Б.ОД
УИХ-ын энэ оны ээлжит бус чуулганы баасан гаригийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны даргаар П.Дэлгэрнаранг, нарийн бичгийн даргаар Д.Даваа-Очирыг, гишүүнээр Ж.Болд, Э.Түвшинжаргал нарыг томилсон. Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Тангараг өргөсөн гишүүдэд Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүний үнэмлэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан гардуулаад, өргөсөн тангарагтаа чин үнэнч байж, төрийн хууль тогтоомжийг ёсчлон биелүүлж, сонгогч олон түмний итгэл найдварыг нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Эх сурвалж:www.polit.mn