Ч.ОЛДОХ

 

 Засгийн газар энэ удаа бүтцээ шинэтгэж  Соёлын яамтай болов. Бас  салбар хариуцсан сайдыг ч томилов. Одоогоор яам нь байргүй, сайд нь явган гүйж яваа. Дэвтэр, номоо сугавчилсан  “Шинэ үсгийн багш” шиг  шинэхэн сайд бол түүхч С.Чулуун. Бүх зүйл цахимжсан дэвшилтэт  хэдий ч ном уншдаг хүн цөөрсөн  нийгмийг  соён гэгээрүүлнэ. Улс орныг урагш авч явах  нэн шинэ үеийнхэнд  соёлын үрийг тарина хэмээн тэрээр ачаа үүрэв.

Түүний хувьд Соёлын сайд болохын өмнө  Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, Олон улсын монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Бас Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргад яригдаж байсан удаа бий.

Түүхч, судлаач  талаас  нь  дүгнэвэл,  академич С.Чулуун  Монголын талаарх түүхийн холбогдолтой эх сурвалжууд, баримт материалуудын арвин баялаг цуглуулгатай нэгэн. Дэлхийн олон орны архиваас Монголын  түүхийн холбогдолтой шинэ содон  баримт материалуудыг судалж, түүх судалгааны шинэ чиглэл болон  монгол судлалын шинэ хандлагыг бий болгож ирсэн  түүхч, судлаачдын нэг юм.

Мэргэжил, боловсролын тухайд, тэрээр 1999, 2000 онд МУИС-ийг тус, тус төгссөн. Түүхч, түүхийн багш мэргэжилтэй, шинжлэх ухааны докторын зэрэгтэй, академич цолтой. Ажлын анхны гарааг 1999 онд  ШУА-ийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар эхлүүлж байж. Дараа нь  МУИС-ийн Түүхийн тэнхимд багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга, ХҮДС-д дэд захирал, ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал, Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, 2019 оноос  ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирлаар ажиллаж иржээ.

Судалгаа, шинжилгээний ажил хийж байхдаа С.Чулуун өнөөгийн монголчууд тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгох талдаа тааруу. Язгуурын монголчуудын хичээж, зүтгэж ирсэн тэр их  үйл явцыг ухаарахгүй байгаад бухимдаж хэвлэлээр нэг бус удаа ярилцлага өгч байв. Тухайлбал  “Монголчууд тусгаар тогтнолын тухай Ямар ч ойлголтгүй байгаа нь харамсалтай. Хамгийн энгийн жишээ гэвэл, 1911 оны хувьсгалыг удирдаж, санаачилж, зохион байгуулж, амь насаа алдаж, бидэнд тэр газар шороог үлдээхийн төлөө зүтгэсэн хүмүүсийн дурсгалыг өнөөдөр хэн хүндэтгэж байна вэ. Ганц хааных нь ордон ямар байдалтай байна.

Да лам Цэрэнчимэд зэрэг монголчуудын язгуур эрх  ашгийн  төлөө тэмцэж ирсэн хүмүүсийн хөшөөг өнөөдөр босгочихоод, шүтээд зогсож байгаа хэн байна. Арванхоёрдугаар сарын 29-нд зүгээр л шинэ жил тэмдэглэх гэж юм уу, эсвэл нийтийн амралтын өдрөөр сүржигнэж өнгөрөх асуудал биш, тусгаар тогтнолынхоо тэр эхлүүлсэн хүмүүсийн үйл хэргийн үнэ цэнийг л ойлгох хэрэгтэй” хэмээн хэлж байв. 

Тэр бас Монголын өнөөгийн төрийг  Бага хаадын үетэй адилхан хэмээн томъёолж, үнэт зүйл, үнэлэмж гэж байхгүй. Хүн болгон зах хязгааргүй их мэдэгчид, дураараа авирлагчид болчихсоныг нэг бус удаа  шүүмжилсэн нь ч  бий. Тэгвэл монголчуудаа түүх, соёлоор нь  сэрээн  хөглөх, ухааруулах, соён гэгээрүүлэх эрхэм үүрэг өөрт нь өнөөдөр ногдож байна. Шинэ цагийн Соёлын сайд юу хийж бүтээж, түүхэнд ямар нэртэй үлдэхийг дөрвөн жилийн дараа монголчууд дүгнэнэ. 

Монгол Улс түүхэндээ  Соёлын яамтай, салбар хариуцсан сайдтай, соёл урлагийг  хөгжүүлж явсан үе бий. Тухайлбал, Монгол Улс 1956 онд Соёлын яам байгуулж, 1959 онд татан буулгасан байдаг. Тэгвэл 1961 онд дахин байгуулж, 1990 онд татан буулгасан түүхтэй. Энэ хооронд сонгодог урлаг, кино урлаг, театр, циркийг хөгжүүлж хүн ардаа соён гэгээрүүлж ирсэн  байдаг. 1990 оны ардчилсан хувьсгалын үйл явц дунд  Соёлын яамыг татан буулгаж,  байранд нь  Ардчилсан холбоог  оруулсан  бол Соёлын сайдаар ажиллаж байсан  Н.Энхбаяр Соёл урлагийг дэмжих санг  байгуулж анхны шавыг тавьсан түүхтэй. Үүнээс хойш Гэгээрлийн яам, БСШУЯ нэрээр салбарын яамд ажилласан. 2008 оноос  Соёл урлагийн хороо нэртэй Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ажиллаж ирсэн. Саяхан батлагдсан Соёлын яамны  бүтцээр тус хороог хэрхэх талаар тусгасангүй. Бүтцийг нь  долоон газар, нийт 78 албан хаагчтай байхаар баталжээ. Ийнхүү  шинэ тутам байгуулагдсан Соёлын яамыг түүхч сайд удирдаж, бодлого боловсруулж ажиллана. Дүгнэх эрх нь ард түмэнд нээлттэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.8.26  ЛХАГВА № 164 (6389)