Т.БАТСАЙХАН
Нийслэлийн МАХН-ын Хэрэг Эрхлэх Газрын дарга Б.Батхишигтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ирэх аравдугаар сард орон нутгийн сонгууль болно. МАХН-ын хувьд сонгуульд оролцох хүсэлтээ хүргүүлээд байна. Ямархуу байдлаар оролцохоор бэлтгэж байна вэ. Энэ талаар яриагаа эхэлье?
- Улс төрийн амьдрал идэвхитэй өрнөсөн өдрүүд өнгөрч байна. Иргэд ардчиллын үндсэн зарчим болох сонгох, сонгогдох эрхээ эдэлж төрийн үйл хэрэгт оролцож байгаа нь сайн хэрэг. Удахгүй орон нутгийн сонгууль болно. МАХН нийслэлийн сонгуулийн хорооноос сонгуульд оролцохоо тогтоол гардаж авлаа. Улаанбаатар хот бол Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин сууж байгаа засаг захиргааны том нэгж. Тэр ч утгаараа энэ олон хүний эрх ашгийг хамгаалах, амьдрах орчин нөхцлийн ая тухтай, аюулгүй байдлыг хангах нь нийслэлийн ИТХ, хотын захиргааны хийх ажил. Энэ их айлыг удирдлагаар хангаж ажиллана гэдэг нөгөө талаар маш том хариуцлага юм. Тиймээс МАХН-аас энэ удаагийн НИТХ-ын сонгууль өндөр ач холбогдол өгч, иргэдийн итгэлийг даах, хариуцлагатай, ёс зүйтэй, боловсролтой залуу боловсон хүчнээ дэвшүүлэх бодлого баримталж байна. Манай намд гадаад, дотоодын их дээд сургуулиудад боловсрол эзэмшсэн, хот төлөвлөлт, зохион байгуулалтыг судалсан боловсон хүчин олон бий. МАХН-ын удирдлагуудын зүгээс залуучууд эх орны хөгжлийн бодлого, ирээдүйд анхаарал тавих, түүнд гар бие оролцох цаг нь болсон гэж үзэж, залуучуудаа дэмжиж оролцоно.
-Мөрийн хөтөлбөрөө Аудитын байгууллагаар хянуулсан гэсэн. Ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлэхээр болов. Онцлог нь юу байх вэ?
-Улаанбаатарт нэн тэргүүнд утааны асуудал хүндрэлтэй байна. Ер нь нүүрс ч бай, мод түлсэн ч бай утаа гарна. Тиймээс түлшний хэлбэр, төрлийг өөрчиллөө гээд энэ асуудлыг бүрэн шийдэх боломжгүй. Өрх бүрийг орон сууцжуулах нь л хамгийн зөв шийдэл мөн. МАХН-аас сүүлийн жилүүдэд тууштай бодлого баримталж мөрийн хөтөлбөр, зорилтдоо нэгэн зүйлийг тусгаж ирсэн. Энэ нь иргэдээ орлого, боломжид нь тулгуурлан өрх айлд санхүүгийн хүнд дарамт учруулахгүй байдлаар орон сууцжуулах “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрөө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө багтаасан. Мөн мөрийн хөтөлбөрөө “Та бидний хот” гэж нэрлэсэн. Үе үеийн хотын удирдлагууд хотдоо “хоноцын сэтгэл”-ээр хандаж байсан нь нууц биш. Дөрвөн жил болоод би явчих юм чинь гэсэн сэтгэлгээтэй байсан. Барьж аваад, хамтдаа зүтгээд шийдвэрлэчих асуудлууд зөндөө л бий. Тэр бүх асуудлыг шийдэхгүй байгаа нь ингэж бодоход хүргэж байна. Тухайлбал, бороо болгоны дараа хотын гудамж талбай усаар дүүрч хүмүүс тэр усыг нь гатлах гэж бие биенээ үүрч, дүүрч, гутал хувцсаа норгож байна. Энэ асуудал зөвхөн энэ зун тохиолдож байгаа асуудал биш шүү дээ. Яагаад шийддэггүй юм бэ. Хэдий болтол иргэд бороо болгоны дараа “уртын харайлт” хийж явах ёстой вэ. Энэ мэтээр олон зүйл байна. Хүүхдүүд тоглож байгаад амь нас нь эрсддэг тохиолдол их байна. Би “Аз жаргалтай Улаанбаатар”-т гэхээсээ илүү “Аюулгүй Улаанбаатар”-т амьдармаар байна.
- Орон нутагт, бүх тойрогт төлөөллөө нэр дэвшүүлэх үү. Нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтын тухайд тодруулахгүй юу?
-Улсын хэмжээнд бүх тойрогт нэр дэвшүүлнэ. МАХН нь улс төрийн соёлтой, том нам. Нэр дэвшүүлэх ажиллагаа намын дүрмийн дагуу явагдаж анхан, дунд шатны байгууллагуудын дэмжиж баталснаар нэр дэвшигчид тодорно. Ер нь нийтлэгээрээ баримтлах зарчим нь ёсзүйтэй, хариуцлагатай, чадвартай гишүүдээ нэр дэвшүүлнэ.
-Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг МАН шинээр баталсан. Хууль, эрх зүйн орчны тухайд асуудал байна уу?
-НИТХ-ын сонгууль энэ удаа томсгосон тойргоор явагдаж байгаагаараа онцлог. Сурталчилгаа явуулах хугацааг их бага буюу 14 хоног байхаар хуульчилсан байна. Энэ хугацаанд шинээр улс төрд орж байгаа залуучууд өөрийгөө таниулах, иргэдэд бодлого зорилтоо бүрэн ойлгуулах боломж хязгаарлагдмал болно. Энэ нь эргээд таньдаггүй бурхнаас, таньдаг чөтгөр дээр гэдэг зарчмаар сонголт явагдах гээд байна. Мөн энэ удаагийн ээлжит бус чуулганаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн батална. Бүх шатны Засаг дарга нарыг шууд томилдог тогтолцоонд шилжүүлэх асуудал яригдаж байгаа. Үүнийг би буруу гэж үзэж байна. Ер нь цаашид Засаг дарга нараа иргэд өөрсдөө сонгодог, муу ажиллавал эгүүлэн татдаг тогтолцоонд шилжих хэрэгтэй.
-Өнгөрсөн УИХ-ын сонгуульд та өрсөлдсөн. Шударга сонгууль болоогүй талаар ярьж байна. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд хэр итгэл найдвар тавьж байгаа вэ?
- Би УИХ-ын сонгуулийн хамгийн залуу нэр дэвшигч байсан. Туршлага хуримтлуулсан сонгууль байлаа. Сонгууль шударга бус болсон талаар иргэд их л ярьж байна. Санал худалдаж авсан гэх яриа ч тойрог бүр дээр байна. Удахгүй болох орон нутгийн сонгуульд ийм асуудал гарахгүй байхыг үгүйсгэхгүй. Ер нь саналыг тань худалдаж авах оролдлого хийж байгаа буюу анхнаасаа л шударга бус өрсөлдсөн хүн шударга ажиллана гэж байхгүй. Үүнийг л иргэд сонгогчид маань ойлгож, сонголтоо хийх хэрэгтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.8.20 ПҮРЭВ № 160 (6385)