Л.ХЭРЛЭН

Улс төрийн намууд, бие даагчдын холбоо хамтран  Ерөнхийлөгчид хандах үеэр ШИНЭ эвслийн тэргүүн, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн хэлсэн үгийг хүргэж байна. Тэрээр  “Сонгуулийн луйврыг эсэргүүцэж, улс төрийн дөрвөн хүчин санал нэгдэн тэмцэж байна. Сонгуулийн булхай, луйвар 2016 онд “60 тэрбум”-ын сүлжээгээр үргэлжилж, 2020 онд  эрх баригч 65-ын  бүлэг сонгодог луйвар хийсэн байна гэдэгт бид албан ёсны дүгнэлтээ гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлж байна. Сонгуулийн луйвар болсон нь  маш тодорхой  байгаа. Өндөр санал авсан бие даагчдын саналыг л гэхэд таслал тавих замаар луйвардаж авсан. Дарханд Т.Ганболдыг луйвардсанаас энэ маш тодорхой харагдаж байгаа. Баянголд Д.Галиндэвийг, Дундговьд Н.Соёмыг, ШИНЭ намаас дэвшсэн О.Ганбатыг луйвардсан нь илэрхий байгаа. санал тоолох машин зөвхөн нэмэх үйлдэлтэй. Гэтэл УИХ-ын 10 тойрогт ШИНЭ намын нэр дэвшигчдийн авсан саналын тоо хасагдаж тоологдсон. Баянзүрх дүүрэгт 6000 санал авсан нэр дэвшигчийн саналыг гэнэт 5000 болгочих жишээтэй. Тэр бүү хэл, Ардын нам луйврыг хэтрүүлж хийсэн учраас 60 мянган саналтай Сонгинохайрханд  Н.Учралын саналыг 50.000 болгож багасгаж гаргаж ирсэн, ийм  тохиолдлууд ч цөөнгүй байна. Сонгуулийн саналын хуудсыг дугаарлах ёстой гэсэн хуулийн заалт бий ч огт дугаарлаагүй. Сонгуулийн нууцлалтай холбоотой  хуулийн олон заалтыг зөрчсөн. Иймд луйврыг гардан зохион байгуулсан СЕХ-ны дарга, удирдлагуудыг огцруулах ёстой. Энэ тэмцлийг ирэх долоо хоногоос эхлүүлж байгаагаа мэдэгдье” гэлээ.

ЭХ СУРВАЛЖ:POLIT.MN