Ч.ЗОТОЛ

УИХ  ээлжит бус чуулган нээлтээ хийж, үргэлжлүүлэн  зарим хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ удаагийн чууганаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай  тогтоолын төслийг хэлэлцэж батлах юм. 

Ээлжит бус чуулганы нээлтэд  УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ хямралыг давах санхүү, эдийн засгийн бодлогыг тодорхойлох нэн хариуцлагатай үе хэмээн онцолсон.

Мөн тэрээр “Төр засаг, иргэд аль аль нь зээлийн хүүг бууруулж, банкны салбарын шинжлэлийг эхлүүлэхэд санал нэгдсэн. Иймээс ажлын хэсэг гарч судалгаа, танилцуулга бэлдэж байгаа.  Улс орноо өөд нь татах, иргэдийнхээ амьдралыг тэтгэх шинэчлэлийн шинэ зорилтыг  тунхагласан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслийн эрх зүйн хувьсгалыг үргэлжлүүлэх нь энэхүү чуулганы нэг зорилго юм.

Хоёр сарын дараа аймаг, нийслэлийн сонгууль болохтой холбогдуулан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хууль нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн батлахаар төлөвлөж байна. Бүхэлдээ энэ удаагийн чуулган та бидний сонгогч түмэндээ амласан амлалт, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, ойрын жилүүдийн улсын санхүү, эдийн засгийг удирдан чиглүүлэх, ойрын жилүүдийн бодлогыг тодорхойлоход чиглэгдэх болно. Үүний төлөө сайд нар УИХ-д тангараг өргөсөн гэдгээ санаж, аргацааж буй ард түмнийхээ төлөө зориглож ажиллах ёстой. Салбар бүрт шинэчлэлт, өөрчлөлт хийж сайн цаг, сайхан амьдралыг төвхнүүлнэ гэсэн ард түмнийхээ итгэлд гал асаах зорилт энэхүү чуулганаар эхлэх ёстой” гэсэн юм.

Ээлжит бус чуулган үдээс хойшх хуралдаанаар  2020 оны төсөвт тодотгол хийх, 2019 оны төсвийн гүйцэтгэлийн төслүүдийн анхны хэлэлцүүлгүүдийг хийж байна. 

 

ЭХ СУРВАЛЖ:WWW.POLIT.MN