Т.САЙХАН
Нийслэлийн АН-ын хороо Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ Нийслэлийн Сонгуулийн хороонд хүргүүллээ. Нийслэлийн АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа энэ үеэр байр сууриа илэрхийллээ.
Тэрээр " Улс төрийн нам зөв боловсон хүчнээ олж нэр дэвшүүлж чадвал ялалт байгуулах боломжтой гэж би боддог. АН-аас нийслэлийн ИТХ-д 45 нэр дэвшигч өрсөлдөх ёстой. Нэр дэвшилтийг бид өөрсдийн дотоод журмын хүрээнд зохион байгуулна.
Мажоратори тогтолцоо байгаа тохиолдолд мөнгөний асуудал байнга яригддаг. Одоогийн сонгуулийн тогтолцоо томсгосон мажоратори. Хуульдаа ч заачихсан, нэр дэвшиж байгаа хүн бүр ухуулагч авах ёстой. Танилцуулга, хэвлэл материал, мөрийн хөтөлбөрөө тараах үүрэгтэй. Сурталчилгааны самбар тавих ёстой гэх мэт хуулинд бичсэн зардал байгаа. Дээрээс нь Аудитын газраас зардлын дээд хэмжээг заачихсан. Тэгэхээр тодорхой хэмжээний зардал гарна. Зардал өөрөө ил тод байж нам эрүүл байна.
100 сая гэдэг юуны өмнө пиар байсан. Тэгээд ч сонгуульд 100 битгий хэл сая төгрөг зарцуулдаг. УИХ-ын сонгуульд нэг нэр дэвшигч 400-600 ухуулагч авч ажиллуулж байх жишээтэй. 21 хоногийн сурталчилгаанд маш их зардал гарсан. Үүнтэй адилаар аймаг, орон нутгийн сонгуульд өрсөлдөхөд зардал гарч л таараа. Тэр зардлыг ил тунгалагаар л гаргаж, нам дотроо зохицуулна.
Мөрийн хөтөлбөр иргэндээ ээлтэй бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн байх ёстой. Бид тийм мөрийн хөтөлбөр боловсруулсан. Өнөөдөр хотын асуудал гэж тусдаа үүссэн. Дэлхийн хүн амын 70 орчим хувь нь хот, суурин газарт амьдарч байна. Монгол Улсын хүн амын 67 хувь нь аймаг, нийслэлд амьдарч байгаа. Тиймээс энэ нөхцөл байдалтай уялдсан хөгжлийн бодлого хэрэгтэй. Тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэх гарц шийдлийг бид санал болгох ёстой. Тэгэхийн тулд АН төрийн үйлчилгээг цомхон болгох, хялбаршуулахыг зорино. Цахимжуулах бодлого явуулна.
Түгжрэл бууруулах асуудлыг олон талаас нь судалж үзсэн. Улаанбаатарт зорчиж байгаа автомашины хурдыг нэмэгдүүлэх асуудал. Бид машины тоо нэмэгдэж байгаагийн хэрээр шинэ зам нэмж барьж чадаж байгаа бил үү. Гэх мэт асуудлыг шийдэх ёстой. Том шийдэл гэвэл метро ч гэдэг юм уу илүү холын бодлого хэрэгтэй.
1990 оноос хойш АН нийслэлд нэг удаа л ялалт байгуулж, дөрвөн жил удирдсан. Энэ хугацаанд маш олон ажлыг хийсэн, төсөл хэрэгжүүлсэн" хэмээлээ.
Эх сурвалж:www.polit.mn