Ч.ЗОТОЛ

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасч эцэслэн баталсныг өдгөө дагаж мөрдөж байна. Тэгвэл АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ  “Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хуулиар хязгаарлах гэж байгааг  УИХ дахь АН-ын бүлэг  эсэргүүцнэ.  Яг энэ асуудалд Ерөнхийлөгч 2020 оны тавдугаар сарын 26-ны өдөр Үндсэн хуульд хэсэгчилсэн  хориг тавьсныг бид дэмжинэ. Ер нь аливаа хууль зөрчсөн, хууль бусаар, олонхиороо дулдуйдсан ажиллагааг бид засч залруулахын төлөө явна. Хуулиа барьж ажиллахыг эрх баригчдаас шаардана. Өмнө байсан хуулийн заалтуудыг ямар нэгэн хэмжээгээр хаах боох, олонх болсондоо эрдэх байдлыг Ардын нам  гаргаж байна. Ингэж болохгүй, хууль барьж ажиллах, иргэдийн амьдралыг дээшлүүлэх, эдийн засгаа сайжруулах олон асуудлыг шийдэх хэрэгтэй” гэж мэдэгдлээ.

Өмнөх Үндсэн хуульд Монгол Улсад Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ гэж заасан байсан. 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрх, Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргах эрхийг тус тус хүчингүй болсонд тооцохоор хуульчилсан. Тухайлбал, зарлиг гаргаж болох ч Ерөнхий сайд гарын үсэг зурснаар зөвшөөрөгдөхөөр хуульчлан баталсан юм.

Тэгвэл Ерөнхийлөгч  өнгөрсөн тавдугаар сард  хууль санаачлах эрхээ хадгалж үлдэхээр хориг тавьсан. Үүнийг УИХ дахь АН-ын бүлэг дэмжсэнээр Төрийн тэргүүний хууль санаачлах эрхийг сэргээж чадах болов уу.

Эх сурвалж: www.polit.mn