Ч.ЗОТОЛ

УИХ дахь МАН-ын бүлэг  дөрвөн асуудал хэлэлцсэн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.  

Бүлгийн гишүүд УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх  Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөл, 2020 оны улсын төсвийн тодотгол, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийг шинэчлэсэн найруулгыг тус тус хэлэлцсэн байна. Энэ хүрээнд  гурван ажлын хэсгийг байгуулсан.  Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн ажлын хэсгийг  Л.Энх-Амгалан гишүүн, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийн ажлын хэсгийг  УИХ–ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар,   2020 оны улсын төсөвт тодотгол хийхтэй холбоотой ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан ахалж ажиллах юм байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг өнгөрөгч дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын есөн гишүүн санаачлан боловсруулсан. Энэ удаа хуулийн төслийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар ахална. Түүнчлэн бүлгийн хурлаар хэлэлцсэн өөр нэг  асуудал нь бүлгийн дэд даргаар  УИХ-ын гишүүн С.Амарсайханыг  сонгосон гэж  МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ.

ЭХ СУРВАЛЖ:WWW.POLIT.MN