Т.САЙХАН

УИХ-ын чуулганы өнөөдрийн /08.21/ хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна.  УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:-Бид хөгжил рүү явахын тулд төвлөрлийг сааруулж, орон нутгийг хөгжүүлэх ёстой гэж боддог юм. Гэтэл төсөв ярихад орон нутгаас танаж, төвлөрсөн газар руу нэмдэг. Төрийн аудитын байгууллага нь иргэдийн тулах цэг байх ёстой юм. Аудитын байгууллага зөвлөмж хүргүүлсэн л гэх юм. Үр дүн байдаггүй. Төрийн аудитын байгууллагын хариулт, гишүүдэд өгч байгаа мэдээлэл маш дутмаг байна. Хэмнэлтийг хөрөнгө оруулалтаас бус урсгал зардал, төрийн данхар бүтцээс танадаг баймаар байгаа юм. Урсгал зардлыг хэдэн хувиар бууруулах боломжтой вэ. Өнгөрсөн жил Засгийн газар ковидтой гээд маш олон зардлуудыг танах ёстой гэсэн чиглэлтэй ажилласан ч үр дүн гараагүй. Ирэх жилүүдэд урсгал зардлуудыг хэдэн хувиар бодитоор буулган тооцоолол байна вэ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:-Төсвийн тодотголоор төрийн байгууллагуудын 118 тэрбум, хөрөнгө оруулалт дээр 520 орчим тэрбум төгрөгийг хасч оруулж ирсэн. Иргэдийнхээ орлогыг хамгаалах, эрүүл мэндэд анхаарах зэрэг арга хэмжээтэй холбоотой урсгал зардлууд бол нэмэгдсэн. Ер нь бол зардлыг бууруулж чадахгүй гэхэд нэммээргүй байна. Гишүүд ч гэсэн ийм зардал нэммээр байна л гэсэн санал гаргаж байгаагаас хасна гэсэн санал лав гарахгүй байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:-Сүүлийн 30 жилийн хугацаанд Монголын эдийн засаг 13 дахин өсч, төсөв тэр хэрээрээ өссөн. Энэ өсөлт буурахад зардлаа дагаж бууруулахгүй явсаар ирсэн нь өнөөдрийн төсвийн хүнд нөхцөл байдалтай болгосон. Төсвийн алдагдал өсч байна, төсвийн орлогыг тэлж болохгүй. Ирэх жилийн бондуудын төлөлтийг хийхийн тулд төсвийн үзүүлэлт, тоонууд нь маш сайн байх ёстой. Ирэх жилээс үзүүлэлтүүд сайжирна гэсэн өөдрөг зүйл яриад байхаар гишүүд зардлаа илүү их нэмж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:-Төрийн албаны данхар бүтэц, авлига, хүнд суртлын асуудлыг маш их ярьж байна. Төрийн өмчит 500 орчим компаниуд байгаа. Тэндээс хоёр л том үйлдвэр нь ашигтай ажиллаж байгаа гэсэн мэдээлэл өгсөн. Төрийн өмчийн компаниуд маш их зардал гаргадаг. Өнгөрсөн онд гэхэд нэг төрийн өмчит компани 40 сая төгрөгөөр шинэ жил хийж байсан. Төрийн алба данхайгаагүй, томроогүй гэдгээ харуулахын тулд маш олон байгууллагыг улсын үйлдвэрийн газар болгосон. Ер нь бол 220 орчим төрийн албан хаагчтай болсон. Жишээлбэл, Удирдлагын академи улсын үйлдвэрийн статустай болсон. Ийм статустай маш олон байгууллагыг бий болгож, төрийн албыг нэмэгдүүлсэн. Тиймээс ирэх жилүүдэд гол асуудал төрийн өмчит компаниудын асуудалд УИХ нэхэл хатуутай байж, шаардаж ажиллана шүү. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд 2020 оны төсвийн тодотгол болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Эх сурвалж:www.polit.mn