Ч.ЗОТОЛ 

 

Ээлжит бус чуулган  өнгөрсөн баасан гаригт хаалтаа хийлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар СЕХ-ны удирдлагыг чөлөөлөх, томилох тогтоолыг батлах, борооны дараах мөөг шиг олон лобби бүлгийг  өлгийдөж авах, хуулийн төслүүд батлах гээд модон алхаа баруун, солгойгүй цохисоор чуулганыг өндөрлүүлэв. 

Кембрижийн хөтөлбөрийг дэмжих,  Ардын эрүүл мэндийг дэмжих, Баруун аймгийн гишүүдийн гэхчлэн нийтдээ арав орчим лобби бүлэг мэндэлснийг  УИХ-ын дарга чуулганы индрээс мэдэгдсэн юм.

 МАН, АН-ын УИХ дахь бүлгүүд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулахад санал нэгдэхгүй байгаа.  Эрх баригч нам ээлжит бус чуулганаар заавал хэлэлцэнэ гэж үзэж буй. АН орон нутгийн сонгуулийн өмнө улстөржсөн байдлаар асуудалд хандаж байна хэмээн энэ  сарын 21-ний өдөр тав хоногийн завсарлага авсан. Өнгөрсөн баасан гаригт дахин гурав хоногийн завсарлага авч байгаагаа мэдэгдсэнээр ээлжит бус чуулганыг өндөрлүүлэв.

УИХ яаралтай асуудлуудыг  хэлэлцэж шийдвэрлэх үүднээс ээлжит бус чуулган зарлан хуралдсан.  Төсвийн тодотголтой холбоотой цаг үеийн шаардлага тэгж таарсан. Энэ дотор  Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн нь  найм дахь удаагийн  УИХ-ын ээлжит  сонгууль булхай, луйвар болсныг шалгаж эцэслэх ёстой  гэж мэдэгдээд буй  МАН-аас бусад улс төрийн хүчний  шаардлага үнэн болохыг баталсан үйл явдал боллоо. Улс төрийн хүчнүүд, бие даагчдын холбоо хамтран  Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөх бичиг барьсан. Улмаар ирэх аравдугаар сард болох Орон нутгийн сонгуульд нэгдэж  оролцохоо илэрхийлж байсан юм.

 

СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчдийг дэмжлээ 

 

СЕХ-ны удирдлагуудыг  томилох, чөлөөлөх тухай   Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир ээлжит бус чуулганд  танилцуулсан.  Сонгуулийн төв байгууллагын тухай дөрөвдүгээр зүйлийн 4.2-т “Хорооны гишүүний тавыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор УИХ  зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасны дагуу Ерөнхийлөгчөөс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Даваа-Очирыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшүүлсэн юм.

Д.Даваа-Очир 1982-1987 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академийг  эрх зүйч мэргэжлээр төгссөн.  2005 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академид хууль зүйн ухааны докторын зэрэг,  2006 онд профессор цол хамгаалсан. 33 жил төрийн албанд ажиллахдаа Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Сургалтын төвийн захирал, Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр тус тус ажилласан. 2017 оноос өнөөдрийг хүртэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажиллаж иржээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан танилцуулсан. Сонгуулийн төв байгууллагын тухай зургадугаар зүйлийн 6.3-ын дагуу Сонгуулийн ерөнхий хорооны зарим гишүүн чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул уг хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу Ж.Болд, П.Дэлгэрнаран, Э.Түвшинжаргал нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшүүлжээ.

Ж.Болд нь Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа цолтой. 1997 онд Цагдаагийн дээд сургуулийг хууль мэргэжлээр, 2008 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер, 2009 онд Билэг дээд сургуулийг хууль зүйн магистр зэрэгтэй тус тус төгссөн. Төрийн албанд 34 дэх жилдээ ажиллаж байгаа.   2020 оны наймдугаар сараас Цагдаагийн ерөнхий газрын даргын албан тушаалыг хашиж буй юм.

П.Дэлгэрнаран нь  УИХ-ын  Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтэст ахлах референт. Улсад 32 жил ажиллаж байгаа.  1989 онд ЗХУ-ын Москвагийн Цэргийн дээд сургуулийг улс төр судлаач мэргэжлээр, 1996 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Э.Түвшинжаргал нь УИХ-ын  Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга. 1999 онд Академийн Удирдахуйн ухааны сургуулийг төрийн удирдлагын магистр зэрэгтэй тус тус төгсчээ.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг   томилохыг гишүүдийн  олонх дэмжсэн тул “Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай” УИХ-ын  тогтоол батлагдав.

 

Хуулийн төслүүдийг батлав

 

 Ээлжит бус чуулганаар Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцэж баталсан. Дараа хэд хэдэн хуулийн төслийг  хэлэлцэж баталсан юм. Тухайлбал, Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх, мөрдөх хугацааг хойшлуулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Ингэснээр иөсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх, мөрдөх хугацааг хойшлуулах тухай хуулийг баталлаа.

 Мөн  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.  Эдийн засгийн тодорхой бус нөхцөл байдал үргэлжилж байгаа  хэдий ч ирэх гурван жилд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг ДНБ-нд эзлэх хэмжээг 2021 онд 5.1 хувь, 2022 онд 3.6 хувь, 2023 онд 2.8 хувь байхаар төсвийн үзүүлэлтийг сайжруулж, Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хэмжээг 2021-2023 онд 61.9 хувиас  53.2 хувь болгож бууруулахаар төлөвлөснийг  Г.Амартүвшин гишүүн танилцуулсан. Нэгдсэн хуралдаанд оролцсон 62 гишүүний 45 нь буюу  72.6 хувь нь дэмжсэнээр  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг эцэслэн батлав.

   Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхэд мөн гишүүдийн олонх дэмжсэн тул  баталлаа.

    

 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт орууллаа

 

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг ээлжит бус чуулганы хугацаанд  хийсэн юм. Хуулийн төсөлд улсын төсвөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтаас нэг  төсөл арга хэмжээг хасч, 34 төсөл арга хэмжээнд өөрчлөлт оруулснаар нийт 12 тэрбум 731.3 сая төгрөгийг 2020 онд санхүүжих дүнгээс бууруулахаар өөрчилжээ. Харин 2020 оны төсвөөр батлагдсан боловч тодотголын төсвөөс хасагдсан 37 төсөл арга хэмжээг буцаан нэмж тусгах болон төсөлд тусгагдсан 18 төсөл арга хэмжээний санхүүжих дүнг нэмэгдүүлснээр төслийн 2020 онд санхүүжих дүнг  12 тэрбум 171 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр болжээ.  Хэрэгжих боломжийг бүрдүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын дөрвөн  төсөл, арга хэмжээний нэрийг өөрчлөхөөр тусгасан байна. Мөн Таван жилийн үндсэн чиглэлд зарчмын саналуудыг нэгбүрчлэн тусгасан гэв.

 

 Намрын  чуулганаар хууль, тогтоомжийн  200 төслийг хэлэлцүүлнэ

 

 Төрийн байгуулалтын байнгын хороо  намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх УИХ-ын  тогтоолын төслийг боловсруулахад нам, эвслийн бүлэг, Байнгын, дэд, түр хороо болон хууль санаачлагчийн саналыг үндэслэх хуулийн зохицуулалттай. Иймд  Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тав, УИХ дахь   Ардын Намын бүлгээс 26,  Ардчилсан намын бүлгээс 13, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос ес, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос 15, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо 12, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хоёр, Инновац, цахим бодлогын байнгын хороо дөрөв, Нийгмийн бодлогын байнгын хороо 17, Төсвийн байнгын хорооноос долоо, Хууль зүйн байнгын хорооноос 26, Эдийн засгийн байнгын хорооноос 18, УИХ-ын  гишүүдээс 18, Засгийн газраас 18 санал  ирсэн бөгөөд давхардсан тоогоор нийт 200 хууль тогтоомжийн төслийн санал иржээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.8.31 ДАВАА № 167 (6392)