Т.САЙХАН

МАХН, АН, ШИНЭ намтай хамтарч сонгуульд орох болсон талаараа Сонгинохайрхан дүүрэгт өнөөдөр /09.09/мэдээлэл хийлээ. Энэ үеэр МАХН-ын дарга, ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Сонгинохайрхан бол ядуурал ихтэй дүүрэг. Үүнийг бага ч болов арилгая, ажлын байрыг бий болгоё гэсэн шийдвэр гаргаж, Ханын материалын эцэст нийслэлийнхээ Тамгын газрыг байгуулахаар шав тавьж байсан ч харамсалтай нь МАН-ынхан болиулсан. Тэд ард түмнийхээ дунд орохоос зугтаж, Богд уулынхаа дархан цаазыг эвдэж тансаглаж суухаар нүүчихлээ. Улс орны амьдрал, нийслэлийн амьдрал, Сонгинохайрхан дүүргийн амьдрал зэрлэг ургасан, хог шороо овоорсон, өвөл болохоор яана даа гэж бодогдохоор ийм л байна.Тиймээс энэ амьдралыг засахаар СХД-ын  АН, МАХН, ШИНЭ –ийнхэн нэгдэж байна. Энэ дүүрэгт дэх МАН-ын 30 жилийн ноёрхолын эсрэг, дарангуйллын эсрэг, ядуурлын эсрэг монголчууд нэгдэх хэрэгтэй байна. МАН-ын удирдлагууд амьдралаас хэтэрхий тасарчихаж. Бодит амьдрал хэцүү байна шүү дээ. Ажлын байр, ажилгүйдэл хэтэрлээ, айл өрхийн орлого багаслаа гэхэд сонсохгүй байна. Тиймээс орон нутгийн сонгуульд нийт ард түмэн АН, МАХН, ШИНЭ, ИЗНН болон бие даагчидтайгаа эвсэж, МАН-ын дарангуйллыг таслан зогсоож, чихнийх нь бөглөөсийг гаргаж, харахгүй байгаа нүднийх нь халхавчийг нь тайлж, хажуунаас нь хэлж ядуу зүдүү амьдралаа өөд нь татах хэрэгтэй байна. МАН-ыг та бүхэн хангалттай дэмжсэн шүү”  гэв. 

Эх сурвалж:www.polit.mn