Ч.ЗОТОЛ

 

Монголчууд төр түших  хүнийг угшил гарвал, суурь хүмүүжил, мэдлэг боловсрол гээд олон талаас шинждэг. Түүнд дөхөх нь, бас  дутах нь ч бий. Дундажийг барьсхийн томилох нь ч байна. Тамга барьсан сайд нарыг хэн хүнгүй ийнхүү шинждэг. Засгийн газрын энэ удаагийн  томилгоо  нүдээ олсон, эсэх нь 100 хоногоосоо эхлэн тооцогдох биз. Гэхдээ ээлжит томилгоог өнгөлж буй эмэгтэй сайдыг нэрлэвэл А.Ариунзаяаг онцлох  хүн олон байх болов уу.

Сайд болохын  өмнө тэрээр  Үндэсний статистикийн хороог даргалж байсан. Түүх сөхвөл түүний  өвөө Ерөнхий сайд агсан П.Жасрай  Статистикийн газрын дэд даргаар төрийн албаны гараагаа эхэлж байсан  түүхтэй.  Үүгээр зогсохгүй   А.Ариунзаягийн ээж, эгч нь  мөн энэ байгууллагад ажиллаж байж. Тэгэхээр тэр  удам дамжсан статистикчдын үргэлжлэл юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг өмнө нь янз бүрийн мэргэжлийн хүмүүс удирдаж ирсэн. Сайн, муугаар бишгүй  хэлүүлж явсан. Өмнөх сайд С.Чинзоригийн үед  энэ салбарын  ажлын үзүүлэлт эрс дээшилсэн. Тиймээс түүнийг үргэлжлүүлээд сайдаар ажиллах болов уу гэсэн хүлээлт байсан. Гэвч шинэ томилгоогоор тус салбар статистикч сайдтай боллоо. 

А.Ариунзаяаг  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдоход   УИХ 94.3 хувийн саналаар дэмжин баталсан. Угшил гарвал, суурь хүмүүжил, мэдлэг боловсролын талаас түүнд дутах юм үгүй. Харин ч илүүрхэх  зүйл олон байгаа нь ийнхүү томилогдоход нь давуу тал  болсон байх талтай.

Тэрээр 1996-1999 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн төгссөн.  ХБНГУ-д коллеж, 1999-2005 онд ХБНГУ-ын Хановерийн их сургуульд улс төр, нийгэм, түүх судлалаар мастер, 2014-2015 онд Удирдлагын академид төрийн захиргааны менежментээр магистрын зэрэг хамгаалжээ.

Түүнийг богино хугацаанд  төрийн болон улс төрийн ажлын чамгүй туршлага хуримтлуулсан гэлцдэг.Тэр нь  ч үнэн.  2005-2013 онд “Монгол даатгал” компанид хүний нөөц, даатгалын менежер,  2013 оноос МАН-ын  Намын байгуулалт, стратеги, төлөвлөлтийн газрын даргаар ажилласан.

Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын дарга, Нийгэм, эдийн засгийн бодлогын даргын албыг тус тус хашиж  байгаад  2016-2020 онд Үндэсний Статистикийн хорооны даргаар томилогдсон. Ази, Америк,  Номхон далайн орнуудын үндэсний тооллого, статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэгийн тэргүүний сонгууль албыг давхар хашдаг. Харин одооноос эхлэн   тэрээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хэмээн дуудуулахын зэрэгцээ энэ салбарын бодлогыг тодорхойлох эрхэм  үүргийг  хүлээж авлаа. Ажлаа хүлээж авсан эхний өдрөө тэрээр яамныхаа үүдэнд номын сан байгуулсан. Харин ажиллах зарчмын тухайд   “Халамжаас хөдөлмөр лүү шилжих зарчим баримтлан ажиллана” хэмээн байр сууриа товч  илэрхийлсэн  байсан. Яаж, ямар арга замаар гэдэгт мэдээж салбарынхаа  бодлогыг тодорхой болгож, төсөл хөтөлбөр боловсруулж дэвшүүлэх биз ээ.

Үндэсний статистикийн  газрыг даргалж байсны хувьд тэр хамгийн их судалгаатай, мэдээлэлд ойр  сайд. Яагаад нүдээ олсон томилгоо гэж олон нийт алга ташин   хүлээж авч буйн  үндэс ч ойлгомжтой.  П.Жасрайн зээ охин гэдгээс  илүү  статистикч  болохоор  нь итгэж найдсаных  байх.

А.Ариунзаяа өмнө нь   “Би статистик мэдээлэл эрж хайгаагүй ч энэ тоонууд намайг олоод ирдэг” хэмээн хэлсэн нь бий. Монгол эмэгтэйн тухайд  гэхэд  “Монгол эмэгтэйн дундаж өндөр нь 157 см, дунджаар 76 насалдаг, жин нь дунджаар 59 кг, таван эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой. Дунджаар 24 насандаа гэрлэж, хоёроос гурван хүүхэд төрүүлдэг. Бидний 580 мянга нь ажилтай. Дунджаар 800 мянган төгрөгийн орлоготой. 4,9 хувь нь өрх толгойлсон. Бараг гурван эмэгтэй тутмын нэг нь буюу 31.2 хувь нь бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн судалгааны дүн гарсан. Хот суурин газрын эмэгтэйчүүд дотнын хамтрагчийн хүчирхийлэлд ихээр өртөж, энэ үзүүлэлт Улаанбаатарт амьдардаг эмэгтэйчүүдийн дунд хамгийн өндөр буюу 62.1 хувь байна” хэмээн  сэтгэл өвдөм тоонуудыг тэр гаргаж тавьж  байв. Эрчүүдийн талаар хийсэн энэ мэт судалгаа ч бас бий. Монгол Улсын, өнөөгийн нийгмийн, хөгжлийн, хүн амын, хот, дүүрэг, аймаг, сумдын бүхий л асуудлыг  эрхэм сайд сайн мэдэж байгаа. “Энэ  судалгаануудыг хараад уйлмаар  санагдсан” хэмээн хэлсэн үг нь  цагаан дээр хараар бичээстэй бий. Одоо тэр судалгааны дүнг хараад уйлах биш  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт  бодлого  тодорхойлж хэрэгжүүлэх  эрхтэй сайд болсон. Төлөвлөгөөгөө хэрхэн хэрэгжүүлэхийг   харах л үлдлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.8.13  ПҮРЭВ № 155 (6380)