Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл бол “сенсаци биш баримт” хөөдөг. Энэ утгаараа байгуулагдсанаасаа хойшхи хугацаанд цөөнгүй сэдвийг хөндөж, сэтгүүл зүйн үүргээ биелүүлж ирсэн.
Тэдгээрийн нэг нь УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын ЖДҮХС-д гар дүрсэн хэрэг юм.
Энэ хүрээнд манай нэгдэл нь 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Г.Занданшатар, Д.Хаянхярваа, Д.Тэрбишдагва, Я.Санжмятав, З.Нарантуяа, Ш.Раднаасэд, Б.Саранчимэг, Н.Цэрэнбат, Л.Энх-Амгалан, Х.Баделхан, Д.Дамба-Очир, Б.Жавхлан, Б.Ундармаа, Б.Баттмөр нарын ЖДҮ-гийн асуудалтай хэрхэн нэр холбогддог талаар нийтлэл бэлтгэж хүргэсэн. Мөн ЖДҮ-гийн асуудалд бусад гишүүнд ч шүүмжлэлтэй хандаж ирсэн.
Бидний олж нийтэлсэн зарим түшээгийн талаарх факт баримтаас сөхвөл:
-УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн тухайд “Тэгэхэд “УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд” гэж бичүүлээд “Төгсбилэг ээ, чи Раднаасэд гишүүнтэй холбогдоод компанийнх нь нэрийг аваарай” гэжээ. Тиймээс ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг цаасан дээр “Раднаасэд-холбогдох” гээд анхаарлын тэмдэгтэйгээр тэмдэглэж авсан байна. Тэрээр удалгүй УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн гар утас руу нь залгаж ярьсан байна. Тэгэхэд нь Ш.Раднаасэд гишүүн “Ирээд уулзаадах” гээд Төрийн ордны зүүн талын “Пума империал” төвийн нэгдүгээр давхрын кофе шоп-д уулзахаар товлосон байна. ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг эрхэм гишүүний дуудсан ёсоор нь тэр даруй хүрч очжээ. Тэгэхэд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Гэга” ХХК, “Алиман төгс буян” ХХК, бас нэг компанийн нэрийг өгсөн байна. Гэхдээ тэрээр “...“Гэга” ХХК, “Алиман төгс буян” ХХК-иуд санхүүжилтэд заавал багтана шүү. Харин үлдсэн нэг компанийг нь боломжийг харж байгаад санхүүжилтэд багтаачихмаар байна” гэж анхааруулжээ”
-УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн тухайд “Дараахан нь ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгийг Төрийн ордонд явж байхад нь УИХ-ын гишүүн Б.Саранчимэг тааралдаад “Танай сайдын өгсөн чиний 9911....... дугаар холбогдохгүй байна. Ямар дугаар дээр байна вэ” гэж асуусан байгаа юм. С.Төгсбилэг 8888...... дугаараа хэлэхэд утсан дээрээ тэмдэглэж аваад “Би сайдтай чинь ярьчихсан. Манай нөхдүүдийн төслийн материал их сайн байх ёстой. Би авах ёстой юмаа авна. Танай сангийнхан санхүүжилтийн дүнг их хасдаг гэсэн шүү. Тэгмээргүй байна шүү” гэжээ”
-УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн тухайд “Шалгаруулалтын дараа М.Мөнхдөл ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгтэй уулзаад “Даргын заавал санхүүжүүл гэсэн төслүүд яагаад багтсангүй вэ. Миний өөрийн төсөл шалгарч байгаа бол хоёр хоршооны төсөл яг адилхан материал юм чинь тэнцэх ёстой шүү дээ. Дарга их бухимдаж байна. Ямар нэг аргаар зохицуул” гэсэн байна. Ингэхэд нь ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг “Б.Батзориг сайдаас Л.Энх-Амгалан даргын бичиг ирсэн. Бид журмын дагуу ажиллана. Дарга чинь уурласан ч тушаал нэгэнт гарсан тул одоо ямар ч боломж байхгүй. Өөрийн чинь тушаал гарсан юм чинь хоёр хоршооны төсөл шалгаруулаагүй асуудлыг та өөрөө даргадаа хэл” гэж хэлээд явуулжээ. Гэтэл дараа нь хэд хэдэн удаа ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгийн ажлын өрөө рүү утасдаж, бас туслахаар нь дамжуулж “Л.Энх-Амгалан дарга холбогд, ирж уулз” гэж хэлүүлжээ. Тэгэхэд нь ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг очиж уулзаагүй байна. Тэгж байтал 8811….. дугаараас С.Төгсбилэгийн утсанд “УИХ-ын дэд дарга ирж уулз гэхээр уулзахгүй байгаа юм байна. Гадуурхаад, үл хүндэтгээд байгаа юм уу. Одоо дарга гадаад явах гэж байгаа тул яаралтай холбогд” гээд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн 8811…… дугаарыг явуулжээ”
-УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн тухайд “2017-2018 он солигдох үеэр УИХ-ын гишүүн Б.Жавхлан С.Төгсбилэг рүү утсаар залгаж “…ХХААХҮЯ-наас ярьж магадгүй шүү” гэж хэлжээ. Удалгүй ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат С.Төгсбилэг рүү яриад анкет, материалыг нь авсан байгаа юм. Хэд хоногийн дараа “…АТГ-аас урьдчилсан мэдүүлэг хянуулах шаардлагатай. Тэндээс тэнцсэн хариу ирвэл томилогдох боломж гарч болохоор байна” гэжээ. Хэд хоногийн дараа “боломж” гарч, сайд тушаал гаргаж С.Төгсбилэгийг ЖДҮХС-гийн захирлаар томилсон байна. Өөрөөр хэлбэл, сайд Б.Батзоригийн хувьд С.Төгсбилэгийг өмнө нь таньдаггүй байсан. ЖДҮХС-гийн захирлаар томилогдсон үеэс нь таньдаг болсон байгаа юм. Ийм учир шалтгаантайгаар УИХ-ын гишүүн Б.Батзориг “Жетте майнинг” ХХК нь мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төслөөр 800 сая төгрөг, “Пример инвестмент групп” ХХК нь арьс ширний үйлдвэрийн төслөөр 900 сая төгрөг авсан байна. ...УИХ-ын гишүүн Б.Жавхлан нь “Пример инвестмент групп” ХХК, “Жетте майнинг” ХХК-иудад зээл олгуулахын тулд Б.Батзориг сайдаар дамжуулж болон өөрөө шууд ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг рүү утсаар ярьж хэлжээ”,
-УИХ-ын дарга Г.Занданшатарын тухайд “ЖДҮХС-гийн төсөл сонгон шалгаруулах комиссын хүмүүс “Жигүүр богд” ХХК-ийн төсөлд зээл олголгүй үлдээсэн байна. Уг нь тус сангаас 450 сая төгрөг хүссэн “Жигүүр богд” ХХК нь ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир хоёроор яриулсан байжээ. Сайд нь ЖДҮХС-гийн захиралдаа тэднийг “Чухал хүмүүс шүү” гэж онцлоод зээлийг нь бүтээхийг даалгажээ. Гэсэн ч “Жигүүр богд” ХХК нь Монголбанкны зээлийн мэдээллийн санд “Муу” үнэлгээ бүхий бүртгэлтэй, хар дансанд нь орчихсон байжээ. Бас их хэмжээний зээлийн үлдэгдэлтэй гэсэн тэмдэглэл ч байсан байна. Тиймээс сайдыгаа хэлэх бүрт нь Монголбанкны мэдээллийн санд ямархуу бүртгэлтэй талаар нь хэлж, уг мэдээллийг хэвлэж танилцуулж явсаар зээлээс хасч орхисон байна. Дараа нь намрын төсөл сонгон шалгаруулалт явагдаж байх үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгийг өрөөндөө дууджээ. Д.Энхбат түүнд “ЗГХЭГ-ын даргын ирүүлсэн компанийн нэрс, тэмдэглээд ав” гээд гар утсандаа мессежээр ирсэн нэрсийг өгчээ. Тэр үед ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатараас ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбатад “Жигүүр богд” ХХК, “Кайф тест” ХХК, “Үлэмж номин” ХХК, “Эрдэнэс” ХХК, “Хөх цэнхэр нуур” ХХК, “Ди Жи Монгол” ХХК, “Путь” ХХК гэсэн компаниудын нэрс ирсэн байжээ. Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат тэр үед ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгт “Зайлшгүй шалгаруулахыг хүссэн “Путь” ХХК, “Хөх цэнхэр нуур” ХХК, “Ди Жи Монгол” ХХК гэсэн гурван компанийг заавал шалгаруулаарай. Бусдыг нь орхичих” гэсэн байгаа юм. Ийм учраас дээрх гурван компани шалгарч санхүүжилт авчээ” гэж нийтлэлүүд бичсэн байдаг.
Ерөнхийдөө өнгөрсөн УИХ-д сууж байсан нэлээд олон гишүүн ийм маягаар ЖДҮ-гийн гэх асуудалд холбогдчихсон.
Гэтэл тухайн үед биднийг ийм нийтлэлүүдийг олон нийтэд хүргэлээ гэж шүүх, хуулийн байгууллагаар далайлгах, худлаа мэдээлэл хүргэсэн гэж мэдэгдэл гаргах байдлаар харлуулах үйл ажиллагаа, дарамт шахалт улстөрчдийн зүгээс ирж байлаа.
Гэвч цаг хугацаа шалгаж, ийм асуудал болсон нь үнэн байна гэдгийг шүүх байгууллага тогтоолоо.
УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Б.Ундармаа, Б.Батзориг нар хорих, торгох ял шийтгүүлэв.
Энэ хэрэг дуусаагүй. Холбогдсон улстөрчдийг шүүх ажиллагаа үргэлжилж байна.
Харин энд нэг анхаарал татсан явдал бий. Шүүхээр шийтгэгдсэн хүмүүстэй яг адилхан байдлаар ЖДҮХС-гаас “зээл” авчихсан нөхдүүдийн дийлэнх нь ял зэмгүй, тэр ч байтугай сайдын суудлаар шагнуулчихсан тууж явна. Үүнийг олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд анхааралтай харж л сууна.
Энэ явдал нь шударга ёс, ёс суртахуун ярьсан өнөө цагийн төрийн эрх баригчдын хаагуур нь зөрж өнгөрөөд байгаа нь тун ойлгомжгүй болоод байгаа юм. Ялангуяа Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн өнгөрсөн хугацаанд илэрхийлж байсан байр суурь өнөөдөр хаачив гэдгийг нийгэм нэхэж байна.
Тэрээр 2019 оны наймдугаар сарын 19-нд “Хулгай хийнэ, хүн амины, хүчингийн хэрэгт холбогдоно, концессдоно, ЖДҮ-днэ ер нь бүх юмыг хийж байгаа. Ийм төр байж болохгүй”, 2020 оны дөрөвдүгээр сарын 13-нд намынхаа бүлгийн хурал дээр “ЖДҮХС-гаас зээл авсан, шалгагдаж байгаа, хууль зөрчсөн УИХ-ын гишүүдийг намаасаа сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэж мэдэгдэж байсан.
Тэгвэл ЖДҮ-чидтэй төр өнөөдөр байж л байна. Бас ЖДҮ-чид УИХ-д нэр дэвшсэн. Сонгогдсон. Нэр дэвшүүлээгүй үлдээсэн ЖДҮ-чдийн нэг хэсэг нь шоронд явж, нөгөөдүүл нь сайд хүртэл болжээ.
Иймээс ЖДҮ-чдэд “төр”, “хууль” хоёрын хэн нь ялгавартай хандаад байна вэ гэдэг машид ойлгомжгүй байна.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.8.19 ЛХАГВА № 159 (6384)