Ч.ЗОТОЛ
АН-ын бүлэг мэдээлэл хийх үеэр Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр хэлэхдээ “1992 онд шинэ Ардчилсан Үндсэн хууль батлагдаж, түүний дагуу нийт нутаг дэвсгэр, түүн дээр байгаа засаг захиргааны нэгж, түүний удирдлагыг сонгох тухай хуулийг батлан 30 шахам жил мөрдөж ирсэн. 2004 онд уг хуульд багахан хэмжээний засвар оруулсан. Өнгөрсөн тавдугаар сарын 25-наас эхлэн дагаж мөрдөж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага үүсч байгаа. Энэ хууль бол Үндсэн хуулийн дараа орох маш том хууль. Нэрнээс нь аваад үзсэн ч Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүнийг удирдаж байгаа бүх шатны асуудлыг зохицуулдаг эрхзүйн гол бичиг баримт юм.
Энэ хууль батлагдсанаар Монгол Улсын 300 гаруй хуульд ямар нэгэн хэмжээгээр өөрчлөлт орох тооцоо, судалгаа байгаа юм. Тиймээс Үндсэн хуулийн дараа орох энэ том хуулийг ээлжит бус чуулганаар яаран сандран хэлэлцэх нь буруу. Түүн дотроо зарим зүйл, заалт нь Үндсэн хуулийн заалтуудтай зөрчилдөж байгаа нь байж болохгүй. Энгийн жишээ татахад, аймаг, сум, баг, хороо гэхчлэн нутаг дэвсгэр, түүний удирдлага, тухайн нутаг яаж хөгжих вэ, ямар үзэл баримтлалтай байх вэ гэдгийг хамгийн сайн мэдэх хүмүүс бол тэр нутагт амьдардаг иргэд, албан байгууллага, төрийн болон ТББ, тухайн газарт нийгмийн харилцаанд орж байгаа хүмүүс хамгийн сайн мэддэг. Тэгэхээр тэр хүмүүс ирэх он жилүүдэд сонгуулийн циклийн хугацаанд ямар нам эвсэл, ямар хүн ямар ажлдыг хийж чадах вэ гэдгийг өнгөрсөн болон одоо хийж хэрэгжүүлж ирсэн ажлыг нь дүгнэж цэгнэж, ямар хүмүүсээ ажиллуулах вэ гэдгээ сонгох нь нутгийн өөрөө удирдах ёсны хамгийн том эрх мэдэл гэж үзэж байна. Үндсэн хуульд ч үүнийг зааж өгсөн байдаг.
Үндсэн хуулийн 60 дугаар зүйлд тухайн нутаг, дэвсгэрийн Засаг даргыг сонгохдоо ард иргэдээс сонгогдсон ИТХ –аар шийдвэрлэдэг. ИТХ бол тухайн нутаг дэвсгэрийн иргэдээс сонгогдсон бага ард түмэн гэсэн үг. Эндээс бид энэ хүнийг Засаг даргаар томилуулах хүсэлтэй байна гэсэн шийдвэрээ гаргаж, баталж өгнүү гээд Засгийн газрын тэргүүнд албан бичгээр ханддаг. Тэгвэл уг хуулийн шинэчилсэн найруулгаар дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд аймгийн Засаг даргад нэр оруулж болно гэж байгаа. Мөн аймгийн Засга дарга нь доод шатны Засаг даргад нэр оруулна гэдэг нь тухайн ард түмний бодол санаа, хүсэл эрмэлзлэлийг боогдуулсан ийм үйл явдал гэж үзэж байна. Дээр нь энэ шинэчилсэн найруулгыг Орон нутгийн сонгуулийн өмнө УИХ-д оруулж ирээд ээлжит бус чуулганаар батлах гэж байгаа нь буруу үйлдэл. Яагаад гэвэл, энэ том хуулийг сонгуулийн үйл явдал, улс төрйин үйл явцтай давхцуулан ойлгох ямар ч боломжгүй. Цаашдаа Монгол Улсын хөдөө орон нутаг, аймаг, сум, багууд дараагийн он жилүүд, ирэх 5-10 жилд ямар байх вэ гэсэн суурь хуулийг ирэх аравдугаар сарын 15-нд болох гэж байгаа Орон нутгийн сонгуулийн өмнө хийх гэж байгаа нь улс төржилтийг орон нутагт бий болгоно. Иймээс учир дутагдалтай. Тухайлбал, ямар ч сайн хүн байгаад би Засаг дарга хийж чадахгүй юм байна, аймаг, орон нутгийн удирдлагын нэрийг дээрээс өгөх юм байна гэсэн ойлголтыг ард түмний сэтгэлзүйд өгөх гэж байна. Энэ тэгэх боломжгүй, Их ард түмнээс сонгогдсон Бага ард түмэн буюу ИТХ-аас төрийн байгууллагад уламжилж, тэр нь тодорхой үе шатны хуулийн байгууллагуудын шаардлагыг хангасан Ерөнхий сайдын ч, тухайн ард түмний ч шаардлагыг хангасан хүн шат, шатны Засаг даргыг хийх нь илүү зохимжтой гэж үзэж байна. Хамгийн гол нь энэ хуулийг шинэчлэх нь зайлшгүй, гэхдээ заавал ээлжит бус чуулганаар яаран сандрах хэлэлцэх нь буруу юм. Намрын чуулганаар оруулж, улс төрийн өнгө аясгүйгээр нямбай хандаж, тухайн нутаг дэвсгэрийн хөгжлийг, ирээдүйг хэн удирдвал, аль намын бодлого шийдвэр манай нутагт илүү амилах вэ гэдгийг харж шийдэх том хууль гэдэг талаас хэлэлцэх хэрэгтэй гэж үзэж байна” гэлээ.
ЭХ СУРВАЛЖ:WWW.POLIT.MN