А.ДОРЖХАНД

VIII Богд Живзундамба хутагтын хатадтай холбогдох түүхэн газрыг тодруулахаар Түүхийн ухааны доктор Хатанбатын Мэндсайхантай ярилцав.

-VIII Богдын хатан Эх Дагина Дондогдуламын тухай судлаачдын бичсэн ном зохиол цөөнгүй байдаг. Сүүлийн үед судлаачид орон нутгийн газар усны нэр, түүхт хүнтэй холбогдох газрыг эх сурвалжуудын мэдээнд тулгуурлан тодруулах ажлууд нэлээд хийгдэж байна. Таныг Эх дагинатай холбоотой нэгэн газрын талаар судалсан гэж сонслоо? 
-Архивын сурвалжид үндэслэн Эх дагина Дондогдулам хатан, бас Гэнэнпил хатантай холбогдох нэгэн түүхт газрыг тодруулах судалгаа хийсэн юм. Энэ газар бол Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас зүүн хойд зүгт 70 орчим километрт орших Чандманий гол гэдэг газар юм. Энд Тунгалаг бэйс Дондогдулам хатанд зориулж тугдам барьж өгсөн тухай архивын баримт бий. Тугдам нь өргөө, ордон гэсэн утгатай үг болохыг толь бичигт тэмдэглэсэн байдаг. 
Бидний гол зорилго бол энэ түүхэн газрыг олж тогтоон орон нутгийн түүхэн газарт бүртгүүлэх, гэрэлт хөшөө бариулах бодолтой энэ ажлыг эхэлсэн юм. 
-Тунгалаг бэйс ямар учраас энэ тугдамыг барьсан юм бэ? 
-Эхлээд Тунгалаг бэйсийн талаар товчхон ярья. Хуучнаар Сэцэн хан аймгийн Жонон вангийн хошуу одоогийн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сумууд багтана. Энэ хошууг алтан ургийн угсааны 13 засаг ноён үе залгамжлан захирчээ. Үүний 12 дахь ноён нь Түмэнтогтохын Тунгалаг ван Базарсад юм. Тэр нутгийн ард олны дунд Тунгалаг нэрээр алдаршсан. Тухайн үед Бүгд ерөнхийлөн захирах яамны дэд сайдын албыг хашиж байсан. Энэ хүний талаар түүхч Д.Гомбосүрэн Хөвчийн жонон Цогбадрахын тухай номондоо тодорхой бичсэн. Тодруулж хэлбэл, Тунгалагийн дараа Цогбадрах хошууны ноён болсон бөгөөд түүний хатан Дэндэвдулам бол Эх дагина Дондогдуламын төрсөн дүү юм. Эх дагины эцэг нь жонон ван Цогбадрахын нутгийн Цэнд гэдэг хүн байжээ. Энэ бүгдийг тунгаавал, VIII Богдын амьдрал ахуй, үйл хэрэг нь энэ нутагтай нэг талаас нэлээд холбоотой байгаа юм. 
Олноо өргөгдсөн Монгол Улсаас төрийн үйл хэрэгт онцгой гавьяа байгуулах, өөрийн хөрөнгөөр сүм хийд бариулах, улсын санд мөнгө хандивласан хүмүүсийг шагнан урамшуулахыг хуульчилсан байдаг. Тунгалаг бэйс лавринг бүтээн байгуулсаныхаа дараа Богд хаанд өргөсөн бичигтээ “Надад Улсын санд мөнгө хандивласанд үе улиран жүн вангийн зэрэг шагнав. Миний дээд үеийн эцэг өвгөдийн “Эрдэнэ” цолыг эдүгээ хөвгүүн болсон надад нэмж хүртээх”-ийг хүссэнийг Богд хаан ёсоор болгосны хамт энэ тугдамд “Их Амгалант номын тив” гэдэг нэр шагнасан. Үүнийг түвд хэлээр Дэчинчойлин гэдэг байна. Энд нэгэн зүйлийг тодотгоход эх баримтад “Улсын эх дагины хөдөө тугдамын шүтээнийг залах лаврин сүм” гэж бичсэн байгаа юм. Одоогоор энэ шүтээний талаар баримт олдоогүй байна. Цаашид тодруулахаар судалж байна. 
-Таны ярианаас Тунгалаг бэйс тугдамыг бариулаад цол хэргэмээ ахиулжээ гэж ойлголоо?
-Тунгалаг бэйс өөрийн зэрэг дэвээ ахиуулах гэж тугдамыг байгуулсан, мөн Дондогдуламыг өөрийн харьяат хошууны бүсгүй Улсын эх дагинад тодорсонд талархаж, уг тугдамыг байгуулсан тухайгаа ч бичсэн байдаг. Бас хөдөө тугдамын тухай түүхч, доктор Д.Энхцэцэг судалгааны бүтээлдээ дурдсан байдаг.
-Анх тугдамын газраа олж тогтооход амаргүй байсан байх. Нутгийн иргэд туслав уу?
-Тэгэлгүй яахав. Нутгийн ард иргэд тусалсан. Анх архиваас олсон хэдэн баримтуудаа аваад 2015 оны зургадугаар сард миний бие болон түүхэн газарзүйгээр олон жил судалгаа хийж байгаа профессор Ой, Сүхбаатар, Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхан, жолооч Ч.Түмэндэлгэр бид нар Өмнөдэлгэр суманд очиж, өндөр настан Сэдэдийн Базаргарьд, Ширнэн, С.Баяраа, мөн сумын уугуул иргэн эдүгээ Улаанбаатар хотод амьдардаг гавьяат нисгэгч Сэнгийн Жанар нартай уулзсан юм. Тэднээс тугдамын талаар болон Чандманий голыг хаана байдгийг нь асууж, сумын уугуул иргэн С.Баяраа гуайгаар замчлуулан хайсан газраа олж очиход он цагийн уртад шороонд булагдаж бүдгэрсэн сүмийн туурийн мөр, суурийн чулуунууд байсан даа.
-Нутгийн ахмадуудтай Эх дагины тухай болон тугдамын талаар хуучилав уу?
-Тэгсэн, тэднээс нэлээд зүйлийг асууж тодруулсан. Өндөр настан С.Баяраа гуай Брайвүн хийдийн лам байсан Мөнхбаярын Товуу, хөх Жамбал нараас сонссон зүйлээ ярихдаа “1923 онд Богд хатантайгаа Балданбрайвүн хийд, Чандманий голд гурван удаа ирсэн. Чандманий голыг Бууралын нарийн хөндий, Чойлонгийн нарийн хөндий гэдэг байсан. Энд хатанд зориулж барьсан хурлын газар байсан гэдэг, одоо суурь нь үлдсэн. С.Жанар гуай Чандманий голд хатанд зориулж байгуулсан хурлын газар байсан. Энэ амыг Дэчинчойлонгийн хөндий ч гэж бас хэлдэг. Энэ талаар миний багш байсан Бадамдаш надад ярьж байсан. Намайг бага залуу байхад 1954 онд Чандманий гол устай байсан. Энэ амны дээд хэсэг рүү Дондогдулам хатныг төрсөн гэж ярьдаг” гэж тус тус ярьцгаасан юм. 

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвөөс баруун хойд зүгт 50 орчим километрт орших Чандмань голд Эх дагины шүтээнийг залсан “Их Амгалант номын тив” сүмийн туурь.


-Энэ тугдамын газар Гэнэнпил хатантай хэрхэн холбогддог юм бэ? 
-1938 онд Гэнэнпилийг Дотоод яамны Хэнтий аймаг хэлтсийн нэгэн нөхөр жонон ван Цогбадрах, Брайвүн хийдийн номун хан Найдансүрэн нарыг хувьсгалын эсэргүү хилс хэрэгт хамсаатнаар татаж байцаасан байна. Тэр үед Гэнэнпил өөрийнхөө тухайгаа мэдүүлэхдээ, Хэнтий сумын нутаг болох одоогийн Дэчинчойлин хийд дээр анх 15 тооны эмэгтэй хүмүүсийг цуглуулан, тэднээс миний бие тэргүүн гарч намайг Эх Дагины хойдох мөн хэмээн Богдын дэргэд байсан шадар дайчин жонон ван, Эрдэнэ жонон ван хоёр машинаар авчирсан тухай ярьсан байдаг. Энэ Хэнтий сум гэдэг нь одоогийн Өмнөдэлгэр сумаас зүүн хойшоо 25 орчим киломерт орших Хэнтий багийн төв юм байна лээ. Тугдамын газар луу явахад энэ багийн төвөөр ороод цааш явдаг. Дэчинчойлон хийд гэдэг нь энэ тугдамыг хэлж байгаа юм. Ийм учраас Гэнэнпилтэй холбогдож байна. Өөрөөр хэлбэл, Дэчинчойлин буюу Их Амгалант номын тив гэдэг энэ сүмд түүнийг Богдын хатан болох бүсгүйгээр анх тодруулсан байна. Тэгэхээр түүхт газарт мөн гэж үзэх нь зүйтэй байх.
-Та энэ газарт гэрэлт хөшөө бариулах, орон нутгийн түүхэн газарт бүртгүүлэх ажил хийх талаар ярианы эхэнд дурдсан, зорьсон ажил бүтсэн үү?
-Энэ газарт гэрэлт хөшөө босгохоор зураг төсөл, үнийн саналыг хувь хүн, байгууллагаар хийлгэсэн юм. Тэр үед хөшөө байгуулах зардлыг Богд хааны ордон музейгээс гаргуулахаар төлөвлөсөн боловч санхүүгийн боломжгүй улмаас бүтээгүй. Бас Хэнтий аймгийн болон Өмнөдэлгэр сумын Засаг даргын тамгын газар болон улс төрийн шийдвэр гаргах түвшний хүмүүст хамтарч ажиллах санал хүргүүлээд амжилт олоогүй. Нутгийн зарим ард иргэд дэмжиж, бизнес хийдэг хүмүүст хэлснээс цааш ахиц олсон зүйлгүй дээ. 
Харин бид тэр үед Хэнтий аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хандаж кадастрын зургийг нь хийлгэсэн. Уг нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Чандманий голд гэрэлт хөшөө байгуулчихвал, Монголын түүх, соёлын дурсгалт газрыг баяжуулах, бүс нутгийн аялал жуучлалын хөгжилд зохих хувь нэмэр оруулах юм. Магадгүй хэнтийчүүдийн бахархалт нэгэн газар болно шүү дээ. 
Богд хаанд Тунгалаг бэйсээс тэр үед бичиг өргөж, уг тугдамын газрыг Балданбрайвүн хийдийн хавьд бариулах уу эсвэл Чандманий голын орчим бариулах уу гэж асуусанд Чандманий голд байгуулах Зарлиг буулгасан баримт бий. Тэгэхээр Дондогдулам хатныг “Чандманий гол”-д төрсөн тухай аман мэдээ байгаа. Энэ уулын аманд төрсөн байхыг үгүйсгэхгүй. Мэдээжийн хэрэг Эх дагины тугдамыг Чандманий голд ямар нэгэн учир холбогдолтойг бодож бариулсан нь лавтай байх. Цаашид энэ газрын учир холбогдлыг баримтаар нотлон тогтоох, мөн Эх дагины шүтээний нэрийн талаар лавшруулан судлах нь эдгээр эргэлзээтэй асуудлын учрыг тайлах байх. Эцэст нь хэлэхэд Чандманий гол бол Дондогдулам, Гэнэнпил хатантай холбоотой түүхт газар мөн гэдэг нь олон баримт мэдээгээр нотлогдож байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.27 ЛХАГВА № 165 (6390)