Швейцарийн хөгжлийн агентлагийн даргаар томилогдон Монгол Улсад ирээд удаагүй байгаа хатагтай Стефани Бурриг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хүлээн авч уулзлаа. Швейцарийн хөгжлийн агентлаг нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Монголын олон салбарт томоохон төсөл,  хөтөлбөрүүдийг  хэрэгжүүлэн  ажиллаж буй юм. Ялангуяа засаглалыг бэхжүүлэх, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн боловсролын салбарт түлхүү анхаардаг  бөгөөд  тус  агентлагаас  одоо  хэрэгжүүлж  буй 15 төсөл, хөтөлбөрийг Засгийн газрын зүгээс дэмжихээ ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ илэрхийлэв.

Тэрбээр, ”Швейцарийн  хөгжлийн  агентлагаас  Монгол Улсад  олон  төсөл,  хөтөлбөр  хэрэгжүүлдгээс  засаглалыг бэхжүүлэх,  манлайллыг  нэмэгдүүлэхэд  чиглэсэн  төслүүд нь хамгийн  бодитой,  мөнгөн  дүнгээр  илэрхийлэхээргүй  үрдүнтэй  санагддаг.  Цаашид  Засгийн  газрын  ирэх  дөрвөн жилийн  үйл  ажиллагааны  хөтөлбөрт  тусгагдсан зорилтуудыг  хэрэгжүүлэхэд  бид  хамтарч  ажиллах  бүрэн боломжтой.  Засгийн  газрын  зүгээс  ирэх  жилүүдэд  Монгол Улсын  хэмжээнд  187  томоохон  төслийг  хэрэгжүүлэхээр төлөвлөж  байгаагаас  ойрын  хоёр  жилд   ТЭЗҮ-ийг  нь боловсруулахаар  төлөвлөсөн.  Аливаа  төслийн  ТЭЗҮ  бол хамгийн  чухал.  Энэ  тал  дээр  Швейцарь  туршлагатай улсуудын  нэг  учраас  ЗГХЭГ-ын  зүгээс  бүх  талаар  хамтарч ажиллахад  бэлэн  байна.”  гэв.

Мөн  өнгөрсөн  хугацаанд  Засгийн  газраас  хэрэгжүүлсэн томоохон  ажлууд  болон  цаашид  Монгол  Улсад  нэн шаардлагатай  хамтарч  хэрэгжүүлэх  төслүүдийн  талаарталууд  илэн  далангүй  ярилцсан  юм.  Швейцарийн  хөгжлийн агентлагийн  зүгээс  Монгол  Улсын  Засгийн  газартай  ирэх дөрвөн  жилд ижил  түвшний  шинэ  түншлэлийн  хэмжээнд  хамтран  ажиллаж,  одоо  хэрэгжүүлж  буй  төсөл,  хөтөлбөрүүдээ  нэмэгдүүлэх  сонирхолтой  байгаагаа  хатагтай Стефани  Бурри  хэлсэн.

Засгийн  газрын  2020-2024  оны үйл ажиллагааны  хөтөлбөрт  тусгагдсан  зорилтуудыг  хэрэгжүүлэх,  тэр  дундаа  засаглалыг  бэхжүүлэх  “Е Mongolia”  хөтөлбөрийн  хүрээнд төрийн  үйлчилгээг  цахимжуулах,  төрийн  албан  хаагчдын  ёсзүйг  сайжруулах,  Улаанбаатар  хотын  төвлөрлийг  сааруулах,  авто  замын  түгжрэлийг  арилгах,  агаарын  бохирдлыг  бууруулах,  орон  нутгийн  удирдлагыг  чадавхижуулах  чиглэлээр  тус  агентлагтай  ЗГХЭГ-ын  зүгээс  хамтарч  ажиллахаар  боллоо.