Б.ДАМДИН-ОЧИР

 

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль өнгөрөөд ердөө хоёр сар болж байна. Энэ сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулж, МАН-ын дарга У.Хүрэлсүх тасархай оноо авч байв.

Зарим ажиглагчид “...У.Хүрэлсүхийн нэр хүндээр МАН ялалт байгууллаа” гэх дүгнэлтийг ч хийж байсан юм.

Ялсан МАН, түүний дарга У.Хүрэлсүх сонгуулийн дараах засгаа эмхлэх, томилгоо хийх ажлаа яралзтал эхлүүлсэн. Өөрөө Ерөнхий сайд болж, ойр шадруудаа, зарим “дарга”-ын захиа даалгавартай нөхдийг албанд томилов.

Гэвч засаг байгуулагдахаас эхлээд л ирийсэн 62 гишүүн талаас илүү нь гомдож туниснаа энд тэнд зарлаж явах болсон юм. Энэ одоо даамжирчээ. Нам дотор нь бас асуудал гараад эхэлсэн дуулдаад байдаг болсон. Хэдийгээр У.Хүрэлсүхийг хэвлэлээр юм уу, цахим сүлжээгээр, бас өөрөө шууд гарч ирээд шүүмжилчих зоригтон төрөөгүй ч халаасандаа “салаавч”-тай хүн МАН-д олон болжээ.

Яагаад ийм дээрээ тулав аа. Монголын түүхэнд сүүлийн 20 жилд байгаагүй өндөр нэр хүндтэй удирдагч төрөөд байсан нь ердөө хоёрхон сарын дотор юу болоод уначихав аа.

Хариултыг У.Хүрэлсүхээс бусад нь харж  байна, мэдэж байна.

Гурван шалтгаан бий.

Нэгдүгээрт, “...ЖДҮ-чдэд хариуцлага тооцно” гэсэн дайчин ам нь таг чиг болсон. Тэр ч байтугай нэг хэсэг нь сайд болж, нөгөөдүүл нь шоронд орох зэргээр ар, өврийн хүүхдүүд шиг байдал бий болсон.

Хоёрдугаарт, зарим Төрийн нарийн бичгийн дарга, нэр бүхий агентлагийн дарга нарын томилгоо МАН-ынхны дургүйцлийг төрүүлсэн.

Гуравдугаарт, албан тушаалын хуваарилалт, томилгоог У.Хүрэлсүх өөрөө болоод түүнийг тойрсон хэдхэн хүн хийх болсон.

Эдгээр нь нийлээд У.Хүрэлсүхийг дарангуйлагч болгож харагдуулж эхэлсэн гэдгийг МАН-ынхан ярьж байна. Өөрөөр хэлбэл, “...Би бүгдийг шийднэ” гээд бусдыгаа сонсдоггүй аархал нь дарангуйлал болж хувирч байгаад намынхан нь таагүй хандаж байна. Улмаар МАН доторх иймэрхүү байдал нь савнаасаа хальж эхлэв бололтой.

Тэр нь У.Хүрэлсүхийн нэр хүнд “гэрлийн хурд”-аар унаж байгаагаас харагдана. Учир нь судалгааны байгууллагуудын ажлын дүн УИХ-ын сонгуулийн өмнөхөн хийсэн дүнгээс огт өөрийг үзүүлж эхэлж байгаа тухай мэдээлэл байна.

Удахгүй судалгааны байгууллагуудын улирлын дүнгүүд ил болно. Түүгээр энэ бүгд харагдана.

Гуравхан сарын дараа Орон нутгийн ээлжит сонгууль болох гэж байна. МАН-ын дарга нэгэнт гарсан өндөрлөгөөсөө уруудаж эхэлсэн байдаг.

МАН-ын даргын нэр хүнд УИХ-ын сонгуулиар намынхаа авсан дүнд нөлөөлсөн гэдэг нь ортой бол Орон нутгийн сонгуулийн дүнд ч бас нөлөөлж таарах вий.

Улс төр гэдэг маш хатуу дэвжээ байдаг. Дэмжээд гаргаж ирдэг, ялуулдаг. Түлхээд унагадаг, хөөдөг. Ийм л юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.8.18  МЯГМАР № 158 (6383)