Ч.ҮЛ-ОЛДОХ
Засгийн газрын зарим томилгоог олон нийт “сохор” хэмээн шүүмжлэх нь бий. Завсарт нь бас нүдээ олсон “Өдрийн од” шиг томилгоо ч явах нь бий. Тухайн салбарт мэргэжлийн хүнийг сайдаар тавьсан, эсвэл дотроос нь мерит зарчмаар дэвшүүлэн томилсныг нүдээ олсон хэмээж буй. Энэ шалгуураар У.Хүрэлсүхийн танхимын мэргэжлийн сайд нарын эгнээнд Н.Тавинбэх багтаж байна. Тэрээр цахилгааны инженерээс Эрчим хүчний сайд болсон. Бас ирэх өвлийг утаагүй давах МАН-ын найдвар нь болов. Учир нь эрх баригч нам ээлжит сонгуулиар Улаанбаатараас халиад Дархан, Эрдэнэт, бүх аймгийн төв, суурингийн уушгийг цэвэрлэнээ Улс орон даяар утаагүй болгоно гэж амласан. Эрх баригч намын сонуулийн амлалт Засгийн газрынх нь мөрийн хөтөлбөр болж хэрэгждэг. Энэ ч үүднээс УИХ-д 62 суудал авч үнэмлэхүй олонх болсон Ардын намын дарга, Ерөнхий сайдын зүгээс Н.Тавинбэхийг салбарын сайдаар томилоод байна.
Тамга хүлээлцэх ёслолд нь Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ биечлэн очсон. Түүний хэлсэн үгнээс ч Эрчим хүчний салбарыг Н.Тавинбэхэд даалгасан учир шалтгаан нь ойлгогдоно. Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувь бууруулахад гол зохион байгуулалтыг Эрчим хүчний яам хийсэн. Оюутолгойтой холбоотой олон асуудал дээр ажлын хэсэг гарч төр өөрийн хөрөнгөөр Тавантолгойн цахилгаан станцтай холбоотой асуудалд томоохон зарчмын байр суурийг илэрхийлж чадсан. Тиймээс Ц.Даваасүрэн сайдын мэргэжлийн байр суурь, зарчмыг шинэ сайд үргэлжлүүлж, парламентаас хамтран ажиллах зайлшгүй шаардлага үүснэ” хэмээгээд үүрэгт ажлаа хүлээж авсан Н.Тавинбэх сайдад амжилт хүссэн юм.
Тэгвэл халаагаа өгсөн өмнөх сайд Ц.Даваасүрэн “Засгийн газрын зүгээс манай салбарт мэргэжлийн хүнийг сайдаар томилж өгсөнд талархаж байна. Эрчим хүчний салбар нарийн мэргэжил, технологи шаарддаг. Гэхдээ бид чамгүй ажил хийсэн. Улаанбаатар хотын хорт утааг бууруулах, мөн эрчим хүчийг тогтвортой, найдвартай, хараат бус байлгах суурь баримт бичгүүдийг боловсруулсан. Эрчим хүчний дунд хугацааны хөтөлбөр батлагдсан болон эрчим хүчний мастер төлөвлөгөө эцэслэгдээд явж байна. Эдгээр баримт бичгийг хэрэгжүүлээд явбал манай систем үнэхээр найдвартай болно” хэмээн онцлон захисан.
Тэр сайдын хувьд шинэ ч, салбартаа бол хуучин хүн юм. Өмнөх сайд нартай жишихэд дарь үнэртсэн хуучин цэрэг гэдэг шиг Багануурын цахилгаан, шугам сүлжээний газрын засварын албанд дэгээ үүрсэн монтёроос ажлын гараагаа эхлүүлсэн туршлагатай. Тэндээсээ мастер, албаны дарга, инженер гэсэн албан тушаалын шатаар өөрийн ажлын ур чадвар, мэдлэг боловсролынхоо эрэмбээр дэвшсэн. Баганнуурын цахилгаан түгээх сүлжээ компанид цахилгааны инженер, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан салбараа сайн мэдэх нэгэн. Тэгвэл салбарынхан нь ч бас түүнийг сайн мэднэ. Зарим нь түүнийг “Мэргэжлийн ур чадвар сайтай ч албан тушаалын амбиц ихтэй” гэж дүгнэсэн нь бий. Гэхдээ 20 жил ажилласан салбараа орхин Багануур дүүргийн захирагчаар хоёр жил ажиллаад буцаж ирснийг нь тэгж хэлсэн болов уу. Ямартай ч Эрчим хүчний салбарынхан удирдах арга барилаар хэнээс ч дутахгүй, ур чадвар сайтай, бас амбиц ихтэй сайдтай болжээ. Гэхдээ утаа сайдын амбицаас айхгүй. Сайд нь утааг уургалах ур чадвартай бол урагшаа гэхээс өөр үг илүүц. Ямар байхыг ирэх өвөл шалгах учраас бид харах л үлдлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.9.2 ЛХАГВА № 169 (6394)