтийн асуудлыг ч цогцоор нь ярих ёстой. Үүний төлөө хүний эрх, шударга ёс ярьдаг хүний эрхийн хуульч, төрийн бус байгууллага, холбоод идэвхтэй ажиллах ёстой. Энэ өнөөдрийн талх, гурилын тухай түр зуурын  асуудал биш. Бид бодлогын том асуудлуудаар зарчим барьж  ажиллах  ёстой.

 

Д.Ууганбаатар: Шийдлээ  хүлээсэн  асуудлууд  бий

 

-Миний хувьд төрийн байгууллагын төлөөлөн энэ  хэлэлцүүлэгт уригдан оролцож байна. Төрийн албан хаагч бидний ажил хууль, дүрмийн хүрээнд явагддаг. Энэ хүрээнд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын  комисс ямар үүрэг хүлээж ажиллаж байна вэ, хийж  хэрэгжүүлсэн ажлын явц ямар байгаа  вэ гэдэг  талаар байр сууриа илэрхийлье.

Манай улс жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр Улс төрийн хэлмэгдэгдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэдэг. Энэ тухай 1996 оны УИХ-ын тогтоол, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмлэглэлт өдрүүдийн тухай хуульд заасан байдаг. Хууль, тогтоомжийн  дагуу Монгол Улс 25 дахь жилдээ энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Аль нэг үйл ажиллагааг өдөөсөн, эсвэл тэмдэглэлт болон түүхт  үйл явдалтай холбоотой асуудалд түүнийг тойрсон яриа хөөрөө түлхүү өрнөдөг. Энэ хүрээнд тодорхой асуудлыг хөндөн  ярьж, өнөөдрийн байгаа бодит нөхцөл байдал юу вэ, юун дээр  бид алдаж, онож байв, эсвэл  үр дүнтэй ажиллаж  ирсэн  үү, ямар ажил зохион байгуулав, тэр нь оновчтой байв уу гэх зэргээр ярьдаг. Мөн цаашид яах ёстой вэ гэдгийг ч хэлэлцдэг.  Ийм өнцгөөс та бүхэн хэлэлцүүлэг өрнүүлж, бид энд уулзаж байна гэж би ойлгож байна. Олон  удаа уулзалт, яриа хэлэлцүүлэг , зөвлөгөөн өрнүүлээсэй гэж би  хувьдаа боддог. Өөр  арга бас үгүй юм. Яагаад гэвэл энэ асуудал  амархан шийдчихээр, эсвэл нэг далайлтаар шууд шийдвэрлэчих асуудал биш. Цаг хугацааны хувьд бодоод үзсэн ч  үндсэндээ 1900-гаад оны эхэн  үеэс хойшхи асуудлыг ярьж байгаа шүү дээ.

 Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын  комисс  үйл ажиллагаандаа мөрддөг, баримталдаг дүрэмтэй. Энэ  нь Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан дүрэм юм. Мөн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд  нөхөн олговор олглох тухай хууль бий. Энэ хуулийн хүрээнд, дээр нь Монгол Улсын Үндсэн хууль бусад хууль, өнөөдөр бидний ярьж байгаа хэлмэгдэгсдэд олгох нөхөн олговор, хэлмэгдүүлэлтийн үр дагаврыг арилгах чиглэлээр гаргасан УИХ-ын тогтоолуудын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнээс хальсан, эсвэл өөрсдөө ямар нэгэн байдлаар дур мэдэн зохион байгуулсан асуудал өнөөдрийг хүртэл байхгүй. 1990 оноос хойш буюу  1992 онд шинэ  Үндсэн хууль батлагдаж, манай улс  нэг намын системтэй тогтолцооноос ардчилсан тогтолцоонд  шилжээд 30-аад жил болж байна. Үүнтэй нийцүүлж гаргасан хууль, тогтоомжуудаар Монгол Улсын бүх үйл ажиллагаа явж байгаа. Түрүүнд хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатарын хэлсэн  зохицуулах ёстой харилцаа, өөрчлөх ёстой үйл явц, дахиад цаашаа ямар байдлаар ажиллах ёстой вэ гэдэгт хууль тогтоомжийн бөгөөд эрхзүйн шийдлүүд, төрийн эрх барих байгууллагын шийдвэрүүд зайлшгүй чухал.

Тэгэхээр товчхондоо би юу гэж хэлэх гэж байна вэ гэвэл, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын  комиссын үйл ажиллагаа 1990 оноос өнөөдрийг хүртэл 30 дахь жилдээ явж байна. Энэ хооронд УИХ-ын дэд дарга гэдэг улс төрийн албан тушаалтан энэ комиссыг даргалж ирсэн байдаг. Өөрөөр хэлбээл, сөрөг хүчнээс томилогдсон буюу сонгогдсон дэд дарга байдаг. Ерөнхийлөгчийн баталсан дүрэм 2002 онд шинэчлэгдсэн. Энэ дүрэмд комиссын дарга, гишүүдийн эрх хэмжээг заахдаа  комиссын дарга нь Монгол Улсын төрийн албаны хуульд зааснаар төрийн болоод  улс төрийн албан тушаалтан байх бөгөөд комиссын өдөр тутмын ажлыг удирдаж захирамж гаргана гэсэн байдаг. Төрийн албаны тухай хуульд зааснаар  комиссын нарийн бичгийн дарга нь комиссын өдөр тутмын ажлыг зохион байгуулахаар заасан. Комиссын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа хүмүүс бүгд төрийн захиргааны албан тушаалтнууд байдаг.  1990 оноос хойш явж ирсэн бүх үйл ажиллагаа Монгол Улсад тухайн үед болон одоо мөрдөгдөж байгаа бүх хууль, тогтоомжийн хүрээнд хийгдэж байгаа. Магадгүй үүнээс дутуу хийсэн, илүү гарсан гэдэг зүйл байх аваас  өөр өнцгөөс, холбогдох байгууллага, хүмүүс дүгнэж ярих асуудал болов уу. Энэ асуудал нээлттэй.

 

С.Ононбаяр: Шинэ үеийн Маахуур Дамба, Мангас Дорж  бий болсон 

 

 -Монголын олон гэр бүл,бараг  монгол хүн бүрт тохиолдсон хэлмэгдүүлэлтийн хар шуурга Хэнтий аймгийн ард түмэнд хамгийн хүнд туссан байдаг. Манай аймгаас 2800-3000 хүн хэлмэгдүүлэлтэд өртсөн  гашуун түүхтэй. Тэр дотор тухайн үедээ  өндөр  боловсролтойд тооцогдож байсан  шашны зүтгэлтэн лам нар их өртсөн. Аймшигт хэлмэгдүүлэлтийг таван үе шатаар авч үздэг. Эхлэл нь 1921-1924 он. Дараагийнх нь 1925-1932 он, оргил үе нь 1932-1940, ингээд 1955-1969 он гэхчлэн үе шатаар ярьдаг.

1933 онд манай аймгийн Дадал, Баян зэрэг олон  сумыг хамарсан Ж.Лхүмбийн гэх зохиомол хэрэгт 314 хүнийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлсэн. Энэ  бол манай аймаг төдийгүй зүүн бүс нутгийн олон айл өрхийг хамарсан маш том хэлмэгдүүлэлт болсон. 1937 оны есдүгээр сарын 10-ны өдөр олон нийтийн өмнө нэр бүхий Монгол улсын төрийн албаны том тушаал бүхий 14 хүнийг зохион байгуулалттайгаар шүүн хилсээр шийтгэж, амь насыг нь хороосон.  Энэ  дотор Баян-Адрага сумын уугуул, тухайн үед  Монгол Улсын Ерөнхий сайдын орлогч сайд, ЗХУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Гончигийн Самбуу буудуулсан.

Хэлмэгдүүлэлт нийгмийн олон давхаргыг, олон аймаг, сумыг, олон өрх айлыг хамарч байгаа. Сэхээтэн, цэргийнхэн, лам нар, төрийн албан хаагч, энгийн иргэд гээд хамраагүй хүн бараг байхгүй.

1700 ламаас 1400 орчмыг нь шууд буудсан. Гэртээ унтаж байсан, хүнд өвчин тусч хэвтэрт байсан, хонио хариулж явсан гээд тэр хүмүүс янз бүрийн байдлаар өдөр тутмын амьдралын зам мөрөө хөөж яваад хэлмэгдэж буудуулсан байдаг.

Үүнийг олон жил ярилаа, бүгдийг нь цагаатгахгүй яасан юм бэ гэж хүмүүс хэлдэг. Жишээ нь, өнөөдөр Ю.Цэдэнбалыг цагаатгах тухай асуудал үргэлжлээд явж байна. Ингэж эцэс төгсгөлгүй ярих биш шийдэл гаргаж,  ямар  нэг цэгт хүргэх ёстой юм. Эсвэл  төрөлжүүлээд, тодруулбал  коммунист тогтолцоотой үед тийм байсан, ардчилсан нийгэмд ямар болов гээд зааг ялгааг  гаргаж  ярих ёстой санагддаг. Дээр нь хэлмэгдсэн ч тэр нь тогтоогдоогүй, тогтоолгож чадахгүй байгаа тэр олон хүний тухайд өмнө нь хэрхэн ажиллаж ирсэн, цаашид яах ёстойг тодорхой болгомоор.

Судалгааг харахад тэр үед байсан хэлмэгдүүлэлт, одоо гараад байгаа хэлмэгдүүлэлт хоёрт ялгаа  бараг л алга. Өмнөх нийгэмд  хэрэг зохиогоод, захиалгаар маш олон гэм зэмгүй хүнийг хэлмэгдүүлсэн, буудсан байна шүү дээ. Тэнд бусдын аман яриагаар хилсдэж хэлмэгдсэн, эсэргүү гэж буудуулсан хүн олон. Буриад гэсэн хүн болгоныг буудсан. Лам нарыг мөн адил. 1990 оноос хойшхыг аваад үзэхэд, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг  хууль, шүүхийн байгууллагыг ашиглаад хэлмэгдүүлчихсэн. Хамтран зүтгэгч нарыг ч өнөө  хүртэл хэлмэгдүүлж байна. З.Баянсэлэнгийг Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлсний төлөө, С.Ламбаа сайдын гаргасан тушаалаар Шадар сайд байсан хүнийг буруутгах гэсэн улс төрийн зохиомол хэргүүдийг Монголын ард түмэн харж байгаа, мэдэж байгаа.  Дараагийн хэлмэгдүүлэлт үргэлжлээд явж байна. Бид шийдвэртэй хамтын тэмцэл хийж байж л хэлмэгдүүлэлтийг зогсооно.  Үүнийг судлаач, эрдэмтэд, хараат бус хуульч, төрийн болон ТББ ярих ёстой. Сүүлийн  үед шинэ төрлийн  хэлмэгдүүлэлт  бүр ч аюултай болж эхэллээ. Яг өмнөх нийгэм шиг болох гэж байна. Зүгээр бизнес хийгээд явж байгаа иргэдийнхээ орлого,  бизнес, ажлын байр, өмчийг булааж авч байна шүү дээ.

 

Д.Цогтбаатар: Геноцид үйлдсэнийг тогтоолгочихвол  олон улс Монгол руу анхаарна

 

-Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо 1990-ээд онд ардчилал ид өрнөж байхад, ардчилсан хувьсгал гарах үед байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, ардчилсан дөрвөн хөдөлгөөний нэг  бүрэлдэхүүн хэсэг болж  анх үүссэн. Өөрсдийн биеэр хэлмэгдсэн 50-60 хүн нэгдэж  улс орны байдал, өмнө ямар байсан, одоо ямар байгаа, мөн хэлмэгдүүлэлтийн талаар хангалттай ярьсан.  1992 оны анхны Үндсэн хууль батлах үйл ажиллагаанд Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооноос таван хүн оролцсон. Манай байгууллагын  зорилго  тодорхой. Өмнөх нийгмийн бурангуй үзэл суртлын эсрэг зогсож байгаа ганц байгууллага. Өнөөг хүртэл тэмцээд явж байна. Шинэ үеийн хэлмэгдүүлэлт, шинэ үеийн болзошгүй хувийн эрхийн  зөрчил гаргахгүй байхын төлөө ажиллаж байна. Улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн хүмүүсийг нарийвчлан судлах, цагаатуулахын төлөө тууштай тэмцэх, хор уршгийг нь арилгах, хэлмэгдүүлэлт дахин давтагдахгүй байх баталгаа, дархлааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, сахин  хамгаалах, хүний эрхийн манаанд тууштай зогсох нь манай байгууллагын нийтлэг үндэслэл.

Бид зорилго дээрээ улс төрийн аливаа дарангуйллын хэв шинжийн эсрэг дархлаа бүхий ардчилсан нийгэм байгуулахад өөрийн туслалцаа дэмжлэгийг үзүүлэх гэж заасан. Түүн дотор тоталитар дэглэм, авторитар тогтолцоо руу эргэж орох, түүний хэв шинжийг аль нэгэн байдлаар хадгалж үлдэх гэсэн аливаа оролдлоготой эвлэршгүй тэмцэнэ. Өнгөрсөн, орчин үеийн хэлмэгдүүлэлт болон улс төрийн завхралыг хамгаалж зөвтгөсөн хаацайлан халхавчилсан байдлыг үл тэсвэрлэх гээд манай байгууллагын дүрэмд  маш тодорхой заасан. Бусад Төрийн бус байгууллагуудаас ялгаатай нь энэ юм.  Иймэрхүү байдал цухалзаад ирэхэд  бид  дургүйцдэ. Гэтэл үүнийг төр өөрөө хийгээд байна..

Өнөөдөр  ерөнхий хэлмэгдүүлэлтийг ярих гэж байгаа бол эхлээд хэлмэгдэл гэдэг үгээ цэгцлэхээс эхлэх ёстой. Зарим нь  ус, үер, гал түймэр ч гэдэг юм уу байгалийн давтагдашгүй хүчин зүйлд автсан хүмүүсийг хэлмэгдэлтэд өртлөө гэж яриад байдаг. Монголын Улсын улс төрийн түүхэнд болсон хэлмэгдүүлэлт  бол  өөр.   Хэлмэгдүүлэлтийг бид дөрвөн шатлалд хуваадаг. Тэгэхдээ одоо бол бид шууд хоёр хуваачихмаар юм уу гэж хардаг. Тэгэхээс өөр аргагүй байна. Өөрөөр хэлбэл,  1921 оноос Саж  ламын хэргээс эхлэн  1940-өөд он хүртэл нэг авч үзээд, 1940-өөд оноос хойш 1980 он хүртэл нэг авч үзэх хэрэгтэй. Тэгж байж бид энэ нэр томьёон дээрээ тэр үеийнхэн ямар хэлмэгдүүлэлт хийсэн бэ. Сүүлийн үеийнхэн нь ямар хэлмэгдүүлэлтэд өртсөн бэ, одоо  шинэ үеийн хэлмэгдүүлэлтийн талаар  ярих ёстой юм. Шинэ үеийн хэлмэгдүүлэлт гэдэг нь улс төрийн намын гишүүний хувьд хэлмэгдүүлж байна. Ажил албаны хувьд, бизнес эрхэлж буйгийнх нь хувьд хэлмэгдүүлж, бүр ч ноцтой хэлбэрт шилжчихээд байгаа юм. Шинэ үеийн хэлмэгдүүлэлт бол төрийн механизмыг  ашиглан хэлмэгдүүлж байна.

 Монголын төр хэлмэгдүүлэлтийн талаар санаачилга гаргаж байсангүй. Аль ч нам нь гарсан санаачилга гаргаж байсан түүх байхгүй. Би  бүх  намын хүмүүстэй уулзаж, асуудал тавьж байсан.  Нэг л ижил харьцаж байсан. Цаанаа бол өнгөрсөн юмыг одоо яриад хэрэггүй,  одоо ийм асуудлыг дэвшүүлээд бүтэхгүй  гэсэн бодолтой боловч, наанаа ойлголоо, тэгье, ингэе, гэдэг.  Заримаас нь би тэгж сонссон. Төрийн зүгээс хэлмэгдүүлэлтийн  талаар хийсэн ажлыг  бүрэн үгүйсгэсэн  юм биш. Хийсэн зүйлүүд бий. Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх  өдөртэй, хөшөөтэй, судалгааны төв, цагаатгах ажлын комисстой   болголоо. Бид өөр юм хүлээгээд байгаа юм. Энэ хэлмэгдүүлэлт гэдгийг  нэг тийш  болгож бүрэн шийдээд, дараагийнхаа ажилд орох байтал тэгж ажиллахгүй байгаад харамсдаг.

Хоёрдугаарт,  төр санаачлагагүй ажиллаж байна.  Хэлмэгдүүлэлтийн талаарх бодлогоо өөрчлөхгүй байна. Зогсонги, царцанги байна. Энэ бол төрийн эрх мэдэлтэй байсан бүх хүмүүст хамааралтай.

Гуравдугаарт, би  цагаатгах ажлын комиссыг үргэлж шүүмжилдэг. Шүүмжлээд байхаар намайг комиссын тэргүүн болох гээд байна уу гэж бодоод байх шиг байдаг. Надад тийм бодол байхгүй. Хэлмэгдсэн хүний үр хүүхэд энэ комиссыг аваад явах юм бол хатуугаар аваад явж чадна. Гэвч  цагаатгах ажлын комиссын ажлыг олон жил улс төрийн ууган хүчин авч явсан. Ардчилсан нам мөн тодорхой хугацаанд авч явсан. Ингээд яг хугацаагаар нь, хийсэн ажлуудаар нь аваад үзэхээр ялгаатай байдаг. Ардчилсан үзэлтэй, ардчилсан намын хүн гэдэг утгаар ингэж байна гэж ойлгож магадгүй. Би  аль болох нам харгалзахгүй зөв ярьж байгааг нь дэмждэг. Санаачилга гаргахын хувьд Ардчилсан намын үед арай илүү байж,  бусад үед нь улам  зогсонги, царцанги байдалд байсан.

Бид уйгаржин монгол бичгээ 1945 онд цаазалсан. Үүнийгээ цагаатгаагүй одоог хүртэл явж байна. Цагаатгалын комиссын ажил чинь энэ шүү дээ. Нэг хүний асуудал руу орох биш, ийм асуудал руу чиглэх ёстой. Цагаатгалын комисс анх байгуулагдсан үеэсээ өнөөг хүртэл ажиллахдаа хамгийн сайн ажилласан үе нь Т.Гэндэн гуайн үе. Тэр хүний “Гурван түмэн хүний амь”  гэж  ном бий. Тийм хаалттай нийгэмд гаргасан дүгнэлт нь одоогийн ардчилсан нийгмийн дүгнэлтээс хамаагүй дээр дүгнэлт байгаа байгаа юм. Түүнийг тэгж их зоригтой дүгнэсэнд нь гайхаж байсан. Тэр үеийн хаалттай нийгмийн систем нь тийм байсан болохоор дарагдчихсан. Цагаатгалын комисс ингэж зоригтой ажиллахгүй байна.

Хэлмэгдүүлэлтийг цаг хугацааны дараалалд оруулж  бүлэглэж үзвэл, 1933 онд Лхүмийн хэрэг гэх зохиомол хэрэгт 1503 хүнийг хэлмэгдүүлсэн. Лхүмбийг  цагаатгасан юм бол үлдсэн 1502 хүнийг нь яагаад  цагаатгаж болдоггүй юм. Үүнийг яриад  байхад ажил болгож хийхгүй, хэрэгжүүлэхгүй байгаа. Бүрэн судлаагүй өчнөөн хэрэг байгаад байхад цагаатгалын ажил дуусах гээд байна зарлаад байдаг. 1921-1940-өөд онд хэлмэгдсэн хүмүүс цуст яргалалт, залхаан цээрлүүлэлт байсан. Төрлөөр нь, аймаглан устгаж байсан. НҮБ-ийн 1946 оны 96 тоот конвенциор төрлөөр нь устгах гэмт хэргийг таван зүйлд хуваагаад заачихсан байдаг. Нэгдүгээрт, амь насыг нь бүрэлгэх, буриад, лам нар гэдгээр нь бүлэглээд, аймаглаад, төрлөөр нь устгасан.  Олон улсын эрхзүйн актаар нотолчихоод байхад Монголын эрхзүй нотолж чадахгүй явж байна шүү дээ.

Иргэний, Эрүүгийн, анхан шатны, давж заалдах гээд бүхий л шатны шүүхээр ороход энэ манайд хамааралгүй, бидний ажил биш гэсэн хариулт  өгсөн. Прокурорт өгөхөөр мөн  адил хариу өгч байгаа юм. Дээд шүүхэд хандахаар энэ бидний эрх үүрэгт байхгүй асуудал байна. анхан шатаараа хэлэлцээд ороод ирвэл хэлэлцэнэ гэдэг. Дахиад  анхан шатан дээр очихоор өмнөх  хариултаа давтдаг.   Монголын шүүх ийм л байгаа.  Ерөнхийлөгч нарт  энэ асуудлыг  хэлэхээр  шийдвэр өгөхгүй. Та нар шударга ажилла гэсэн асуудлыг тавихгүй байсаар  өнөөдрийг хүргэсэн. Өнөөгийн Ерөнхийлөгч ч мөн адил.

 

Ц.Жамбалсүрэн: Монгол төр зүтгэсэн хүндээ халтай байгаад харамсдаг

 

-Монголчуудын амин чухал асуудал  хөндөгдөж байна. Түүхч хүний хувьд сүүлийн 30-аад жилийн дотроос хамгийн үр дүнтэй, ард түмнийхээ зүрх сэтгэлийг дэвтээсэн, өнгөрсөн үеийн өвөг дээдсийнхээ сэтгэлийг нь дэвтээсэн, уучлалт гуйсан төрийн бодлого бол хэлмэгдэгсдийг цагаатгах бодлого байсан. Бусад олон зүйл бий. Хэлмэгдэгсдийн төлөөх ажил явагдаж байна. Олон хууль батлагдсан. Гэхдээ нийгэм, эдийн загийн шилжилтийн үел ганцхан асуудал дээр төвлөрч  бүх л зүйлийг амжуулж хийж болдоггүй ч байсан байж магадгүй. 20-30 мянган хүнийг энэ 30 жилийн хугацаанд цагаатгана гэдэг  тэдний цаана үлдсэн үр,  ач нарын хувьд ч гэсэн  хүнлэг алхам. Би хэлмэгдэгсэдтэйгээ нягт холбоотой ажиллаж чаддаггүй ч гэсэн миний эмээгийн ах 1938 онд буудагдсан Цэвэлжин гэдэг хүн байсан. Манай эхнэрийн ээжийнх нь аав лам  байгаад хэлмэгдсэн. Цагаатгалын асуудлыг бүр хожуу сөхсөн. Айгаад сөхөж чаддаггүй байсан. Хэлмэгдэгсдийн  холбоо, цагаатгалын комиссынхон  зоригжуулсны үндсэнд   хүмүүсийн сэтгэл санаа дэвтэж, зоригжиж байна.

 

АЖИГЛАГЧ:

 

Ж.Дэнсмаа: Ирээдүй хойч үе минь хэлмэгдүүлэлтэд өртөх вий

/Кино найруулагч, зохиолч/

Хэлмэгдэл гэхээр ерөнхийдөө лам нарын хэлмэгдлийг  дурсдаг.

Түүхээс авч үзвэл,1924 онд Монгол Улсад ноёд, тайжийн зэрэгтэй 13475 хүн байв. 1930-аад оны эх гэхэд ноён 205, тайж 13270 буюу нийт 13475 хүнийг гэр бүл, төрөл төрөгсдийнх нь \нохойтой нь\ хамт аймаглан хядаж, хүйс тэмтрэн устгасан байдаг.

Бас 1924 оноос 446250 км2 газар нутгаа ямар ч үнэ цэнэгүй, үр дүнгүй, тэмдэглэлгүйгээр, алдчихсан.

Алдагдсан газар нь 128 сая хүн амтай, Япон улсын газар нутгаас 72823 км2-аар илүү. Ингээд бодохоор хэлмэгдүүлэлтийн тал дээр нарийн нухацтай төрөлжүүлэн судлах хэрэгтэй.

Энэ устгал нөгөө талаас дэлхийн соёлын өвийг төрлөөр устгасан хамгийн том баримт болж үлдсэн. Хэрхэн яаж устгасныг дэлхийн түүхэнд бичиж үлдээсэн байдаг.

Та бид ирээдүйдээ хэлмэгдүүлэлтэд өртчихсөн байх вий дээ.Яагаад гэвэл, хэлмэгдэл гэхээр зөвхөн хүний амь хөндөгдөхөөс гадна алдагдсан, сүйрсэн газар нутаг, мал аж ахуй, соёлын өв, хэл бичиг гэх мэт  шийдэх асуудал ХХI зуунд тавигдаж байна.

Хэлмэгдүүлэлтийн талаар жилдээ нэг л удаа яриад таг болчихдог, үүнийгээ болих хэрэгтэй. Энэ асуудлыг холбогдох байгууллагууд сайн судалж, төрөлжүүлж шийдэл гарцын төлөө ажиллах хэрэгтэй. Төрийн зүгээс дэмжих хэрэгтэй.

Хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгах ажлыг эрчимтэй яаралтай хийх хэрэгтэй.

Тэгэхгүйгээс болоод өөрсдийн өвөг дээдсээ буруутган ташаа ойлгох явдал ирээдүйд газар авч байна. Жишээ нь, ноён, тайжуудыг бүгдийг нь муу хүмүүс байсан мэт ойлгон уран бүтээлчид үлгэрт ч, кино, нэвтрүүлэгтээ ч мушгин гуйвуулсан бүтээлүүд их хийж байна.Уран бүтээлч хүний хувьд үүнд их эмзэглэж явдаг.

Уран бүтээлчид түүхээ сайн судлах хэрэгтэй.Түүхээ мэдэхгүйгээс болж хэлмэгдсэн дээр нь дахин хэлмэгдүүлээд байна.

Монгол төрийн удирдлагад байгаа ганц нэг хүн “Хэлмэгдсэн иргэдээсээ уучлалт гуйсан” гэдэг. Амаараа хэлээд гудайн зогсох нэг хэрэг, уучлалт гуйснаа хэрэгжүүлж хийх өөр хэрэг шүү дээ. Үйлдлээрээ харуулах хэрэгтэй, үр дүн чухал.

Өнөөгийн залуучууд хэлмэгдүүлэлтийн тухай гүнзгий ойлголт байхгүй. Тэдэнд ойлгуулах хэрэгтэй. Түүхийг мартуулахгүйн тулд баримтыг тодруулж үлдээх ёстой. Баримтат кино хийх ёстой гэсэн үг.

Энэ дашрамд хэлэхэд, “Хүний эрх, шударга ёс төв” ТББ-аас хэлмэгдсэн иргэдийн ар гэрийнхэнтэй нь хамтран түмэн олонд түүхэн үнэнийг үлдээх баримтат киноны төслийг өргөн барьж байгаа.  Хамтран ажиллах хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд манай үүд хаалга нээлттэй гэдгийг хэлье.

 

ДҮГНЭЛТ:

 

Ц.Оюунбаатар:

“Хүний эрх, шударга ёс төв”, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо, “Зууны мэдээ”  сонин хамтран редакцийн хэлэлцүүлгийг хийж байгаа нь шинэлэг бөгөөд олон нийтэд хүртэмжтэй арга хэмжээ гэж үзэж байна. Үүнээс дараах гурван дүгнэлтийг хийж байна.

1. Монголын их хэлмэгдүүлэлт буюу 1930-1940 оны лам нарыг, угсаа гаралтай язгууртан тайж нарыг, буриад иргэдийг төрлөөр нь аймаглан устгах гэмт хэргийг эрх баригч нам,Монголын төр үйлдсэн гэдгийг өнөөгийн эрх баригч МАН, УИХ хүлээн зөвшөөрч, нийтэд  зарлаж ард түмнээсээ уучлал гуйх шаардлагатай гэж үзэж байна. Ингэж чадахгүй бол Олон улсын ГААГ-ын шүүхэд асуудал очих болох нь ээ.

2. Орчин үеийн хэлмэгдүүлэлтийг нэн даруй зогсоож, улс төрийн, сөрөг хүчний удирдагч, идэвхтэн сонгуультныг хууль хүчний байгууллагын ёс суртахуунгүй ажилтнуудыг ашиглан хэлмэгдүүлж байгааг, хүний эрхийг зөрчиж байгаа үйлдлүүдийг таслан зогсоож, монгол хүний эрх зөрчигдсөн , шоронд орсон, ажил хөдөлмөрөөсөө халагдсан, бүх асуудалд төр харибцлагаа хүлээж хохирлыг барагдуулах, ард түмний өмнө нээлтэй ил тод уучлал гуйдаг байх ёстой.

3.  Хүний эрхийн үндэсний комисс, сонгуулийн байгууллага, АТГ, прокурор, хуулийн байгууллагыг төрийн эрх  баригч нам,  албан тушаалтнаас ангид бие дааж ажиллах нөхцлийг  нь бүрдүүлэх, хүний эрх зөрчсөн  тухай иргэн бүрийн гомдлыг хэвлэлд мэдээлэл, сошиалд тавьж, албан үүрэгтээ хүнд суртал гаргасан,  гэмт хэрэг,  зөрчил гаргасан этгээдийг нэн даруй төрийн албанаас зайлуулах шаардлагыг тавьж байна. Үүний төлөө шударга иргэд, нийгмийн байгууллага, улс төрийн нам, ТББ-ууд бүгд хамтран ажиллах ётсой. Ингэж байж бид Монгол Улсаа  ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн улс болгох болно.

 

Д.Ууганбаатар:

Цаашид хууль тогтоомжийг яаж өөрчлөх вэ, сайжруулах вэ гэдэг асуудал яригдах нь зүй ёсных. Егүзэр хутагтын мэндэлсний 150 жилийн ой болон  хэлмэгдсэн асуудлаар Олон улсын эрдэм шинжилгээний хурал хийсэн.2017 онд хэлмэгдүүлэлт эхэлсний 80 дахь жилийн хүрээнд  хурал хийж байсан. Үүнээс хойш хурал хийж амжаагүй, энэ жил хийсэн. Хурлаас олон зүйлийг ойлгож авсан. Нэг нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж үзэж буй этгээдийн цагаатгуулах тухай өргөдөл авах хугацаа 4-5  дахь удаагаа сунгагдаж байна. Энэ хугацаа энэ оны арванхоёрдугаар сараар дуусгавар болж байгаа, цаашид сунгагдаад явах уу. Цаашлаад Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын  комиссын үйл ажиллагаа, чиг үүрэг яаж явах вэ. Олон эрдэмтэн, судлаачийн хөндөж яриад байгаа асуудлыг яаж шийдэх вэ. Энэ мэт шийдэл хүлээсэн олон асуудал бий. Энэ бүгдэд яалт ч үгүй төрийн чиг үүргийг биелүүлэн ажиллаж байгаа  Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын  комисс, түүний гишүүд  биш, энэ чиглэлээр сэтгэлээ чилээж ирсэн, судалгаа шинжилгээ хийдэг, ажиллаж байгаа эрдэмтэн, судлаач болон оролцоотой бүх хүн, төрийн болон ТББ  гээд бүх талаас анхаарал тавьж, цаашид  хэрхэн ажиллах талаар шийдэл гарах байх гэж найдаж байна.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын  комисс дүрмийн дагуу анх байгуулагдахдаа зорилт, үйл ажиллагаагаа дүгнэж тайлагнаж ирсэн. Холбогдох бүх ажлууд, биелэлт, дүгнэлт ҮАБЗ-д хүргэгдэж, тэндээс тодорхой зөвлөмж шийдвэрүүд гараад явсан байдаг. Одоо энэ цаг хугацаа дөхөж байна. Сая зохион байгуулсан хуралд оролцогчдоос Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт бүгдэд нь тодорхой хэмжээнд саналаа хүргүүлэхээр гаргасан. Түүнийг нэгтгэж хүргэх байх гэж бодож байна.

 

Д.Цогтбаатар:

1921 оноос хойш зохиомол 100 гаран хэрэг гарсан байдаг. Бид судалгааг нь гаргачихсан байгаа. Хамгийн их санаа зовж байгаа зүйл юу вэ гэвэл  бүгдийг нь цагаатгаач  гэдэг асуудал.  Тэр хүмүүст хүрсэн менежмент хэрэгтэй. Тэдэнд хүрч чадахгүй байна. Ер нь хэлмэгдсэн хүмүүсийн хүүхдүүд дээд боловсрол эзэмшсэн нь  маш цөөн. Айгаад дуугарч чадахгүй. Одоо хүртэл тэр хүний нэрийг хэлэхээр айдаг болчихсон. Тийм учраас бид энэ зохиомол хэргүүдээ судалж, шалгах хэрэгтэй. Гэмгүй иргэдийг цаазалсан газруудыг аймаг, аймгаар нь судлаад гаргачихсан. Зарим аймгийнх  нь тоо нь байгаа болохоос нэр нь байхгүй. Хүнийг буудсан доод тал нь 66 газар байна. Хамбын овооноос  2003 онд 600 гаруй өндөр мяндагтнуудын гавлын яс гарсан. Хэлмэгдсэн хүмүүсийг 2006 онд аймаг аймгаар нь гаргаад, 200 гаруй яс байгаа гэж гарсан.  Он оноор нь хилс хэргүүдийг гаргачихсан байгаа. Эцэст нь хэлэхэд, Монголын төр геноцид үйлдсэнийг тогтоолгочихвол  олон улс  Монгол руу   анхаарна. Азийн улсуудаас Монголд хүний эрхийн төв байгууллага байгуулах боломж бүрдэнэ. Дэлхийн хүний эрхийн байгууллагууд  Монголын хэлмэгдсэн иргэд рүү хандсан бодлогоо чиглүүлнэ.

 

С.Ононбаяр:

Коммунист дэглэм, ардчилсан нийгэмд болсон, давтагдаж байгаа асуудлыг ярихгүйгээр бид цааш явахгүй. Хэлмэгдүүлэлтийн оргил үе гэдэг 1932-1939 оны нөхцөл байдалдаа бид орох гээд  байна. Эрх мэдлийн төлөө МАНАН-гийн эрх баригчид хууль, хүний эрхийг уландаа гишгэж, монгол хүний  сонгогдох, сонгох  эрхийг хасч хэлмэгдүүлж байна.  Энэ бол шинэ төрлийн хэлмэгдүүлэлт. “Нүүрс хөтөлбөр” гэгч юу болсныг та бүхэн санаж байгаа байх.  Захиалгаар ялладаг, хэлмэгдүүлдэг хууль, шүүхийн байгууллагынханд ямар хариуцлага хүлээлгэх ёстой вэ. Ийм гэмт хэрэгтнүүдийг хэвлэл, мэдээллээр ил тод гаргаж, овог нэр, цол хэргэмтэй нь гаргаж тавьж олон нийтэд жигшүүлэх ёстой. Тэд эзэндээ үнэнч байж албан тушаал, алдар цолны төлөө яахаас ч буцахгүй орчин үеийн Маахуур Дамба, Мангас Дорж юм.

Хэлмэгдүүлэлтийн хүнд он жилүүдийг бид мартаж болохгүй. Тэр хүмүүсээс, үр хүүхдээс нь Монголын төр нэгдсэн журмаар уучлал гуйх ёстой. Гомдлыг нь барагдуулах ёстой. Хийсэн хэрэггүй атлаа  төрдөө буудуулж хохирсон хүмүүсийн үр сад  цагаатгуулна гээд явдаг, өөдөөс нь баахан бичиг цаас шаарддаг. Баримт, нотолгоо, цусны шинжилгээ гэхчлэн тоймгүй их зүйл нэхдэг. Үг дуугүй гэрээс нь хөөж аваачаад ямар ч тайлбаргүйгээр буудсан хүмүүсийг тухайд юун тайлбар гаргуулж авах гээд байдаг юм бэ. Үүнийг шинэ түвшинд ярьж, хууль гаргаж ажиллах ёстой байх. Мэдээж өнгөрсөн он жилүүдэд хийж ирсэн ажлууд бол том дэвшил. Үүнийгээ одоо шинэ нөхцөл байдалд ярьж шийдэх ёстой. 

 

Ц.Жамбалсүрэн:

Монгол төрийг 44 жил удирдсаж, бүхий л амьдралаа төр, ард түмнийхээ төлөө зориулсан  Ю.Цэдэнбалыг хэлмэгдүүлсэн. Гадаад улсад хорионд оруулсан, сэтгэл санаа, эрүүл мэнд бүхий л байдлаар дарамтад оруулж хохироосон. Нэр төрийг нь гутаасан. Энэ асуудлаа нэг мөр болгож шийдээгүй л байна. Их өрийг тэглэсэн, Мянганы замын бүтээн байгуулалтын эхлэлийг тавьсан, жирийн иргэддээ газар өмчлөх боломжийг олгосон МАХН-ын дарга Н.Энхбаярын цгаатгалын асуудлыг ч гэсэн авч үзэх ёстой. Монголын төр зүтгэсэн хүндээ  халтай байгаад харамсдаг.

Цагаатгах ажлыг удирдан зохион  байгуулах комисс олон ажил хийсэн, хийж ч байна. Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоог хүндэтгэдэг. Цаашид энэ  хамтран ажиллах байр суурьтай байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.10 ПҮРЭВ № 175 (6400)