Л.ХЭРЛЭН 

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд бие дааж нэр дэвшигчдийг төлөөлж, “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд 2020 оны УИХ-ын сонгууль луйвар болсон. Иймд саналыг  дахин тоолох бус дахин санал хураалт явуулах ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.  Тэрээр “Сонгуулийн  луйвар булхай боллоо гэдгийг бид санал хураалтын дараа шууд мэдэгдэж байсан. Тодорхой жишээ, баримтууд дээр судалгаа хийж Ерөнхийлөгчид хандаж байсан. Өмнө нь хуулийн байгууллагуудад ч өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар ч арга хэмжээ авсангүй. Хэтэрхий нэг талд үйлчилсэн, төрийн, хуулийн бүтэц байгаад иргэд, сонгогчид, намууд бухимдаж байна.

Өнөөдөр төсвийн хөрөнгөөр сонгууль хийж,  техник, технологийн илт бохир аргаар  луйвар хийж ард түмний саналыг өөрсдөдөө наасан ялсан гэж байгаа улс төрийн хүчний хувь дөнгөж 40-хөн хувь байгаа. Тэгвэл ард түмний 60 хувийн саналыг авсан нам, хүчин, нэр дэвшигчид энд нэгдэж тэмцэхээ илэрхийлээд зогсч байна. Бид ямар нэг албан тушаал, ашиг хонжооны төлөө энд зогсоогүй. Бид ардчиллын үндэс, түүнийг хамгаалах гол зүйл болсон шударга сонгуулийн  төлөө тэмцэж байгаа юм. Илэрхий бохир аргууд, баримт нь байхад хууль хяналтынхан ажлаа хийхгүй удаашруулж байна. Миний дэвшсэн Дархан-Уул аймагт юу болсныг олон нийт маш сайн мэдэж байгаа. Сануулахад, төв серверээс дэлгэц рүү дамжуулж байсан мэдээлэл дээр таслал байх ёсгүйг Сонгуулийн төв байгууллагын ажилтнууд өөрсдөө хэлж байсан. Гэтэл тэр таслал нь дандаа бие даагч нар дээр гарч ирсэн. Биднийг гомдол гаргасны дараа 50 хувь хүртэл нь  гар тооллого хийж өгөх чиглэлийг Ерөнхийлөгч өгсөн. Ингээд тооллого хийсэн ч хүн гараар будахын аргагүй,  цаанаасаа зориуд хэвлэсэн гэдэг нь илэрхий саналын хуудсууд маш олоноороо гарч ирсэн. Дандаа МАН гэсэн сонголттойгоор хийсэн хуудсууд. Видео бичлэгүүд нь ч бий. Бас   багц багцаар нь, боодол боодлоор нь “Энэ хүчингүй саналын хуудсууд юм аа”  гээд цааш нь тавьж байгаа н бичлэг ч   байгаа. Энэ хүчингүй биш, МАН-ыг дуйгуйлаагүй саналууд гэж үзэхээр байгаа. Үүн дээр асуудлыг нэг талд нь гаргаж, хийсэн үйлдэлдээ буруугүй, хууль зөрчөөгүй гэдэгтээ эрх баригчид итгэлтэй байгаа бол дахин саналт хураалт явуул, үүнийг бид шаардаж байгаа. Түүнээс  ахуй амьдрал, авсан цол, ажил төрлөөрөө барьцаалагдсан хууль хүчний байгууллагуудаас үүнийг шалгаж тогтоохыг шаардаад учир дутагдалтай байна. Иймээс бид дахин санал хураалт хийхийг шаардаж байна. Энэ зардал шаардахгүй, хүндрэл үүсэхгүй. Цаашид ийм нөхцөлд, эрх тэгш бус байдлаар сонгууль хийвэл дараа дараагийн сонгууль утгагүй. Ийм байдалд байсаар байвал  авторитар, тоталитар дэглэм тогтно.  Бид өнөөдөр Хойд Солонгосын байдал руу тун дөхөж байна” гэв.

Өнөөдөр АН, МАХН, ШИНЭ эвсэл, бие даан нэр дэвшигчид хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөх бичиг барьсан юм.

ЭХ СУРВАЛЖ:POLIT.MN